Т.Төмөртогоо: “Моннис”-ийн Г.Галбадрах гэдэг хүн  бидэнд өгч байсан түрээсийн мөнгөө нэхсэн
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн улмаас  хохирсон иргэдийн төлөөлөл мэдээлэл хийлээ. Энэ удаагийн хэвлэлийн бага хуралд БЗД-т гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж буй "Моннис", "Бүрд", "Их Өргөө" компаниудын төсөл хэрэгжүүлж буй байршилд амьдарч байсан иргэд оролцлоо. Энэ үеэр “Моннис урбан девелопмент” ХХК-д газраа чөлөөлж  өгөөд хохирсон иргэн Т.Төмөртогоотой ярилцлаа.
 

Моннис” компани гурван талт гэрээний дагуу 2015 оны долоодугаар сараас иргэдээ байранд нь оруулах байсан


-Хэвлэлийн бага хурал хийх болсон шалтгаанаа тайлбарлана уу?

- Би БЗД-ийн 14-р хороонд оршин суудаг байсан. Улмаар гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдан 2014 оны аравдугаар сард “Моннис” компанид газраа бүрэн чөлөөлж өгсөн юм. Төр засгийн үйл ажиллагааг дэмжиж хүлээн авсныхаа эцэст бид өнөөдөр орох оронгүй, гудамжинд гарч байна. “Моннис” компани гурван талт гэрээний дагуу 2015 оны долоодугаар сараас иргэдээ байранд нь оруулах байсан. Одоо жил гаруйн хугацаа өнгөрлөө. Гэтэл тус компанийн үйл ажиллагаа дөнгөж, найм, есөн давхрын ажилдаа явж байна. Бид төрд олон удаа хандаж бичиг хүргүүлсэн. Гэвч биднийг авч хэлэлцэж шийдэж өгөхгүй байна. Э.Бат-Үүл хотын дарга байхад би дөрвөн удаа бичиг өгсөн. Үр дүн олоогүй. С.Батболд дарга ажлаа авснаас хойш долдугаар сарын 27-нд мэдүүлэг өгсөн. Одоо болтол шинэ дарга биднийг хүлээн авч уулзахгүй байна. Нэн яаралтай биднийг авч уулзаж, энэ компаниудад арга хэмжээ авахыг хүсч байна. Үгүй бол бид хаана амьдрах вэ.

-Одоо та бүхний нөхцөл байдал ямар байгаа вэ?

-Маш хүнд хэцүү байна. Дан ганц байраа ашиглалтад оруулахгүй байгаа юм биш. Түрээсийн  мөнгө төгрөгөө цагт нь өгөхгүй, анх гэрээ байгуулснаасаа 50 хувь бууруулж одоо 350.000 төгрөг өгч байгаа. Нэг жил хэртэй 700.000 төгрөгөөр бодож түрээсийн мөнгө өгчихөөд эдийн засаг хүндэрлээ гэж хэлээд шууд 300.000 болгосон. Бид тэмцэж, хэл ам хийсний эцэст 350.000 төгрөг болгуулж авсан.

-Таны хувьд одоо хаана амьдарч байна вэ? Энэ мөнгө түрээсийн төлбөрт чинь хүрч байна уу?

-Эгч нь одоо гэр бүлийнхэнтэйгээ Улаанхуаранд хоёр өрөө байр түрээсэлж амьдарч байгаа. Манайх ам бүл олуулаа, нялх нойтон хүүхэдтэй болохоор нэг өрөө байранд багтахгүй. Хоёр өрөө байр түрээслэхэд 350.000 төгрөг хаанаа ч хүрэхгүй. Илүү гарсныг нь өөрөө л болгож байна.

төсөл хэрэгжүүлэгч компаниудаа буруу сонгож, эцэс сүүлд нь олон иргэнийг хохироож, өөрсдийн эхлүүлсэн сайхан ажлаа баллаад хаячихлаа



-Мэдээж хэрэг энэ хугацаанд та бүхэнд яваагүй, хандаагүй газар гэж байхгүй байх. Харин тэдгээр газрууд та бүхэнд ямар хариулт өгч байх юм?

