Райнер Адам: Нам том, жижиг нь бус үзэл баримтлал нь чухал

Иргэний зориг-Ногоон нам өнгөрсөн дөрөвдүгээр сараас Азийн Либерал Ардчилсан Намуудын Зөвлөлийг удирдахаар болжээ. Тус зөвлөл нь Германы Фрийдрих Науманн сантай нягт хамтран ажилладаг бөгөөд энэхүү сангийн  Зүүн болон Зүүн өмнөд Азийг хариуцсан захирал Райнер Адам Монголд ирээд байна. Түүнтэй Азийн Либерал Ардчилсан Намуудын Зөвлөл(АЛАНЗ-)ийн талаар болон ИЗНН тус зөвлөлд ямар үүрэгтэй оролцдог талаар ярилцлаа.

-Та манай уншигчдад өөрийгөө товч танилцуулаач?

-Би Германы иргэн. Фрийдрих Науманн сангийн Зүүн болон Зүүн өмнөд Азийг хариуцсан захирлаар ажилладаг. Азид энэ санг төлөөлөн 24 жил ажиллаж байна. Энэ бүсийн салбарт нийт 50 гаруй хүн ажилладаг бөгөөд тэднийг би хариуцдаг юм.

-Танай сан ямар үйл ажиллагаа явуулдаг, ямар зорилготой юм бэ?

-Манай сан бол Германы чөлөөт Ардчилсан намын дэргэдэх сан бөгөөд ардчиллын тухай ойлголт, ялангуяа либерал үзэл баримтлалын тухай ойлголтыг түгээн дэлгэрүүлэх зорилготой. Товч тодорхойлбол “Эрх чөлөөний төлөө” сан юм. Тус сан Германы парламентаас санхүүждэг, үйл ажиллагаагаа олон нийтэд нээлттэй явуулж тайлагнадаг, 60 гаруй жилийн өмнө байгуулагдсан. Бид үйл ажиллагаагаа ХБНГУ-аас гадна олон улсын хэмжээнд явуулдаг. Энэ хүрээнд бүс нутаг хариуцсан зөвлөлүүд ажилладаг бөгөөд нийт 55 оронд үйл ажиллагаа явуулж байна.

-Тэгэхээр бүс нутаг бүрт олон салбартай гэсэн үг үү. Тухайлбал, Азийн салбарууд аль орнуудад байна вэ?

-Зүүн болон Зүүн өмнөд Азийг хариуцсан төв нь Тайландын Бангкок хотод байрладаг. Манай зөвлөлийн салбар Солонгос, Филиппин, Турк, Вьетнам, Тайланд, Ханой, Мьянмар, Камбожид бий. Гэхдээ тухайн улс орон бүрт зориулсан хөтөлбөр байдаггүй. Тухайн орны онцлогоос хамаарч  бид олон төрлийн байгууллагатай түншилдэг. Түүгээрээ дамжуулан либерал ардчилсан үзлийг түгээх үйл ажиллагаа явуулдаг. Жишээ нь, либерал намууд, төрийн бус байгууллагууд, чөлөөт эдийн засгийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд бий. Тэдэнтэй хамтран бүс нутагтаа сүлжээ байгуулан ажиллаж байна. Харин АЛАНЗ бол бүс нутгийн хэмжээнд олон улсыг хамруулсан өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг. Манай сан АЛАНЗ-тэй нягт хамтран ажилладаг, тэдний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг юм.

-АЛАНЗ ямар зорилго чиглэлтэй байгууллага юм бэ?

-Азид ардчилал, эрх чөлөөний үзэл тодорхой төвшинд хөгжиж, олон оронд энэ үзэл баримтлалыг үйл ажиллагааныхаа үндсэн чиглэл болгосон  намууд үүсч бий болсон. Эдгээр намууд чөлөөт зах зээл, хүний эрх чөлөөний талаар харилцан мэдээлэл солилцох, энэ тухай мэдлэг боловсролыг түгээх ажлыг хийх хэрэгцээ шаардлагын дагуу АЛАНЗ-ийг байгуулсан байна. 1994 онд Филиппин, Тайланд, Тайвань, Өмнөд Солонгос, Сингапур зэрэг улс тус зөвлөлийг үүсгэн байгуулсан. Одоо тус зөвлөлд Азийн 12 улс багтаж байна.

-Та энэ удаад ямар зорилгоор ирэв?

-ИЗНН 2011 онд Либерал интернейшлийн жинхэнэ гишүүн болсон нь бидний анхаарлыг нэлээд татсан. Саяхан энэ нам АЛАНЗ-ийг удирдахаар боллоо. Тиймээс ИЗНН-тай бид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлье гэдэг үүднээс хандаж байна.

-Тэгвэл ИЗНН тус зөвлөлд ямар үүрэг оролцоотой ажилладаг юм бол?

-ИЗНН 2007 оноос тус зөвлөлд ажиглагчийн статустай элссэн бөгөөд 2011 онд АЛАНЗ-ийн жинхэнэ гишүүн болсон, энэ зөвлөлд хамаардаг төв Азийн цорын ганц нам юм. Энэ нь маш их ач холбогдолтой. Учир нь Монгол Улс азийн хэмжээнд ардчилсан үзэл санааг хөгжүүлэхэд олон оронд үлгэр жишээ болохуйц орон юм. Үзэл баримтлал ойролцоо намууд нэгдэж ажилладаг улс төрийн байгууллагын үйл ажиллагаанд идэвхитэй, санаачлагатай оролцон ажиллаж ирсэнийг үнэлж гишүүн намууд итгэл хүлээлгэн 2014-2016 онд тус зөвлөлийг удирдах эрхийг Монголын ИЗНН-д олгон сонгон баталсан нь энэ намын үйл ажиллагаа, нэр хүнд олон улсад өндөр байгааг батлан харуулж байна.

