“Хүүхдийн тусламжийн утас-108” төрийн үйлчилгээний төв боллоо

Сүүлийн жилүүдэд хүчирхийллийн улмаас хүүхдүүд хазуулж, зодуулсан, тэр бүү хэл амь насаараа хохирсон олон тохиолдол ил болсноор нийгмийн анхаарал “Хүүхдийн эсрэг үйлдэгдэх гэмт хэрэг”-т чиглээд буй. Энэ хүрээнд хүүхдийн эсрэг үйлдэгдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, яаралтай хамгааллын үйлчилгээ үзүүлэх зорилгоор “Хүүхдийн тусламжийн утас-108”-ын ажиллуулж буй. Энэхүү талаар “Хүүхдийн тусламжийн утас-108”-ын зохицуулагч М.Энхболдоос тодрууллаа.

-Хүүхдийн тусламжийн утас нэлээд эртнээс үйл ажиллагаа явуулж эхэлсэн гэдэг. Яг хэзээнээс хүүхдүүдийн дуу хоолойг сонсч, тэндэд туслаж эхэлсэн юм бэ?

-Яаралтай хамгааллын үйлчилгээ үзүүлэхэд чиглэсэн “Хүүхдийн тусламжийн утас-108” нь хүчирхийлэл үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилготой. Хамгааллын үйлчилгээ шаардлагатай дуудлагад бэлэн байх “Хүүхэд хамгааллын яаралтай тусламжийн алба” гэж хэлж ойлгож болно. Энэхүү утас маань өнгөрсөн наймдугаар сарын 24-ны өдөр Засгийн газрын тогтоолоор төрийн үйлчилгээний албанд албан ёсоор баталгаажиж байна. Хүмүүс энэ ажил саяхан гэнэт эхэлчихсэн юм шиг буруу ойлгоод байдаг. Гэтэл энэхүү ажил 1998 оноос үүдэлтэй маш олон хүний хүч хөдөлмөрийн үр дүнд бий болсон.

Өөрөөр хэлбэл, гэнэт шинээр санаачлаад хийчихсэн ажил биш. Өмнө нь 1998 онд “Өсвөрийн үеийн ирээдүй төв”, “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв” анх удаа хүүхдийн тусламжийн буюу Итгэлийн утас, Сэтгэлийн утас гэсэн гэсэн хоёр дугаар ажиллуулж байлаа. Харин 2001 онд тус утсыг Засгийн газар өөр дээрээ аваад, Засгийн газрын хэрэгжүүлэгч ангентлаг Хүүхдийн төлөө хороо гэдэг хүүхдийн байгууллага болгосон.

Уг байгууллага 1615 утсыг ажиллуулж, хүүхдүүдийнхээ дуу хоолойг нь сонсч, хамгаалах шаардлагатай хүүхдүүддээ үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Харин 2004 оноос энэ нь өөрчлөгдөөд “Найз утас 1979” болсон. Үүнээс хойш 2014 онд хүртэл “Найз утас 1979” нэрээр ажиллаж байгаад, төрийн яаралтай тусламж үйлчилгээний гурван оронтой дугаарыг аваад үнэ төлбөргүй, 24 цагаар, амралтгүй долоо хоногийн турш ажиллаж эхэлсэн.

-“Хүүхдийн тусламжийн утас-108” нь төрийн үйлчилгээний алба болж байгаа гэсэн. Энэ талаар тодруулаач?

-Эрх зүйн үндэс нь болохоор 2010 онд Засгийн газраас батлагдсан “Хүүхэд хамгааллыг бэхжүүлэх төлөвлөгөө” гээд дунд хугацааны стратеги төлөвлөгөөний 6.3-т заасан байдаг. Энэхүү төлөвлөгөөнд 2014 онд хүүхдийн тусламжийн утсыг гурван оронтой үнэ төлбөргүй болгоно гэсэн байгаа. Тиймээс энэхүү төлөвлөгөөнийхөө дагуу л явж байсан. Харин 2014 онд эдийн засгийн, улс төрийн гээд олон асуудлаас болоод, төсөл хэлбэрээр хэрэгжүүлж эхэлсэн.

