Намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг дэмжлээ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр үдээс хойш үргэлжлүүлэн хуралдаж, “Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Уг асуудлыг тус байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат тогтоолын төслийг Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хурлаар дахин хэлэлцэх шаардлагатай байна гэсэн санал гаргасан тул асуудлыг хэлэлцэхийг түр хойшлуулахаар шийдвэрлэж, байнгын хорооны хуралдааныг өнөөдөр үргэлжлүүлэхээр тогтсон.

“Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд хууль санаачлагчаас урьдчилан санал авахад Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 14, Засгийн газраас 54, Улсын Их Хурал дахь намын бүлэг, гишүүдээс 83, нийт 151 санал ирүүлжээ. Гэвч эдгээр төслийг бүгдийг нь Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэж батлах боломжгүй учраас эхний ээлжинд хуулиар зайлшгүй хэлэлцэхээр заасан болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгоход чиглэгдсэн, түүнчлэн өмнөх Улсын Их Хурлын үед батлагдсан зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг тогтоолын төсөлд нэр зааж тусгах зарчмыг байнгын хороо баримталсан байна. Одоогоор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэгдсэн 70 гаруй, хэлэлцүүлгийн шатанд 20 орчим хуулийн төсөл байгаа аж.

Хуралдааны эхэнд байнгын хорооны дарга Н.Энхболд тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс албан бичгээр ирүүлсэн саналыг гишүүдэд танилцуулаад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон тогтоолын төслийн 1 дэх хэсэгт нэр зааснаас бусад Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын Их Хурлын гишүүдээс өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүрт нь шийдвэрлэж байхаар тогтоолын төслийн 2 дахь хэсэгт тусгасны дагуу тус намын бүлгээс ирүүлсэн саналыг шийдвэрлэх боломжтой талаар байнгын хорооны хуралдааны тэмдэглэлд тусгах нь зүйтэй гэж үзэж буйгаа хэллээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Д.Сумъяабазар, Ж.Мөнхбат нар асуулт асууж тодруулан саналаа хэлэв. Харин Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тогтоолын төсөлд нэмж тусгуулах зарчмын зөрүүтэй санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь дэмжлээ. Ингээд байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхын саналаар “Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтов.

Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганаар хуулиар зайлшгүй хэлэлцэхээр тусгайлан заасан хууль тогтоомжийн төслүүдээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгууллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын гадаад харилцааны тухай, Ач санах тухай зэрэг 19 хуулийн төслийг хэлэлцэхээр нэр зааж тусгасан байна. Мөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон хууль тогтоомжийн төслүүдийг хууль санаачлагчаас өргөн мэдүүлбэл намрын ээлжит чуулганы дараалалд оруулахыг Улсын Их Хурлын даргад зөвшөөрөхөөр тусгажээ.
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.