255 иргэнд 7.9 сая төгрөгийн нөхөн олговор олгохоор болжээ
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр маргааш болох гэж байна. Харин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг угтан Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газартай хамтран улс төрийн хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулдаг уламжлалтай болоод байгаа юм.

Тус дүүргийн удирдлагуудын өнгөрсөн жил өгсөн мэдээллээр “Дүүргийн хэмжээнд өөрөө хэлмэгдсэн болон түүний гэр бүлийн хүнийг оролцуулаад таван хүн амьд сэрүүн. Мөн ач, зээ нь байгаа 195, нийт 200 гаруй хүн байдаг” гэж байсан юм.

Харин энэ жил тоо баримтад ямар өөрчлөлт орсон болоод хохирол хэрхэн барагдуулж байгаа талаар Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэгээс тодрууллаа.
 
-Хэлмэгдэгсдийн хохирлыг барагдуулах асуудлыг 1998 онд батлагдсан хуулиар зохицуулж байна. Гэхдээ иргэд хуулийн хэрэгжилтийг тийм ч таатай дүгнэхгүй байгаа. Тэдний санаа, бодлыг илүүтэй сонссон хүний хувьд энэ асуудлыг юу гэж дүгнэж байна. Түүнчлэн дүүргийн хэмжээнд хэлмэгдсэн иргэд хэд байгаа вэ?
 
-Их хэлмэгдүүлэлтийн он жилүүдийг эргэн дурсдаг өдөр маргааш болох гэж байна. Энэ бол хэлмэгдүүлэлтийн оргил үе эхэлсэн монголын түүхэн дэх “хар өдөр”.Гэхдээ таны хэлснээр 1998 онд эрх баригчид хэлмэгдэгсдийн нэр төр, ахуй амьдралыг дээшлүүлэх хууль гаргаснаар тэдний үр хүүхдүүд энэ өдрийг тэмцлийн, үнэний төлөөх өдөр болгох гэж хичээж байна. Улс төрийн хилс хэргээр хэлмэгдэж алтан амиа алдсан мянга мянган иргэд, аав, ээж, ах дүүсээ дурсан санагалзаж байна. Гэтэл хуулийн хэрэгжилт тийм ч сайн биш байгаагаас болоод хэлмэгдсэн иргэдийн үр, хүүхэд ач зээ нарт оногдох ёстой төрийн хайр халамж хүрэхгүй байгаа. Хэдийгээр манай дүүргийн хэмжээнд хохирол барагдуулах нөхцөл байдал сайжирч байгаа ч хэлмэгдүүлэлттэй холбоотой өргөдөл гомдол бүрэн барагдаагүй.

Жишээ нь, 2016 оны байдлаар нийт 255 иргэнд долоон сая есөн зуун мянган төгрөгийн нөхөн олговор олгохоор болсон. Мөн энэ онд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон гурван иргэн бий. Тэдэнд тус бүрт нэг, нэг сая төгрөг гардуулж өгөөд байна. Гэсэн ч, иргэдийн тавьдаг нэг асуудал нь голдуу сэхээтнүүд хэлмэгдүүлэлтэд өртөж байсан тухай юм. Өөрөөр хэлбэл, одоо амьдралын түвшин доогуур байгаа хэлмэгдэгсдийн үр хүүхдүүд амьдралын нөхцөл байдал нь одоогийнх шигээ байх ёсгүй гэх асуудлыг ярьдаг юм.

-Хуулиар зохицуулахад төвөгтэй байх шиг байна?
 
-Харин бүхэлд нь харвал цагаатгал тойрсон хэрэгжиж байгаа процесс маань үнэхээр төвөгтэй байна. Өнгөрсөн жил гэхэд хохирол барагдуулаагүй 6000 хүн үлдсэн, тэр асуудлыг шийдчихвэл цагаатгалын ажил дуусна гэж ярьсан. Яагаад төр нь өөрөө оролцож, нам нь тэрийг удирдаж, хэлмэгдүүлчихээд эд материалын тооцоо хийгээд дуусах гэж. Цаана нь байгаа оюун санааны хохирлыг хэн барагдуулах гэж. 40, 50 жил хэлмэгдэж, насаараа ад үзэгдэж, нухчин дарагдсан иргэдийн ач, зээ хэнд ч хамаагүй юм уу. 1990 оноос өмнө хэлмэгдэгсэд бол бүр хэцүү. Ажил төрөл олддоггүйгээс амьдралын түвшин доогуур амьдарч байсан олон хүн бий. Тэд ч гэсэн энэ хуульд өөрчлөлт оруулах ёстой гэцгээдэг.

-Нөхөх олговор чамлалттай эсвэл удаашралтай байна гэж жил бүр ярьдаг л даа. Энэ  талаар?

-Үнэн. Энэ хууль хэвээрээ байх юм бол сайн, муу яригдсаар хэзээ нэгэн цагт хэлмэгдэгсдийн эд материалын тооцоо дууслаа гэх байх, мэдээж. Гэхдээ одоо байгаа хууль үнэхээр чамлалттай байгаа юм. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн амьд сэрүүн байгаа иргэд, нас барсан, цаазлагдсан хэлмэгдэгсдийн эхнэр, хүүхдүүдэд одоо өгч байгаа нөхөх олговрын хэмжээ, тэтгэвэр зэрэг нь бага гэсэн шүүмжлэлийг байнга хэлдэг. Тиймээс мөнгөн тусламж, гэр орон, хураагдсан эд зүйлсийг нөхөн олгох зэргийг хуульд өөрчлөлт оруулах замаар хийх хэрэгтэй гэж бодож байна. Мэдээж, мөнгөн дүнг нэмэх зарчмаар.Мөн төр зөвхөн уучлал гуйгаад зогсох биш, дахин сануулж, энэ аймшигт явдал их гүрний даалгавраар хийгдсэн шүү гэдгийг хэзээ ч мартагнуулах ёсгүй. Гэтэл одоо байгаа хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан хөшөөг хар. Маш чухал түүхийн он цагийг илтгэх, тухайн үеийн үйл явдлыг сануулах учиртай энэ хөшөө шоовдор хүүхэд шиг нэг байгууллагын хаяанд л байрлаж байна шүү дээ. Гэтэл хичнээн сайдад хөшөө босгов гэдгийг бодох л хэрэгтэй. Мөн хэлмэгдэгдсэн иргэдэд  хэдэн төгрөг өгөөд тантай хийх тооцоо дууссан гээд төр хөшгөө татаж болохгүй. Улс төрийн хүчнүүд хүртэл уучлалт гуйх хэрэгтэй.
Б.Сансар
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Жагаа 2016-09-09 14:22:54
    Хэ хэ, ардчилсан дээрэмчид улсаа үнэхээр мөнгөгүй болгосон байна ш дээ. 7,9 сая төгрөгийг 255 хүнд гэхээр 1 хүнд 30,000 төгрөг л оногдох нь байна ш дээ. Ха ха.
  • Жагаа 2016-09-09 14:20:15
    90 онд улс орныхоо хамаг үйлдвэрийг төмрийн сэгэнд тушааж ажилгүйдэл архидалт янхандалт траншейны амьдрал улсын хөрөнгийг хулгайлсан АН уучлал гуйх ёстой.
  • zocin 2016-09-09 11:02:02
    mahn nam iinan ard tymneesee uuczlalt guih estoi,45ond daind yawaad absan altangadasiig hyraaz azil namaas aabiig maani hoosen gesen