Хүүхдийн төлөө үндэсний газар “Дэлхийн Зөн-Монгол” олон улсын байгууллага болон Мобиком компантай хамтран гурван талын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зураад, гурван жилийн хугацаатай буюу 2017 оны зургадугаар сарын 01-ны өдрийг хүртэл төсөл хэлбэрээр хэрэгжүүлэхээр болсон байдаг.

Гэтэл энэхүү төслийн хугацаа дуусахын өмнө шинэ Засгийн газар гарч ирээд “Хүүхдийн тусламжийн утас бол яг хүүхэд хамгаалалд маш хэрэгтэй зүйл байна” гэж үзсэн. Тиймээс ч санал оруулж, Засгийн газрын хуралдаанаар батлагдаад байна. Өнөөдөр“Хүүхдийн тусламжийн утас-108” албан ёсоор төрийн үйлчилгээний төв болон үйл ажиллагаа эхлүүлээд байна.

-Энэхүү үйлчилгээний төвд хүүхдүүд хандсанаар ямар тусламж үйлчилгээг авах боломж нээгдэж байгаа вэ?

-Манайд хүүхэд хамгааллын яаралтай тусламжийн үйлчилгээ гэж байгаа. Түүнчлэн хүүхдийн эрхийн зөрчлийн тухай мэдээллүүдийг хүлээн авч байна. Улмаар энэ хүрээнд хүүхдэд энэ талын хэрэгтэй мэдээллүүдээр хангаж байгаа. Мөн ямар нэгэн асуудалтай байгаа хүүхдүүддээ сэтгэл зүйн зөвлөгөө өгнө. Мэдээж сэтгэл зүйн зөвлөгөө өгч байгаа гэхээр мэргэжлийн хүн мөн үү гэдгийг хүмүүс лавладаг. Ер нь бол Монголд хүүхдийн утсны зөвлөх сэтгэл зүйч гэх мэргэжил байхгүй. Харин бид 2014 оноос хойш сэтгэл зүйчдээ сургалтад хамруулаад, мэрэгшүүлээд, чадваржуулаад л явж байгаа.

-“Хүүхдийн тусламжийн утас-108”-д хэр олон хүүхэд ханддаг юм бэ?

-Хүүхдийн хандалтын хувьд сүүлийн хоёр жил гурван сарын хугацаанд 490 гаруй мянган хандалттай байгаа. Үүнээс 340 гаруй мянга нь яг бүртгэгдсэн, бусад нь техникийн буюу шугам давахцах зэрэг шалтгаанаас болоод бүртгэгдээгүй байгаа юм. Бүртгэгдсэн дуудлага дотроос 36.3 хувь нь яг зорилтод дуудлага байсан. Өөрөөр хэлбэл, хамгааллын үйлчилгээ шаардлагатай дуудлага байсан гэсэн үг. Үлдсэн нь нэн яаралтай үзүүлэх буюу хүүхдийг аюултай эрсдэл нөхцөл байдлаас таслан зогсоох 1.7, мэдээдэл өгсөн 16.3, зөвлөгөө өгөх 9.2 хувийн дуудлагууд бүртгэгдсэн.

-Хүүхдүүдэд нэн яаралтай тусламж шаардлагатай газарт очиж, тусламж үзүүлэх зэрэгт төвийн ажилчид хүрч ажиллаж чадаж байгаа юу?

-Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцоо нь 21 аймаг, есөн дүүрэгтээ хуваагдчихсан байдаг. Тэнд нь Хүүхэд гэр бүл хөгжлийн байгууллагууд, хамгааллын мэргэжилтнүүд ажиллаж байна.

Тиймээс бид үндэсний хэмжээнд 30 төрийн нэгжид шууд хүүхэд хамгааллын асуудлаар холбогдоод, хүүхдүүддээ шаардлагатай үйлчилгээг үзүүлж байгаа. Мөн холбогдох төрийн байгууллагууд буюу МХЕГ, Нийтийн тээврийн удирдах газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гээд маш олон байгууллагууд руу холбогдоод эндээсээ зохицуулалтаа хийгээд явчихдаг.

