2500 гаруй оюутан залуус Эерэг хандлага-эрүүл оюутан өдөрлөгт нэгдлээ
Засгийн газраас “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар”-ын аянг жил бүрийн есдүгээр сард холбогдох байгууллагуудтай хамтран өрнүүлж хэвшсэн. Энэ ажлын хүрээнд Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэн, ЗГХА Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар хамтран өчигдөр буюу мягмар гаригт “Эерэг хандлага-Эрүүл оюутан” өдөрлөгийг Бөхийн өргөөнөө зохион байгууллаа. 

 
Өдөрлөгт Хөдөлмөр нийгэмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Монголын их дээд сургуулиудын консорциумын Ерөнхийлөгч Т.Хэрүүга, НҮБ-ын Хүн амын сан, ДЭМБ-ын төлөөлөгч нар оролцож, мэдээлэл хийлээ. 
 
Монголын нийт хүн амын 8%-ийг бүрдүүлэгч оюутнуудын эрүүл мэнд яагаад чухал вэ, өнөөдөр ямар түвшинд байна. Цаашид юуг илүү анхаарах хэрэгтэй вэ гэдэгт эрүүл мэндийн болон холбогдох байгууллагууд хариулт өгч, оюутан залууст эерэг хандлагаар, эрүүл ирээдүй бий болгоход чиглэсэн зөвлөгөө мэдээллийг хүргэсэн арга хэмжээ болсон юм. 

 
Мөн “Эрүүл мэнд-Эрхэм баян”, “Өглөөний цайг ууж хэвшье”, “Эрүүл идэвхитэй дасгал”, “Гэр бүл төлөвлөлт”, “Өсвөр үе, залууст ээлтэй клиник”, “БЗДХ, сүрьеэ, сэтгэл гутрал, зам тээврийн ослоос сэргийлье” лекц, шинэ залуу үеийн урлагийн тоглолт, оюутны идэвхитэй хөдөлгөөнд уриалсан хөгжөөнт тэмцээн зэргийг 2500 гаруй оюутан халуун дулаан уур амьсгал дунд зохион явууллаа. 
 
Уулзалтаас хийсэн сурвалжлагаа хүргэе. 

   Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр:  “Эерэг хандлага-Эрүүл оюутан” өдөрлөгт ирсэн оюутнуудаас нийгмийн даатгал гэж юу вэ, жилдээ хэдэн төгрөг төлөх вэ хэмээн асуухад хоёр минутын хугацаанд нэг л оюутан бүрэн бус хариулт өгч байна. Энэ нь Засгийн газраас оюутан залуус руу чиглэсэн бодлого, арга хэмжээ, үйл ажиллагааны талаар мэдээлэлгүй байгаа нь харагдаж байна. Нөгөө талаас төрийн үйлчилгээг хүртээмжтэй бүрдүүлж чадахгүй байна гэсэн үг. Тэгэхээр өнөөдрийн арга хэмжээ оюутан залуусыг танин мэдүүлэх зорилгоор зөв цагтаа боллоо гэдэгт итгэлтэй байна. Оюутан залуусын эрүүл мэндээс гадна ажлын байр, орон сууц, тогтвортой орлого гэх мэт тулгамдаж буй нийгмийн олон асуудал байна. Энэ бүхнийг шийдвэрлэх зорилготой “Орлоготой оюутан” хөтөлбөр, сургуулиа төгсөөд ажлын байртайгаа уялддаг болох зэрэг оюутан залуусаа төрийн зүгээс дэмжих бодлогыг засгийн газраас боловсруулсан. Удахгүй УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ. Монгол орны өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа янз бүрийн асуудалтай 27 мянга гаруй залуу байна. Асуудлыг зөвхөн даргын ширээний араас биш амьдрал дээр ямар байна гэдэгт өөрсдийнх нь дуу хоолойг сонсож шийддэг болсон. 

  ЗГХА, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх: Өнөөдрийн өдөрлөгийн гол зорилго нь “Эрүүл биед саруул ухаан” гэсэн үндсэн ойлголтыг залуусдаа хүргэх, цаашлаад эрүүл мэндийн даатгалын шимтгэлтэй холбоотой асуудалд оюутнуудаа уриалах юм л даа. Засгийн газрын “Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2016 оны хэмжээг тогтоох тухай” 13 тоот тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1% буюу сарын 1920 төг, жилд 23040 төгрөгөөр тооцож төлнө. Та нэг лааз шар айраг авах мөнгөөр эрүүл мэнддээ томоохон хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг. Ингэж эрүүл мэндийн даатгалд хамрагдснаар жилдээ хоёр сая төгрөгийн тусламж, үйлчилгээ авах боломжтой. Энэ нь оюутнуудынхаа эрүүл мэндэд тустай төдийгүй нийгмийн даатгалын санд  ч нэмэртэй сайн үйл. Өнөөдөр дөрвөн хүн тутмын нэг нь архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж байна. Мөн 15-24 насны эрэгтэй 25%, эмэгтэй 14% нь тамхи татдаг гэсэн судалгаа бий. Үүнээс гадна оюутнуудын дунд эрсдэлт өвчлөл өндөр үзүүлэлттэй байгаа зэрэг нь зайлшгүй анхаарах шаардлагатай. Оюутан залуус гэдэг бол нийгмийн гол түүчээ, оюуны зүтгэх хүч. Энэ утгаараа эерэг хандлага гаргаж чадвал ирээдүйд эрүүл чадварлаг боловсон хүчин, гэр бүл бий болох нөхцөл боломж бүрдэнэ гэж үзэж байна.

  Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэнгийн захирал Б.Цогтбаатар: 2015 оны эрүүл мэндийн үзүүлэлтээр зонхилон тохиолдох БЗДХ-аар өвчлөгсдийн 43,4 хувь 15-24 насныхан, үр хөндөлт хийлгэж байгаа эмэгтэйчүүдийг насны бүлгээр авч үзвэл 20-иос доош насны 5,1 хувийг, 20-34 насных 70 хувийг эзэлж байна. Мөн оюутан залуусын дунд хоол боловсруулах замын эмгэгүүд, сүрьеэ, улирлын чанартай амьсгалын замын өвчлөл түгээмэл тохиолддог. Энэ асуудлууд бүгд эрсдэлт хүчин зүйлүүдтэй л холбоотой. Монгол улсад эрэгтэйчүүдийн 49 хувь, эмэгтэйчүүдийн 5 хувь нь тамхи татдаг гэсэн судалгаа байдаг. Эндээс 14 хувь нь эмэгтэй оюутнууд байна. Хоол боловсруулах эрхтэн системийн эмгэгийн хувьд олон зүйл ярих хэрэгтэй болно. Оюутнууд өглөө хоосон гардаг, өдөр түргэн хоолны газраар хооллодог. Үүнээс үүдэж ходоодны үрэвсэл, шархлаатай болж байна. Эрүүл мэндийн байгууллагын гаргасан тооцооллоор өдөртөө тухайн оюутан 2400-2600 калори энергийг хоолноосоо авахад боломжийн гэж үздэг. Энэ түвшинд барьвал эрүүл, зөв хоололт болно. 




  БХИС-ын Аюулгүй байдлын 1а ангийн оюутан Д.Дамдинхүү: Оюутнууд эрүүл байхын тулд юун түрүүнд зөв хооллохоос эхлэх хэрэгтэй гэдгийг өнөөдрийн өдөрлөгөөс мэдэж авлаа. Энэ төрлийн мэдээллийг гэрийнхэн болон цахим орчноос олж хардаг байсан. Оюутнуудын хувьд санхүүгийн эх үүсвэргүй учраас ихэвчлэн түргэн хоолны газраар болгочихдог. Энэ буруу юм байна шүү. Одооноос эрүүл мэнддээ анхаарч өөртөө болон бусдадаа зөв хандлага, хувь нэмрээ оруулцгаая гэж оюутан залуучууддаа уриалмаар байна.









  "Мөрөөдлийн театр” продакшны жүжигчин Г.Алтаншагай: Залуучууддаа хандаад спиртлэг биш спортлог, тамхичин биш тамирчин байцгаая гэж уриалмаар байна. Мөн ДЭМБ-ын судалгаагаар өглөөний унд хүнд 25 хувийн эрч хүч өгдөг. Харин таргалалттай хүмүүсийн 75 хувь нь өглөөний цайгаа уудаггүй гэсэн тооцоо гаргасан байна. Тиймээс өглөөний ундаа заавал ууж хэвшицгээе гэж хэлмээр байна.










  “Мотив” хамтлагийн дуучин Ганбаа: Гэр бүл төлөвлөлтөө хэтэрхий эрт биш, орой биш, бас хэт ойрхон биш төлөвлөе. ДЭМБ-аас эрт биш 20 наснаас доош, орой биш 35 наснаас дээш, ойрхон биш төрөлтийн хоорондын зай 3-5 жил байвал хамгийн зөв төлөвлөлт гэж үздэгийг өнөөдрийн өдөрлөгөөс мэдэж авлаа. Тиймээс залуучууддаа хайртай хүндээ үнэнч байх, зөв харилцааг эрхэмлэх, ирээдүйгээ төлөвлөж эрүүл байхыг уриалмаар байна даа. 










  МВ реппер: Залуу хүмүүс зорилготой бол эх орон ирээдүйтэй. Зорилгодоо хүрэхийн тулд харин залуус маань эхлээд эрүүл байх нь чухал. Тиймээс залуучуудыгаа өөрсдийнхөө эрүүл мэндэд анхаарч, эрүүл хүнс хэрэглэх, эрүүл мэндийн даатгалд хамрагдаж өөртөө хувь нэмрээ оруулаарай гэж уриалъя. 



 
 
 
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.