Мөнгөний бодлогоо чангаруулах нь эдийн засгаа аврах цорын ганц гарц уу

УИХ-ын дарга З.Энхболдын чуулганыг хааж хэлсэн үгийг хэвлэлүүд өнөөдрийг хүртэл онцолсоор байна. Тэрээр “ ... Гадаад валютын орлого төсөөлж байснаас илүү багасч, төсвийн орлого төвлөрүүлэлт тасалдаж, бодит салбарт олгосон зээлийн чанар муудах төлөвтэй байна. ... Иймээс макро эдийн засгийн бодлогоо хатууруулах чиглэлд бодлого хэрэгжүүлж, эрэлтийг хязгаарлах шаардлага тулгарч магадгүй. Зээл олголтыг хязгаарлах нь бодит эдийн засагт, тэр тусмаа иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хүнд тусна гэдгийг ойлгож байгаа ч, эдийн засгаа бүхэлд нь хямралд оруулахаас арай дээр хувилбар гэж үзэж байна” хэмээн хэлсэн юм.  

Харин түүний энэхүү байр суурийг зарим УИХ-ын гишүүд дэмжих өнгө аястай байгаа юм. Тодруулбал, Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч асан УИХ-ын гишүүн С.Ганбаатар “ханш болон инфляцийн өсөлтийг барьж байхын тулд мөнгөний бодлогыг чангалах хэрэгтэй. Ажлын байрыг аврах гэж байна гээд байдлыг улам хүндрүүлж, эдийн засгийн хямралыг гааршуулж болохгүй. Эрсдэлтэй ч зоримог шийдвэрийг зарим үед гаргах нь зөв алхам бодлог. Тиймээс 10 ажлын байрын 3-ыг нь золиослоод богино хугацаанд эдийн засгаа сэргээх нь чухал” гэж тайлбарлаж байна.

 

Эрсдэлтэй ч зоримог шийдвэрийг зарим үед гаргах нь зөв алхам бодлог. Тиймээс 10 ажлын байрын 3-ыг нь золиослоод богино хугацаанд эдийн засгаа сэргээх нь чухал

Өөрөөр хэлбэл Эдийн засгаа сэргээхийн тулд цомхотгол хийж, мөнгөний бодлогоо чангаруулах нь зөв гэдгийг С.Ганбаатар гишүүнээс гадна С.Одонтуяа, Ж.Энхбаяр нар дэмжлээ. Харин УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл чангаруулах шаардлагагүй гэж үзэж байгаа аж. Тэрээр одоогийн энэ нөхцөлд мөнгөний бодлогоо чангаруулах нь оновчгүй. Түүний оронд төсвийн урсгал зардлаа сайтар хумьж, илүү зардлаа танах нь зөв юм. Харин бодлогын хүүг нэмэх нь эдийн засагт төдийгүй бизнесийн идэвхжилт, үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, зээлийн хүү өсөх сул талууд ажиллагдаж байна гэж тайлбарлалаа.


Харин мэргэжилтнүүд болон судлаачид мөнгөний бодлогоо чангаруулах нь үнийн өсөлтийг сааруулах, имфляцийг боломжит түвшинд барих зэрэг нааштай үр дагавартай гэж үзэж байна. Үйлдвэрлэл хөгжөөгүй энэ үед мөнгөний хатуу бодлого нь зөв байдаг. Өөрөөр хэлбэл эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд инфляци өсөхгүй байх учиртай бөгөөд мөнгөний нийлүүлэлт бага байх шаардлагатай. Гэхдээ мөнгөний хатуу бодлого макро түвшинд хэрэгжүүлэх нь зөв гэдгийг МУИС-ийн багш, доктор Л.Оюун онцолсон байна.

Ер нь мөнгөний бодлогыг хатууруулах нь богино хугацаанд эрсдэлтэй боловч макро түвшиндээ урт хугацааны эрсдэл, хүндрэлээс хамгаалах боломжийг бүрдүүлж чадна гэж байр суурийг эдийн засагчид барьж байна. Өөрөөр хэлбэл мөнгөний бодлогоо чангаруулах явц нь тав арван жилийн турш үргэлжлэхгүй зүйл учраас иргэдэд ачаа хүндрэл тусах нь бага гэж үзэж байгаа аж.

Энэ бүгдийн эцэст үнийн тогтвортой байдлыг хангах, валютын ханшийг буулгахын тулд мөнгөний бодлогыг чангаруулах нь зөв гэдэгт албаныхан нэгдмэл байр суурьтай байна. Гэвч энэ нь иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлөх үр дагавартай. Гэхдээ багахан хүндрэлээр урт хугацааны хүндрэлийг давж болох найдвартай гарц нь мөнгөний бодлогоо хатууруулах гэж ойлгогдохоор байгаа юм.  

Ами
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.