-Энэхүү тусламжийн утасны талаар иргэд хэр мэдээлэлтэй байдаг бол. Хамгийн их лавлаж асуудаг асуулт юу байна?

-Манай утас бүрэн хүчин чадлаараа ажиллаад, хоёр жил болж байна. Олон улсын туршлагаар 5-10 жилийн дараа энэхүү утас нийгэмд танигддаг гэж ярьдаг юм билээ. Тиймээс ч “Энэ ямар учиртай утас вэ, ямар асуудлаар хандаж болох уу” гэх асуулт зонхилдог. Харин зөвлөгөөний хувьд хандаж байгаа хүүхдүүд үеийн найзуудын харилцааны асуудлаар маш их зөвлөгөө авдаг. Үүний дараа гэр бүлийн харилцааны асуудал ордог. Үүнээс нэг дүгнэлт хийж болно.

Тодруулбал, хүүхэд өөрт тулгамдаж байгаа асуудал бүртээгээ өөрөө нүүр тулдаг болсон гэсэн үг. Учир нь эцэг, эх, гэр бүл нь цаг зав муутай учир хүүхдэд үзүүлэх сэтгэл зүйн дэмжлэг багассан. Хүүхдийнхээ суурь эрхийг нь буюу хоол хүнс, өмсч зүүхээр хангаж чадаж байгаа ч сэтгэл зүйн хувьд дэмжлэг болж чадахгүй байна гэдгийг манайд ирж байгаа дуудлагуудаас бэлэхнээ харж болно. Харин хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа хүчирхийллийн ихэнхийг бие мах бодийн хүчирхийлэл буюу зодуур эзэлж байна.

Энэ нь ганцхан удаагийн зохих, зодох асуудал биш. Байнгын зодуурт өртөж байгаа нь маш их санаа зовоож байна. Энэ хүрээнд мэргэжлийн байгууллагуудын хамгийн их санаа зовоож байгаа нэг асуудал нь бэлгийн хүчирхийллийн асуудал болоод байна. Бид нэн тэргүүнд хүүхдийн бие мах бодь, сэтгэцийн эрүүл мэндэд нөхөж барашгүй хохирол учруулж болзошгүй үйлдэл бүрийн онцолж үздэг. “Хүүхдийн тусламжийн утас-108”-д мэргэжлийн хүмүүс нь энэ дуудлагыг “Халуун дуудлага” гэж ярьдаг.

Тиймээс ч энэ асуудал дээр ЦЕГ-ын дэргэдэх мэдээлэл шуурхай удирдлагын төвтэй нягт хамтарч ажилладаг. Харин ЦЕГ-тай хамтран ажиллах санам бичигт 108 утсанд ирсэн “Халуун дуудлагад” цагдаагийн алба хаагчид хамгийн түрүүнд үйлчилнэ гэж заасан байгаа. Үүнийг маш том ахиц гэж харж харж байгаа.

Мөн 101, 103, 105 гээд онцгой албадууд хүүхдийн тусламжийн 108 утаснаас ирсэн дуудлагуудад маш хурдан, шуурхай үйлчилдэг. Түүнчлэн 21 аймаг, есөн дүүрэг, бүх сум, хороод дээр ажиллаж байгаа “Хүүхэд хамгааллын хамтарсан баг” буюу Засаг даргаар нь удирдуулсан нийгмийн ажилчид ч манай дуудлагад маш сайн ажиллаж байгаа. Дашрамд дуулгахад, 2015 оны гуравдугаар сараас эхлээд хөндлөнгийн дуудлага ихэсч байгаа. Тухайлбал, “Энэ айл хүүхдээ зодоод байх шиг байна. Хүүхэд нь байнга уйлах юм” гэх зэргээр дуудлага мэдээлэл өгдөг болоод байгаа.


 Монголын мэдээ
Ж.Отгонмягмар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.