Төсвийн тодотгол батлагдаж, ээлжит бус чуулган өндөрлөв

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар Засгийн газраас 2016 оны наймдугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ. Төсвийн тодотголыг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар танилцуулсан юм.

Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын бүх байнгын хороод, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо, Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгүүд хэлэлцээд, санал дүгнэлтээ Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25.9.2-т заасны дагуу Төсвийн байнгын хороонд ирүүлсэн. Төсвийн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж Улсын Их Хурлын бүх байнгын хороод, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооноос гаргасан санал, дүгнэлтийг судлан үзэж, санал боловсруулан Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлсэн. Тус ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналыг үндэслэн улсын төсвийн орлогыг 3.9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын зардлыг 65.0 тэрбум төгрөгөөр бууруулах, төрийн өндөр болон улс төрийн, төрийн захиргааны удирдах албан тушаалтны цалин, бүх шатны шүүхийн шүүгчийн, цалин, нийгмийн баталгааг хангахтай холбоотой зардлыг одоогийн түвшнээс бууруулахгүй байх, арьс ширний урамшуулал, Үндэсний тэтгэлэгт хөтөлбөрийг 2016 онд үргэлжлүүлэх болсонтой холбоотойгоор урсгал зардлыг 61.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх саналуудыг байнгын хороо дэмжсэн.

Мөн нийгмийн даатгалын сангийн орлогыг 530.4 сая төгрөгөөр, тус сангийн зарлагыг 28.2 сая төгрөгөөр тус тус нэмэгдүүлэн, Нийгмийн даатгалын сангаас санхүүжих хөрөнгө оруулалтын зардлыг 22.7 тэрбум төгрөгөөр бууруулснаар Монгол Улсын нэгдсэн төсвийн алдагдлыг 51.0 тэрбум төгрөгөөр бууруулахаар шийдвэрлэснийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлсэн. Түүнчлэн Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.5-д зааснаар 2017 оноос эхлэн Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байхаар шийдвэрлэн тус Байнгын хорооноос Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан боловсруулж, хэлэлцүүлсэн гэдгийг байнгын хорооны дарга танилцуулгадаа дурдав.
 

Ингээд Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сан, Нийгмийн даатгалын сангуудын 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг дуусгаж, дөрөв дэх хэлэлцүүлгийг эхлүүлэв. Хэлэлцүүлгийн энэ шатанд хуралдаан даргалагч Улсын Их Хурлын дарга М.Энхболд Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг зүйл, заалт бүрээр нь уншиж танилцуулан батлуулав.

Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 94.4 хувь нь дэмжсэн бол Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүдийн 90.7 хувийн, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 94.4 хувийн саналаар тус тус баталлаа.

Дараа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Түүнчлэн Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, байнгын хорооноос гаргасан горимын саналын дагуу хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлав.

Мөн “Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав. Тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Төсвийн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан хуралдаанаас 2017 оны төсвийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхдээ өндөр насны тэтгэвэрт гарч буй төрийн албан хаагчдад олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг ажилласан жилийг нь харгалзан 36 хүртэлх сарын хэмжээтэй байх талаар холбогдох хуульд өөрчлөлт оруулан 2016 оны төсвийн тухай хууль хэрэгжих эхлэх хугацаанаас тооцох чиглэлийг Засгийн газарт өгөх зарчмын зөрүүтэй санал гаргасныг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 92.7 хувь нь дэмжлээ.

Үүгээр УИХ-ын ээлжит бус чуулган өндөрлөв гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-09-11 02:57:28
    Үнэн шүүдээ, ганц бие настангуудын тэтгэврийг нэмэхгүй, хоёулаа байсан бол нэгийг нь үхэхээр нэмнэ гэсэн хууль шүүдээ, Сангийн сайд жаахан худлаа гүвсэн шүү
  • энэ үгний төлөө огцор  2016-09-10 12:46:51
    хамтын тэтгэврийн талаар ерөнхий сайд санггийн сайд нар үнэхээр ой гутам хэнч ярихгүй балай булай тэнэг мангуу эрүүл бус юм ярих юм согтуу байсан юм болов уу ий...