Хэдхэн паспорт хэвлэх тэнхээтэй байгаач

Гадаад паспорт, жолооны үнэмлэхний бэлдэц дууссан учраас хэвлэхгүй, ачаалалтай байна, хүлээгдэж байгаа гэх мэдээлэл энгийн үзэгдэл болоод удаж байна. Жил жилийн зуны дэлгэр цагтай зэрэгцээд буюу долдугаар сараас эхлэн гадаад паспорт авах гэсэн иргэдийн хөлд УБЕГ-ынхан дарагддаг. Манайхан тэсвэргүй зантайг ч хэлэх үү, дарааллаа булаалцалдан маргалдах, зодолдох, бүүр цаашлаад цонх шил хагалах явдал УБЕГ-т болдог нь нууц биш. Гэтэл сүүлийн үед ОХУ руу визгүй зорчдог болсонтой холбоотойгоор гадаад паспортын ачаалал буурахгүй үргэлжилсээр есдүгээр сартай золгодог боллоо.
 
Дарин дээр давс нэмнэ гэгчээр хурдан, шуурхай үйлчилж чадахгүй байгаатай зэрэгцээд энэ жилийн хувьд өнөөх гадаад паспортыг хэвлэх бэлдэц нь хомсдож, яаралтайгаар захиалах эрхийг хаачихлаа. Гэтэл энэ бүхний цаана хэчнээн иргэд хохирч байгааг хэлж мэдэхгүй юм.
 
Тухайлбал, Монголын иргэн яаралтайгаар гадаад паспортоо захиалаад, гадны аль нэг улс руу аялах зугаалах эрхгүй болоод байна. Тухайн хүн паспортоо захиалаад ажлын 10 хоног буюу амралтын хоногтойгоо нийлээд бүтэн хоёр долоо хоногийн дараа арай гэж авч байна шүү дээ. Энэ бол амралтаа тааруулаад аялах, гадаадад сурч байгаа хүүхдээ эргээд ирэх хангалттай хугацаа.
 
Харин гадаадад эмнэлэгийн үйлчилгээ авах гэж буй өвчтэй хүн бол аль хэдийн амиа алдчихаар хугацаа шүү дээ. Аз болж гадаадад эмнэлгийн үйлчилгээнд хамрагдах, сургуульд сурах, хурал, чуулганд зэрэг яаралтай гадаад улс руу зорчихоор болсон цөөн иргэний асуудлыг арай ядан шийдвэрлэн өгч байгаа юм билээ.
 
Манай улс шиг цөөхөн хүн амтай оронд энэ бол байж болохгүй асуудал. Гурван сая хүн ам нь бүгд гадаад паспорт захиалаад, ачаалал үүсгээд, асуудал болоогүй нь тодорхой. Гэтэл нийгмийн идэвхтэй хэсэг болох хэдхэн мянган хүнд паспорт хэвлээд өгчих ачаалал даах чадваргүй бүхэл бүтэн улсын бүртгэлийн газар байж таарах уу. Тодруулбал, манай улсын бүртгэлийн газарт жилд дунджаар 120 мянган иргэн л гадаад паспорт авах хүсэлтээ гаргадаг байсан. Харин сүүлийн хоёр жилд буюу ОХУ руу визгүй зорчиж эхэлснээс хойш энэ тоо 70 мянгаар нэмэгдсэн байгаа юм.
 
Энэ оны эхний долоон сарын байдлаар 122 мянган иргэн паспортын захиалга өгөөд байгааг харгалзан төсөвт нэмэлт тодотгол хийлгэж, бэлдцийг нэмж захиалах шаардлага гарсан гэсэн. Учир нь гадаад паспортын бэлдэц нь хомсдоод ирсэн хэрэг.
 
Тиймээс бүртгэлийн газраас өнгөрөгч дөрөвдүгээр сард Сангийн яаманд хүсэлт гаргаж байж, өнгөрсөн сард урьдчилгаагаа арай гэж шийдүүлснээр бэлдцийн захиалга өгсөн байгаа юм. Ийнхүү захиалсан бэлдэц нь энэ сарын сүүлээр ирэхээр болсон тул ирэх аравдугаар сараас эхлэн яаралтай захиалга хэвийн явагдах аж.
 
Манай улс ийнхүү хэдхэн мянган иргэдийнхээ асуудлыг шийдэж чадахгүй барьц алдаж байхад, хэдэн тэрбум хүн амтай улс орнууд энэ асуудлаа яаж зохицуулаад болоод байгаа юм бэ. Өнөөдөр техник технологи хурдацтай хөгжиж байгаа энэ цаг үед бидний амьдралд түүнийгээ дагаад олон шинэ дэвшил гарч байгаа. Тиймээс ч улсынхаа бүртгэлийн газрыг цаг үетэй нь хөл нийлүүлэн алхуулах шаардлага тулгарч байгаа хэрэг.
 
Хэрвээ улс нь гадаад паспортын бэлдцээ авч чадахгүй, төсөв мөнгө нь хүрэлцэхгүй байгаа бол аль нэг санхүүгийн чадвартай хувийн хэвшлээрээ энэ ажлыг гүйцэтгүүлчихэж яагаад болохгүй гэж. Магадгүй хувийн хэвшлийнхэн иргэд яаралтайгаар мөнгө төлөөд захиалж л чадаж байвал паспортыг хоногт нь ч гаргаад өгч чадах л байх. Тиймээс энэ мэт жижиг юм шиг хэрнээ олон хүний эрх ашгийг хөндсөн асуудлаа зохицуулаад сурчихмаар юм.


Монголын мэдээ
Ж.Отгонмягмар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хариуцлага 2016-09-14 15:28:48
    Тэр нөөцийг бүрдүүлэх, бэлэн байлгах үүрэг хүлээсэн мануухай цалин аваад л сууж байгаа даа. Төсөв мөнгө л гэх байх. Тэрийг бас хөөцөлдөж болно ш д
  • mwndmnw 2016-09-14 02:31:10
    archaagui novshnuud
  • Сумын паспортын хэлтэс биш дээ энэ чинь. 2016-09-14 01:09:42
    Харин тийм ээ худлаа шалтаглаж зохиомол хүндрэл үүсгэж төсөв мөнгө нэмүүлж авах арга байдаг байх. Улс орон юм байгаа биз дээ, ичмээр боож үхмээр новшнууд шүү
  • зочин 2016-09-14 00:18:45
    Үнэн, иргэний, үл хөдлөх хөрөнгийн бүртгэл гээгүй байхад оюуны өмчийн гэх шаардлага байхгүй, нэгтгэх нь зөв, нэрийг нь оруулах шаардлага байхгүй, газрын тос ч а...
  • зочин 2016-09-14 00:15:38
    Байгууллагын нэрээ ч зөв өгч чадахгүй, ОӨУБГ, АМГТГ гэх хэрэг юу байнаа оюуны өмч чинь үл хөдлөх хөрөнгөтэй адилхан хөрөнгө, газрын тос чинь ашигт малтмал