Өрийн таазны дарамтад оруулахгүй Хөрөнгө оруулалтын сан
Томоохон үйлдвэрүүд байгуулъя гэвэл урт хугацаатай, хүү багатай хангалттай хэмжээний хөрөнгө шаардлагатай. Гэвч үүнийг банк санхүүжүүлэх боломжгүй. Тэгвэл энэ томоохон төслүүдэд хөрөнгө оруулалтын сангаас санхүүжилт хийх боломжтой. Хөрөнгө оруулалтын сан гэдэг нь хэд хэдэн, эсвэл нэлээдгүй олон хүний их хэмжээний мөнгөөр хөрөнгө оруулалт хийдэг байгууллага. Сайн судалгаа, шинжилгээний үр дүнд үндэслэн зөв төсөлд хөрөнгө оруулж чадвал маш богино хугацаанд үйлдвэрлэлийн салбарыг босгож чаддаг байна. Үүний хэрээр эдийн засгийн өсөлт хурдасна, тогтворжино гэсэн үг юм.

Тэгвэл Энэ сарын эхэнд Засгийн газрын хуралдаанаар “Хөрөнгө оруулалтын сан” үүсгэн байгуулах тухай асуудлыг хэлэлцээд дэмжлээ. Үүнтэй холбогдуулан Олон улсын санхүүгийн байгууллагатай хэлэлцээр хийж хөрөнгө оруулалтын сангийн эхний үе шатыг хэрэгжүүлэх зорилгоор 100 сая ам.долларын хэмжээтэй санхүүгийн амлалт гаргахыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрлөө. Эхний үе шатны ажлын хэрэгжилтийн үр дүнд олон улсын санхүүгийн байгууллагын санхүүгийн амлалтын хэмжээ 200 сая ам.долларын хэмжээнд хүрсэн тохиолдолд Засгийн газарт танилцуулж, санхүүгийн амлалтыг хэрэгжүүлэх эх үүсвэрийг батлуулахыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд даалгалаа.
Харин хөрөнгө оруулалтын санг амжилттай хөгжүүлэхэд юуны өмнө маш сайн хууль эрх зүйн орчин байх ёстой. Тогтвортой, тодорхой эрх зүйн орчингүйгээр хөрөнгө оруулалтын сангийн салбарыг хөгжүүлэх боломжгүй. Тиймээс ч УИХ Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг 2013 оны 10 дугаар сард баталсан бөгөөд цаашид хэрэгжилтийг хангаж ажиллах нь санхүүгийн зах зээл, хөрөнгө оруулалтын орчин, макро эдийн засгийн нөхцөл байдалд эерэг нөлөө үзүүлэхээр байна. Мөн Эдийн засгийг эрчимжүүлэх зөвлөлөөс эдийн засгийн үр ашигтай хөгжлийн санхүүжилт хийх “Хөрөнгө оруулалтын сан” үүсгэн байгуулах тухай зөвлөмж болгосон тул Хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах ажлыг эхлүүлэхэд эхний ээлжинд Засгийн газар тус санд Хөгжлийн банкаар дамжуулан хөрөнгө оруулах урьдчилсан шийдвэр гаргах шаардлагатай гэж үзжээ. Энэ шийдвэрийн үндсэн дээр анхдагч хөрөнгө оруулагчаар оролцуулж болох олон улсын хөгжлийн банкуудтай яриа хэлэлцээг эхлүүлэх юм. Засгийн газраас Хөрөнгө оруулалтын санд оруулах хөрөнгө оруулалтын хэмжээтэй адил дүнг бусад хөрөнгө оруулагч нар оруулах бөгөөд санг үүсгэн байгуулах үйл явц 3 сар орчим үргэлжилнэ гэж тооцоолж байна.

Хөрөнгө оруулалтын санг байгуулснаар Засгийн газраас оруулсан хөрөнгийн дүнг хөшүүрэг болгон ашиглаж бусад хөрөнгө оруулагч, хөгжлийн банкнаас хамгийн багадаа 5 дахин их хэмжээтэй тэнцэхүйц хөрөнгийг босгох боломжтой. Мөн хөрөнгийг зээлээр бус хөрөнгө оруулалт хэлбэрээр татах учраас өрийн таазны хувьд дарамт учрахгүй, ам.долларын дотогш чиглэсэн урсгал орж ирэх учраас төгрөгийн ханш чангарна, бүтээн байгуулалтын төслүүд санхүүжилтийн эх үүсвэртэй болно, санхүүгийн зах зээлийн зөв, тэнцвэртэй бүтэц бүрэлдэх боломж нээгдэнэ зэрэг олон эерэг үр дүн гарах тухай албаныхан мэдэгдээд байгаа юм.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.