Баяр наадмын зөвшөөрөлтэй автомашины явах маршрут гарлаа
Их Монгол улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар олгогдох тээврийн хэрэгслийн зөвшөөрлийн талаар НийслэлийнЗамын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх газрын дарга Цагдаагийн хурандаа Ч.Гончигсайханаас тодрууллаа.

-Үндэсний их баяр наад­маар хэчнээн төрлийн зөвшөөрөл олгогдож байгаа вэ. Зөвшөөрлүүдийг хаанаас олгох бол?

-Баяр наадмын өдрүүдээр Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг, хурдан морины бариа явах тээврийн хэрэгслүүдэд А, Ж, DК, Ү, Г, М, М зөвшөөрөл олгогдож байгаа. Эдгээр зөвшөөрлийг дөрвөн газраас олгоно. Тодруулбал,  “А” зөвшөөрлийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Ж”-г Нийслэлийн аялал жуулчлалын газар, “DК”  Гадаад харилцааны яам, “Ү” – Дүүргүүдийн худалдаа үйлчилгээний хэлтэс олгоно. Харин “М” , “М” ,“Г” зөвшөөрлийг Нийслэлийн Замын цагдаагийн газрын дүүргүүд дах Замын цагдаагийн тасгаас олгож байгаа.

-Энэ жил хэчнээн “А” зөвшөөрөл олгож байгаа вэ. Тус зөвшөөрлийн зогсоолууд хаана байх бол?

-Энэ жилийн баяр наадмаар 200 ширхэг “А” зөвшөөрлийг олгож байна.  “А” зогсоол нь хоёр талбайтай байгаа. Тодруулбал, эхний зогсоол нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн төв хаалганы баруун талд байрлана. Дээрх зогсоол руу жолооч нар орж ирэхдээ Чингисийн өргөн чөлөөгөөр Энхтайваны гүүрээр нэвтэрч, 120 мянгатын автобусны буудлын хойд уулзвараар баруун гар тийш эргэж “Оюун түлхүүр” сангийн хашаанд орж зогсох юм. Харин хоёр дахь зогсоол нь НЗЦГ-ын баруун урд уулзвараар нэвтэрч Хан-Уул дүүргийн Гандийн гудамжаар яваад “DК” зогсоолын хойд талд барилгын талбайд байрлаж байгаа.

-Төв цэнгэлдэх орох бусад зөвшөөрлийн тоон мэдээг өгөөч. Мөн зогсоолууд нь хаа­на байрлах болон зогсоолдоо хэрхэн очих вэ?

-Бусад зөвшөөрлүүдийн ху­вьд “Ж” зөвшөөрөлийг 120 шир­хэгийг олгосон. Тус зөв­шөө­рөлтэй тээврийн хэ­рэг­сэл “А” зөвшөөрлийн нэгэн адил чиглэлүүдээс ирээд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун хойд талд тэмдэгт заасан газар байрлуулна. “DК” зөвшөөрлийн хувьд 80ш ширхэгийг олгогдож байгаа бөгөөд “А”, “Ж” зогсоолын нэгэн адил замаар явж, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд тэмдэгт заасан газар байрлуулах боломжтой.

Харин “Ү”, “Г” зөвшөөрлийн нийт 3000 ширхэгийг олгоно. Тус зөвшөөрөлтэй жолооч нар НЗЦГ-ын баруун урд уулзвараар нэвтэрч Их Монгол Улсын гудамжаар яваад баруун гар тийш Нийслэлийн гудамж руу эргээд “Хурд” хорооллын урд зогсоолд очино. Мөн “Суруга Монгол” компанийн зогсоол дээр байрлуулна. Харин Чингисийн өргөн чөлөөгөөр ирж буй тээврийн хэрэгсэл Зайсангийн гудамжаар явж, Зайсангийн арын замаар Маршлын гүүр, Олимпийн гудамж, Их Монгол Улсын гудамжаар зогсоолын талбайд байрлуулах боломжтой байгаа.

-Хүй долоон худаг явах зөвшөөрлүүдийн талаар талаар?

-Нийслэлийн Замын цагдаа­гийн газрын дүүргүүд дэх Замын цагдаагийн тасгаас олгох “M” зөвшөөрлийг 3000, 1000 ширхэг зөвшөөрөл олгоно. Уг зөвшөөрлөөр зөвхөн Хүй до­лоон худаг явах юм. Эхний “М” зөв­шөөрөлтэй жолооч нар Эмээлт өртөөгөөр баруун тийш яваад Хүй долоон худаг руу эргэдэг хоёр дахь уулзвараар баруун гар тийш эргэж тэмдэгт газар тээврийн хэрэгслээ байрлуулах болно.

Дараагийн “М” зөвшөөрөлтэй жо­лооч нар Хүй долоон худаг руу эргэдэг эхний уулзвараар баруун гар тийш эргэж тэмдэгт газар тээврийн хэрэгслээ байрлуулах юм. Харин “Ү”, “Г” зөвшөөрөл авсан тээврийн хэрэгсэл Хүй долоо худагт “Ү”,”Г” гэсэн үсгээр ялгасан авто зогсоолд тээврийн хэрэгслээ байрлуулна. Уг зогсоол руу очихыг тулд Хүй долоон худаг руу эргэдэг эхний уулзвараар баруун гар тийш эргэж тэмдэгт заасан зогсоолд хүрнэ.

-Энэ жилийн Үндэсний их баярын замын хөдөлгөөний зохион байгуулалтад шинэлэг зүйл байгаа юу?

-Наадмын өдрүүдэд буюу энэ сарын 11-нээс 15-ны өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Ногоон орчин буюу авто машингүй бүсийг бүрдүүлсэн. Түүнчлэн Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худгийн морь барианы орчинд 100 метрээс дотогш тээврийн хэрэгсэл оруулахгүй байж, наадамчид явганаар чөлөөтэй баярлах нөхцөл бүрдүүлсэн байгаа. Наадамчдад зориулж Энхтайваны гүүрний урд байрлах “Шинэ өглөө”, “Хурд” хорооллын баруун, зүүн талд болон Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын хойд талд таксины зогсоол гаргасан.

Мөн баяр наадмын үеэр замын хөдөлгөөний ачааллыг бууруулах үүднээс Дүнжингарав, МишээлЭкспо худалдааны төвөөс наадамчдад үнэ төлбөргүй, буухиа чиглэлээр 18 автобус 5-10 минутын зайтайгаар, Рэйлбусын дунд голын зогсоолоос Төв цэнгэлдэх хүрээлэн рүү гурван автобус үнэ төлбөргүй үйлчилнэ гэх мэт олон зохицуулалт хийгдэж байгаа.
Монголын мэдээ
Ж.Отгонмягмар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.