Ж.Дуламсүрэн: Баянхонгор аймаг хүүхдийн сэтгэхүй хөгжүүлэх тоглоомын үйлдвэртэй болно
“Хүүхдэд ээлтэй орон нутаг-Хүүхдийн оролцоо” сэдэвт хангайн бүсийн хүүхдийн III чуулган Баянхонгор аймгийн “Өвгөн жаргалант” зусланд зохион байгуулагдлаа. Чуулганд Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган, Орхон аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга нар болон 70 гаруй хүүхэд багачууд оролцож хүүхэд хамгаалал, оролцоо, хөгжлийн асуудлаар санал солилцохын зэрэгцээ сайн туршлагуудаасаа хуваалцсан юм.

Мөн тус чуулганд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын түр орлон гүйцэтгэгч О.Алтансүх, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам, НҮБ-ийн Хүүхдийн сангийн мэргэжилтнүүд оролцов.

Чуулганы үеэр энэ удаагийн чуулганыг зохион байгуулагч Баянхонгор аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ж.Дуламсүрэнгээс дараах тодруулгыг авлаа.


-Хангайн бүсийн хүүхдийн III дугаар чуулганыг Баянхонгор аймагт зохион байгууллаа. Энэ удаагийн чуулганы онцлогийг дурдахгүй юу?

-Баянхонгор аймаг “Хүүхдэд ээлтэй орон нутаг- Хүүхдийн оролцоо” сэдэвт хангайн бүсийн хүүхдийн чуулганыг зохион байгууллаа. Энэхүү чуулганыг 2014 онд Хөвсгөл аймагт зохион байгуулж дараагийн түүчээ аймгаар Баянхонгор аймаг сонгогдсон. Улмаар НҮБ-ийн Хүүхдийн санд санал тавьснаар санхүүжилт нь шийдэгдэж чуулганаа хоёр өдөр зохион байгууллаа. Бид чуулганаа өндөр түвшинд зохион байгуулахыг эрмэлзсэн. Мөн хоёрдугаар чуулганаар таван чиглэлээр зөвлөмж гаргасан бөгөөд нийт 48 асуудлыг тусгаж, аймгуудын зөвлөмжийн хэрэгжилтийг хэлэлцэж, арга зүйгээр хангаж ажиллалаа. Мэдээж энэ үеэр хангайн бүсийн зургаа, урилгаар оролцсон Завхан аймгийн төлөөлөгчид аймагтаа хэрэгжүүлж буй сайн туршлагуудаа хуваалцлаа. Аймаг бүр өөр өөрийн гэсэн сайн туршлагатай. Түүнчлэн хангайн бүсийн гуравдугаар чуулганд боловсролын нийгмийн ажилтнууд оролцсоноороо онцлогтой. Цаашид дөрөвдүгээр чуулганыг хийхдээ цагдаагийн байгууллага болон  шийдвэр гаргах түвшний хүмүүсийг оролцуулах нь юу юунаас чухал. Мэдээж салбаруудын хамтын ажиллагаа сайжирснаар тулгамдаж буй асуудлаа шийдэхэд үр дүнтэй.

-Баянхонгор аймгийн сайн туршлагуудаас танилцуулахгүй юу?

-Манай аймаг хоёр сайн туршлагыг санаачлан хэрэгжүүлж байна. Нэгдүгээрт, хүүхэд хамгааллын хамтарсан баг бүх сумдад ажилладаг. Ер нь гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудал тогтолцооны хувьд зөв гольдролдоо орсон. Учир нь гэр бүлийн орчинд хүн хүмүүжиж, төлөвшдөг. Тиймээс гэр бүлийн асуудлыг нэн тэргүүнд авч үзнэ.  Хоёрдугаарт, залуу гэр бүлийг цогцоор нь хөгжүүлэх ажлыг эрчимтэй хийж эхэллээ. Үүнтэй уялдуулж судалгаа хийхэд залуу гэр бүлүүд өрхийнхөө орлого, зарлагыг хянаж сурах хэрэгтэй нь ажиглагдпаа. Зах зээлийн өнөөгийн нийгэмд залуу гэр бүлүүд хуримтлалтай байх ёстой. Мөн залуу гэр бүлийн харилцааны асуудлыг тэргүүн эгнээнд авч үзэх хэрэгтэй. Тиймээс гэр бүлийн харилцааг сайжруулах тал дээр анхаарлаа хандуулахаар ажиллаж байна.

-Танай аймгийн хүүхдүүдийн оролцооны идэвх хэр байна. Дуу хоолойгоо нийгэмд хүргэж чаддаг уу?

Ер нь манай аймаг гэлтггүй нийт хүүхэд багачуудын оролцооны идэвх сайжирсан. Дуу хоолойгоо шийдвэр гаргах түвшний хүмүүст болон, нийгэмд хүргэхийг эрмэлздэг. Хүүхдүүд юу хүсэж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ тулгамдаж байгаа асуудлаа тодорхойлж, гарцыг эрэлхийлэх болсон. Манай аймгийн хүүхдийн оролцоо сайн. Оролцооны 237 байгууллагад 5900 гаруй хүүхэд хамрагдаж байна. Мөн бид хүүхдийн сэтгэхүй хөгжүүлэх тоглоомын үйлдвэр барихаар аймгийн мөрийн хөтөлбөртөө тусгасан. Ингэснээр хүүхдийг тоглоомоор дамжуулж хөгжүүлнэ.
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.