Долоо хоногийн тойм
Өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. 

Улс төрийн хилс хэрэгт хэмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр бямба гарагт тохиов. Монгол Улсын нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг 21 дахь удаагаа тэмдэглэн өнгөрүүлсэн юм.Энэ өдөр 12:00 цагт Үндэсний төв музейн урд байрлах Хэлмэгдэгсдийн хөшөөнд Ардчилсан намын удирдлагууд, гишүүд дэмжигчид цэцэг өргөж, цагаатгалын комиссынхон хэлмэгдэгсдэд зориулан босгосон хөшөөнүүдэд хүндэтгэл үзүүллээ.Улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах ажиллагаа эхэлсэн 1939 оны дөрөвдүгээр сарын сүүлчээс хойш 2015 оны эхний долоон сарын байдлаар 31.1 мянга гаруй хүн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн болох нь албан ёсоор тогтоогдож, цагаатгагдан нэр төр нь сэргээгдээд байгаа юм. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн нэр төрийг сэргээх, дурсгалыг мөнхжүүлэх ажил, арга хэмжээнүүд Улсын комисст болон төв, орон нутагт үргэлжлэн хийгдсээр байна.
 
Монголд хөрөнгө оруулах нь ОУ-ын чуулга уулзалт болов

“Монголд хөрөнгө оруулах нь” олон улсын хурал Шангри-Ла зочид буудалд боллоо. Хоёр өдөр үргэлжилсэн уг хурлаар хөрөнгө оруулагчид Монгол Улсын дэд бүтцийн хөгжил сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ. Тухайлбал, “Монгол Улсад дэд бүтцийг хөгжүүлэхэд тулгамдаж буй сорилт болон боломжууд”, “УБ хотын цэвэрлэх байгууламж, төмөр замыг өргөжүүлэх дэд бүтцийн төслүүд”, “Эрчим хүчний шинэ эх үүсвэрүүд бий болгох нь” зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.Хуралд Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан  нар оролцох бөгөөд хурлын хоёр дахь өдрийн илтгэлийг нийтлэлч Б.Баабар “Эдийн засгийн хямралыг зогсоохын тулд шинэ Засгийн газар юу хийж чадах вэ” гэсэн сэдвээр  илтгэл тавилаа. 

Орхон голд үйл ажиллагаа явуулж байсан алтны компаниудын үйл ажиллагааг зогсоов

Орхон голын сав дагуу БОАЖЯ, МХЕГ-ын хамтарсан Ажлын хэсгийнхэн 15 хоног ажиллаад иржээ. Ажлын хэсгийнхэн Орхон гол маш их бохирдсоныг тогтоосон байна. Тиймээс голын голдирол, сав дагуу алт олборлолт явуулж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоожээ. Учир нь алт олборлогч компаниуд Орхонд  цутгадаг голын ойролцоо зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж, гадаргын усны бохирдол үүсгэн, байгаль орчинд асар их хэмжээний хохирол учруулжээ. Ажлын хэсгийн шалгалтаар “Монгол газар”, “Кеонарда”, “Алтан ёндоо”, “Этоц”, “Домогт судар”, “Өрнөлт судар”, Кеналхап” зэрэг компани ноцтой зөрчил гаргасан гэдгийг тогтоосон байна. Энэ үеэр “Монгол газар” компанийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, Ашигт малтмалын тухай хуулийн дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах асуудлаар орон нутгаас дүгнэлт ирүүлэхийг хүсчээ. Мөн Ашигт малтмалын газраас үйл ажиллагааг зогсоох мэдэгдлийг “Монгол газар”-ын удирдлагад хүргүүлсэн байна. Алт олборлогч компаниудын буруугаас болж Орхон улаанаараа эргэлдэж буй учраас экологид учирсан хохирлыг дээрх нэр бүхий компаниудаар гаргуулах талаар холбогдох байгууллагаас арга хэмжээ авч байгаа гэнэ.

Төсөвийн тодотголыг баталлаа


УИХ-ын чуулганы баасан гарагийн үдээс хойшхи хуралдаанаар төсвийн тодотголын гурав болон дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж баталлаа.Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын дарга М.Энхболд дээрх хуулийн төслүүдийг зүйл, заалт бүрээр нь уншиж танилцуулсан. Төсвийн тодотголыг гишүүдийн 94.4 хувь нь дэмжсэн бол Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүдийн 90.7 хувийн, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 94.4 хувийн саналаар тус тус батлав.

Дараа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Түүнчлэн Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, байнгын хорооноос гаргасан горимын саналын дагуу хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлав.

Мөн “Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав.Тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Төсвийн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан хуралдаанаас 2017 оны төсвийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхдээ өндөр насны тэтгэвэрт гарч буй төрийн албан хаагчдад олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг ажилласан жилийг нь харгалзан 36 хүртэлх сарын хэмжээтэй байх талаар холбогдох хуульд өөрчлөлт оруулан 2016 оны төсвийн тухай хууль хэрэгжих эхлэх хугацаанаас тооцох чиглэлийг Засгийн газарт өгөх зарчмын зөрүүтэй санал гаргасныг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 92.7 хувь нь дэмжлээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.