-Үнэхээр уулзаагүй хүн гэж байхгүй. Гэр хорооллын хөгжлийн газар хонож өнжих нь холгүй явж байна. Бид үнэхээр улсаас хэрэгжүүлж буй сайхан ажлыг дэмжье л гэж газраа чөлөөлсөн. Үүл даргын эхлүүлсэн ажил  дэмжихгүй байхын аргагүй байсан. Гэвч нэг зүйл дээрээ л алдсан. Энэ бол төсөл хэрэгжүүлэгч компаниудаа буруу сонгож, эцэс сүүлд нь олон иргэнийг хохироож, өөрсдийн эхлүүлсэн сайхан ажлаа баллаад хаячихлаа. Дээрээс нь бүх эрх мэдэл  зөвхөн хотын захиргаан дээрээ төвлөрч байна. Гэр хорооллын хөгжлийн газар гэж байгуулчихаад /одоо татан буугдсан/ түүндээ ямар ч эрх мэдэл өгөөгүй. Тендерт ялчихаад ажлаа хийж чадахгүй иргэдийг хохироож байгаа компаниудад шаардлага тавихаас бус эрхийг цуцалж, хариуцлага тооцох эрх байхгүй. Одоо сүүлдээ  Моннис мэтийн компанийнхан “Гэр хорооллын хөгжлийн газар”-ынхнаас зугтдаг болж байна. Бид юу гэж үзэж байна вэ гэхээр дээгүүрээ бүх эрх мэдлээ төвлөрүүлчихээд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр компанийг сонгон шалгаруулах тендер зарлахдаа ямар нэгэн “но” оруулсан байх.
 

Моннис компанийг барилга барих зөвшөөрөлгүй юм байна гэж хэлсэн.


-Тодруулбал?

-Манай 14-р хороон дээр төсөл хэрэгжүүлэхээр шалгарсан “Моннис” гэдэг компани 10 охин компанитай. Дандаа уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани байгаа юм. Энэ компанид барилга барьж байсан туршлага байхгүй. Дээрээс нь бидэнтэй хамтран ажиллаж байсан өмгөөлөгч Моннис компанийг барилга барих зөвшөөрөлгүй юм байна гэж хэлсэн.

-Та бүхний зүгээс хамгийн сүүлд “Моннис” компанитай хэзээ уулзсан бэ? Ямар нэгэн тайлбар өгч байх юм уу?

-Би  үнэндээ гайхаж байна. Манайхан гөлөг төөрүүлж хаяхдаа хүртэл хоолыг нь бэлдэж өгчихөөд төөрүүлдэг биз дээ. Гэтэл энэ компани бидэнд хагас дутуу түрээсийн мөнгө өгчихөөд, бидний үл хөдлөх хөрөнгийг авчихаад гурван жил өнгөрөхөд тухтай ч уулзаж хариулт өгч байгаагүй. Тэр Ерөнхий захирал гээд Б.Чулуунбаатар  гэдэг хүн нь нэг удаа бидэнтэй шатан дээр тарчихаад юу ч хэлэлгүй зугтаагаад явчихсан. Хамгийн сүүлд гэвэл өнгөрсөн есдүгээр сард уулзсан байх. Тодорхой хариулт өгдөггүй, биднээс байнга зугтдаг.

-Та бүхэн цаашид юу хийх вэ? Хуулийн байгууллагад хандаж үзсэн үү?

-Бид үнэхээр цөхөрч байна. Улсаас хэрэгжүүлсэн сайхан ажлыг дэмжье л гэж бодсон. Гэтэл өнөөдөр орох оронгүй, түрээсийн жаахан мөнгийг нь хүргэх гэж  урд хормойгоо хойд хормойгоороо нөхөж, туйлын хүнд байдалтай байна. Эцэс сүүлд нь бид чөлөөлж өгсөн газраа эргүүлж аваад амьдръя гэдэг саналыг хүртэл хүргүүлсэн. Гэтэл үүний хариуд Моннисийнхэн өнгөрсөн хугацаанд  авч байсан түрээсийн мөнгөө эргүүлж өг гэж хэлсэн.

-Хэн гэдэг хүн нь тэгж хэлсэн бэ?

-Г.Галбадрах гээд  “Моннис урбан девелопмент” гээд компанийнх нь гүйцэтгэх захирал гэдэг хүн нь  яг тэгж хэлсэн. Гэтэл бид чинь хүссэндээ  үл хөдлөх хөрөнгөө эдний компанид өгөөгүй шүү дээ. 

Ярилцсанд баярлалаа
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.