Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг баталлаа

УИХ-ын ээлжит бус чуулганы өчигдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Билэгт, Х.Болорчулуун нар асуулт асууж тодруулан саналаа хэлсний дараа хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 59 хувь нь дэмжлээ.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбат танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асууж тодруулсны дараа байнгын хорооны саналаар Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 62.9 хувь нь дэмжив.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэлсэн юм. Ээлжит бус чуулган зарлан хуралдуулж Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг цаг хугацаа алдалгүй шуурхай, нухацтай хэлэлцэж шийдвэрлэсэнд нь тэрбээр УИХ-д талархал илэрхийлээд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөрөнгө санхүүгийн хүндрэл үүсэхээр байгаа тул улс орны эдийн засгийн макро орчныг тогтворжуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад онцгой анхаарах шаардлага тулгарч байна. Иймээс хөтөлбөрийг хэрэгжүүлэх дэлгэрэнгүй төлөвлөгөө боловсруулан ойрын үед Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, шуурхай ажиллана гэдгээ илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.