ИЗНН харьцангуй жижиг нам ч гэлээ дэвшилттэй шинэ үзэл санаануудыг дэвшүүлж эх орондоо хэрэгжүүлдэг орчин үеийн нам юм. ИЗНН хувь хүний эрх чөлөөг хангахын төлөө гол үзэл баримтлалаа чиглүүлдэг ч сүүлийн үед хүний эрх чөлөөг байгаль орчинтой уялдуулж хүн төрөлхтний ирээдүйн хөгжлийн суурь болсон ногоон хөгжлийн үзэл баримтлалыг бас нэг тулгуураа болгосон. Энэ бол маш том цогц бодлого гэж бодож байна. Тухайн намын том, жижиг нь бус тээж байгаа үзэл баримтлал нь хүмүүст хэр хүртээмжтэй, хэрэгтэй вэ гэдэг чухал юм.

-ИЗНН тус зөвлөлийг удирдах нь ямар ач холбогдолтой вэ?

-Зүүн болон Зүүн өмнөд Азид байгаа либерал ардчилсан бүх намын үйл ажиллагааг нэгтгэж удирдана гэсэн үг. Ер нь чөлөөт зах зээл рүү шилжсэн бодлого баримтлаад зөв хэрэгжүүлбэл Азийн олон оронд маш их хэрэгтэй, сургамж болох үйл ажиллагаа явуулж чадна гэж найдаж байгаа. Либералууд чөлөөт зах зээлийг өргөн хүрээнд авч үздэг. Зах зээл дээр бий болсон баялгийг хуваарилахад хандах хандлага нь өөр байдаг. ИЗНН либерал үзэл баримтлал болон чөлөөт зах зээл, эдийн засагт хандаж буй хандлага нь Азийн хөрш орон болон бусад оронд үлгэр жишээ болно.

-Азийн либерал үзэл­тэй намуудын төлөвшил ямар хэмжээнд байна?

-Азид харьцангуй цөөн тооны либерал нам бий. Энэ нь азийн орнуудын түүх, соёл, хөгжлийн онцлогтой холбоотой. Зүүн болон Зүүн өмнөд Азид 10 гаруй нам либерализмийн үндсэн үзэл санаатай. Тухайн намын нэр нь чухал биш зорилго, бодлого, үйл ажиллагаа нь либералд чиглэсэн байх ёстой. Энэ зууныг Азийн зуун гэж нэрлэдэг. Сүүлийн 20 жилд Азийн орнууд маш үсрэнгүй хөгжиж хүмүүсийн амьдрал харьцангуй дээшилсэн. Энэ бүс нутагт либерал үзэл баримтлалтай намууд амжилттай ажиллаж байна.

-Ийм жишээ орон хаана байна вэ?

-Дэлхийн либерал улс төрийн бодлогын сонгодог жишээ бол Филиппин улс юм.Олон жил тус улсыг “ Азийн өвчтэй хүн” гэж хэлдэг байлаа. Ийм “өвчтэй хүн” өсч дээшилж чадахгүй гэж ярьдаг байсан. Гэвч сүүлийн хэдэн жил АЛАНЗ-ийн гишүүн Филиппиний  либерал нам сонгуульд ялж Засгийн эрхийг авсан цагаас иргэддээ боломж, эрх чөлөөг олгож, чөлөөт зах зээлийг дэмжин ажилласнаар эдийн засаг нь богино хугацаанд сэргэж, амжилттай хөгжиж байна. Одоо тус улсын эдийн засаг нэлээд хурдтай өсөж буй орны тоонд ороод байна.

-Азийн либерал ардчилсан намуудын зөвлөл чухам юу хийдэг юм бэ?

-Нам бүр өөрийн гэсэн арга туршлагатай байдаг. Намуудын төлөөлөл уулзахдаа харилцан ярилцаж нэгнийхээ туршлагаас хуваалцдаг. Улс төрийн тэмцлийг хэрхэн хийх, түүнийг яаж удирдах, сонгуульд хэрхэн оролцох, тухайн орондоо либерал үзлийг хэрэгжүүлэхэд ямар бэрхшээл байна, түүнийг хэрхэн даван туулах тухайд харилцан суралцдаг. Суралцахаас гадна харилцан бие биенээ дэмждэг. Либерал үзэлтэй намуудыг Засгийн эрхийг барих болон сөрөг хүчин болсон үед нь яаж дэмжих вэ гэдгээ ярилцдаг. Ингэж ажиллах нь хэн хэнийх нь ажилд дэмтэй. Либерал бол эрх чөлөөний онол. Энэ онолд суурилсан харилцаа, нөхөрлөл гэж хэлж болно.

-Танай холбооны хамгийн ойрын зорилго юу вэ?

-Сонгуульд хэрхэн бэлдэх, нэр дэвшигчдээ яаж хөгжүүлэх, боловсон хүчний мэдлэг чадварыг дээшлүүлэх, анхан шатны байгууллагын ажилчдыг сургах талаар ажиллана. Ардчилал бол нийгмийн өгөгдөл биш. Нийгмийн өөрчлөлтийн явцад заримдаа унаж бас босдог. Энэ бүгдээс сургамж авч цаашид хэрхэн хөгжих тухайд бие биенээсээ суралцана.

М.ЦЭЦЭГ
ЗУУНЫ МЭДЭЭ

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.