Долоо хоногийн тойм
Төр нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг энэ өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлж байна. Өчигдөр УИХ, Засгийн газрын гишүүд хөшөөнд нь хүндэтгэл үзүүлэн, цэцэг өргөлөө. Дараа нь Сүхбаатарын талбайд хүндэтгэлийн тоглолт болов.
Мөн эдийн засгийн хямралаас гарахын тулд шийдвэр гаргагчдын зүгээс доривтой алхам хийж чадахгүй хэвээр байна. УИХ-аас 2016 оны төсвийн тодотголыг баталсан ч эдийн засагт эерэг үзүүлэлт авчрах шийдвэрүүд гарч чадаагүй.  Тодруулбал,  Засгийн газрын зардлаа танах зорилгоор санал болгосон төрийн өндөр дээд албан тушаалтнуудын цалинг бууруулах, оюутны 70 мянган төгрөгийн тэтгэлгийг зогсоох, төрийн албан хаагчдын тэтгэвэртээ гарахад авдаг тэтгэлгийн хэмжээг бууруулах заалтууд чуулганы танхимд шил дараалан унасан.  Иймээс өнгөрсөн долоо хоногт Засгийн газар 155 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх үнэт цаас гаргахаар боллоо.  Тодруулбал,  өнгөрсөн долооо хоногоос эхлэн 12 долоо хоногийн хугацаатай 50 мянган ширхэг, 28 долоо хоногийн хугацаатай 100 мянган ширхэг, 52 долоо хоногийн хугацаатай 5000 ширхэг үнэт цаасыг тодорхой хугацаанд үе шаттайгаар гаргахаар боллоо.

Энэ мэт өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг хүргэе.

Ерөнхийлөгч Куба Улсад албан ёсны айлчлал хийлээ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий ассамблейн 71 дүгээр чуулганд оролцохоор явах замдаа Бүгд Найрамдах Куба Улсад албан ёсны айлчлал хийхээр энэ сарын 14-ны өдөр мордов. 
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Куба Улсын Төрийн Зөвлөл, Сайд нарын Зөвлөлийн дарга Раул Модесто Кастрогийн урилгаар 2016 оны 9 дүгээр сарын сарын 15-18-нд Бүгд Найрамдах Куба Улсад албан ёсны айлчлал хийх юм.
Монгол, Кубын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлд хөгжүүлэх тухай, мөн олон улсын харилцааны арилцан сонирхсон асуудлаар яриа хэлэлцээ явуулж, санал солилцоно.
Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Куба Улсын Төрийн Зөвлөл, Сайд нарын Зөвлөлийн дарга Раул Кастротой албан ёсны хэлэлцээ хийнэ. Раул Кастро Кубын Коммунист намын 2 дугаар нарийн бичгийн дарга, БХЯ- ны сайд байхдаа 1970 онд манай улсад айлчилж байсан билээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Гаванагийн Их сургуульд зочилж, Монгол Улсын түүх, соёл болон нийгэм, эдийн засгийн байдлын талаар лекц уншина. Мөн БНКУ-д сурч буй монгол оюутан, залуусын төлөөлөлтэй уулзах юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төлөөлөгчид Кубын генетик инженер, Биотехнологийн төвд зочилж, үйл ажиллагаатай  танилцахаар төлөвлөсөн юм.

АН-ын ҮЗХ дахин тодорхойгүй хугацаагаар хойшлов

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан энэ сарын 16-нд хуралдах тов гаргаад байсан ч тус намын Гүйцэтгэх зөвлөлөөс хуралдааныг дахин хойшлууллаа.  Тэд ирэх аравдугаар сарын дундуур  орон нутгийн сонгуулийн дараа Ардчилсан намын ҮЗХ-ны хуралдааныг хийх нь илүү зохимжтой, харин одоо орон нутгийн сонгуульд бүх хүчээ дайчлан ажиллах ёстой хэмээн үзсэн учраас ийн шийдвэрлэжээ. Гэвч намын гзарим гишүүд ҮЗХ-ны хуралдаан удаа дараа хойшилж байгаад шүүмжлэлтэй хандаж байгаагаа цахим орчинд илэрхийлээд байгаа.

Офшор бүсэд данс эзэмших, компани байгуулахыг хориглоно

Засгийн газрын лхагва гарагийн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Гишүүдээс гаргасан саналуудыг тусган хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Хуульзүй, дотоод хэргийн сайдад даалгалаа.
Төсөлд, Авлигын эсрэг хуульд заасны дагуу хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх болон нийтийн албан тушаалд томилогдохоор нэр дэвших үедээ офшор бүсэд өөрийн нэр дээр банкинд данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглох тухай тусгасан байна.

Паралимпийн наадмаас Монголчууд хос хүрэлтэй ирнэ

Бразилийн Рио-де-Жанейро хотноо Зуны XV паралимпийн наадам болж байгаа. Риод манай улсын найман тамирчин спортын таван төрөлд өрсөлдөн жүдоч Б.Ууганхүү, пауэрлифтингийн тамирчин Э.Содномпилжээ ХҮРЭЛ медаль хүртсэн бол хөнгөн атлетикийн тамирчин Г.Цогтгэрэл V байр эзэлж, Азийн рекордыг шинэчлэн тогтоолоо. Мөн байт харвааны холимог баг шилдэг дөрөвт үлдсэн амжилтыг үзүүллээ.
 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.