Хөрөнгө оруулагчдийн итгэлийг хэрхэн сэргээх асуудлаар уулзалдав
Ерөнхий сайдын захирамжийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан байна. Энэ ажлын хэсэг нь төрийн захиргааны байгууллагуудын зүгээс хөрөнгө оруулагчид, баялаг бүтээгчдэд хууль бусаар дарамт, шахалт үзүүлсэн байдлыг хянан шалгаж, дүгнэлт гаргаж ажиллах юм. Ажлын хэсэгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, АТГ, Гаалийн ерөнхий газар, Сангийн яам зэрэг яам, агентлагийн төлөөлөл багтаад байгаа. Уг ажлын хэсэг өнөөдөр МҮХАҮТ, Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзан хөрөнгө оруулагчид, аж ахуй эрхлэгчдэд төрийн захиргааны болон хуулийн байгууллагаас хууль бусаар дарамт учруулсан , хүнд суртал гаргасан, үндэслэлгүйгээр мөрдөн шалгах зэргээр эрх ашгийг нь хохироосон асуудлын талаар санал солилцлоо.

 Уулзалтыг нээж Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт хэлэхдээ “2012 онд Монголд орж ирсэн хөрөнгө оруулалт 4.4 тэрбум ам.доллар байсан бол 2015 оны 0.1 тэрбум ам.доллар болж эрс багассан. 2016 оны эхний хагасын байдлаар 36 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн нь 2012 онтой харьцуулахад даруй 120 гаруй хувиар буураад байна. Энэ нь зөвхөн дотоодын хууль эрх зүйн орчин, төрийн байгууллагуудын тодорхойгүй байдлаас болсон гэхэд өрөөсгөл. Гэхдээ тодорхой хэмжээгээр төрийн байгууллагуудын дарамт, шахалт хөрөнгө оруулагчдыг үргээж байгаа” гэлээ. Мөн тэрбээр Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас мэдээлснээр гадаадын 200 гаруй иргэн Монгол Улсаас гарах эрхээ түр хугацаагаар хасуулсан байна. Энэ иргэд ямар нөхцөл байдлын улмаас зорчих эрхээ хязгаарлуулсан бэ, хууль бус ямар нэгэн дарамт, шахалт орсон уу, үгүй юу гэдгийг ажлын хэсэг эхний ээлжинд шалгах ажил явагдаж байгааг дуулгалаа.

Энэхүү уулзалтын үеэр МҮХАҮТ, Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны төлөөлөгчид Төрийн зүгээс хууль эрх зүйн орчинг маш тодорхой болгох хэрэгтэй сануулж байсан юм. Мөн гадны хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулах сонирхол байгаа ч хууль эрх зүйн орчин тодорхой байдлаас болж ойлгомжгүй байдлууд их үүсч байна. Төрийн нийтийн хамааралтай хуулийг баталж, улсын өмчийн Засгийн газар, УИХ, АНН, хувь хүмүүс ямар хэмжээнд эзэмшиж ашиглах вэ гэдгийг тодорхой болгох хэрэгтэй байгааг хэлж байв. Мөн татварын орчноо тогтвортой болгох тал дээр анхаарал хандуулах хэрэгтэй байгааг хэлж байлаа.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.