Төрийн бодлогоос зугтсан гадаадын хөрөнгө оруулагчдыг татахаар хэлэлцэв

"Дисковер Монголиа” уул уурхайн хөрөнгө оруулагчдын 14 дэх удаагийн олон улсын чуулга уулзалт өчигдөр Корпорейт Конвэйшн центрт эхэллээ. Чуулга уулзалтад оролцогчид Уул, уурхайн салбарын хөгжил, Монголын төрийн бодлого болон манай улсад хэрэгжиж буй олон улсын томоохон төслүүд зэрэг асуудлаар илтгэл тавьсан юм. Энэхүү уулзалт нь гадаадын хөрөнгө оруулагчдад Монголын уул уурхай, төрийн бодлого, эдийн засгийн талаар мэдээлэл хүргэх, хамтран ажиллах санал солилцох зорилготой. “Дисковер Монголиа” чуулганы үеэр гадаадын болон салбарын мэргэжилтнүүдтэй уулзаж, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах болон уул уурхайн өнөөгийн байдал, түүнээс гарах арга замын талаарх байр суурийг сонслоо.
 

П.Очирбат: Гадаадын  хөрөнгө оруулагчид улсын бодлогыг хардаг

 /Монгол Улсын анхны ерөнхийлөгч/
 
-Манай улсад зүгээр нэг биш бодитой эдийн засгийн хүндрэл гарлаа. Үүнийг дагаад эрдэс баялгийн салбарын зах зээл, эрэлт тодорхой хэмжээгээр буурсан. Нэг талаас нь харвал ийм. Нөгөө талаас зах зээлийн үнэ нэлээд бууурсан нь ашиг орлогод их сөрөг нөлөө үзүүллээ. Энэ болгоноос үүдээд хөрөнгө оруулагчид нэлээн саадсан. Бид нэг зүйлийг хатуу ойлгодог шүү дээ. Гадаадын хөрөнгө оруулагчид гэдэг чинь нэг талдаа өөрсдөө ашиг олох гэж хөрөнгөө зольж байгаа улс. Ашиг олохгүй юманд хөрөнгөө зардаг ухаан муутай хөрөнгө оруулагч, бизнесмэн дэлхийд их ховор байна л даа. Тийм учраас тэд чинь зах зээлд ялангуяа Монголын уул уурхайн бүтээгдэхүүнийг авдаг, борлуулдаг зах зээлийн араншин яах нь вэ гэдгийг нэлээд хардаг.
 
Мөн хөрөнгө оруулж байгаа улсын маань бодлого хэр зэрэг цэгцтэй, тууштай, тогтвортой байна вэ. Төрийнх нь бодлогоос шалтгаалан бидний эрсдэл буурах, нэмэгдэх үү гэдгийг үнэлж цэгнэдэг.
 
Энэ мэтчилэн олон янзын хүчин зүйл нөлөөлснөөс болж хөрөнгө оруулалтын хэмжээ ч багаслаа. Бид чинь энэ Discover гэдэг уулзалтыг ерөөсөө дэлхийд чөлөөтэй явж байгаа хөрөнгийг аль болохоор Монгол улсын эдийн засагт оруулахын тулд л хийж бангаа юм.
 

Петер Акерли: Гадаадын хөрөнгө оруулагчид хумигдсан нь Монголын эдийн засагт сөргөөр нөлөөлсөн

 /Эрдэнэ Ресурс Девелопмент” компанийн Ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал/
 
-“Эрдэнэ Ресурс Девелопмент” компани “Зуун мод” гэх молобдений төсөлд хайгуулын ажил хийсэн. Энэхүү төсөл хэрэгжсэнээр эдийн засаг 17.3 хувийн өсөлттэй болж эхэлсэн. Мөн Монголын уул уурхайн компаниудын хувьд том боломж бий болон гадаадын бирж дээр үйл ажиллагаагаа амжилттай явуулж байлаа.
 
Гэсэн ч 2015, 2016 онд хайгуулын лицензийг зогсоосон. Энэ нь салбарын хөгжлийг доош татаж, хөрөнгө оруулагчдаа алдахад хүргэсэн явдал боллоо. Монгол Улсад Ашигт малтмалын салбарыг дэлхийд нээлттэй болгохын тулд хайгуулын ажлыг хийсэн нь үр дүнтэй байсан. Шинэ Засгийн газар уул уурхайн салбарыг дэмжсэн, илүү ил тод, тодорхой бодлого барин ажиллах болсонд таатай байна.
 
2015 оноос хойш гадаадын хөрөнгө оруулалт хумигдсан явдал нь Монголын эдийн засгийн бууралтад хамгийн их сөрөг нөлөө үзүүлсэн юм. Алтны олборлолтыг зардал багатайгаар хийн эдийн засагт нөлөөлөх боломж байгаа юм. Монгол Улсын хувьд уул уурхайн баялгаа эдийн засгаа сайжруулахад л ашиглах нь тохиромжтой. Өнөөгийн Монгол Улсын эдийн засаг тогтворгүй, уналттай байгаа ч манай компани үйл ажиллагаагаа хэвийн явуулж, хайгуулын ажлуудаа дараагийн шатанд гаргах болно.
 
Тухайлбал, алтны олборлолтыг зардал багатай хийгээд эдийн засагт нөлөөлөх боломж бий. Энэ нь хоёр талд ашигтай үйл явц байх болно.
 

Ч.Отгочулуу: Улс төр, уул уурхайн төлөвлөгөө зөрчилдөж, бие биеэ татаж унагаад байна

 /Эрдэнэс Монгол компанийн гүйцэтгэх захирлын ажлын алба хариуцсан захирал, ерөнхий эдийн засагч/
 
-Манай улс жижиг орон. Худалдааны томоохон хөрш хоёр оронтой. Хоёр түншийн эдийн засгийн бодлого нь манайхаас огт өөр. Тухайлбал, төрийн өмчит банк байна. Төрийн өмчтэй банкуудаасаа хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авчихдаг. Ийм үед стратегийн ордуудад төр тодорхой хэмжээний хяналт тавих нь муу зүйл биш. Гэхдээ үүнийг их зөв удирдах хэрэгтэй. Яагаад гэвэл төр өөрөө зохицуулагч.
 
Нөгөө талаас бизнес хийгээд хувийн хэвшлийнхэнтэй өрсөлдөж болохгүй гэж үздэг. Энд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Тавантолгой дээр гурван компани үйл ажиллагаа явуулж байна. Мэдээж энд өрсөлдөөн байгаа.
 
Гэхдээ Эрдэнэс Тавантолгойн харьцангуй хямд үнээр үнэлүүлээд байгаагийн шалтгаан нь 2012 оны сонгуулийг угтаж, нэлээд хатуу нөхцөлтэйгөөр гэрээ хийсэнтэй холбоотой. Тэр гэрээний үр дүн нь энэ. Энэ алдааг давтахгүйн тулд нэг цонхны бодлогыг хэрэгжүүллээ. Энэ бодлого нь төрч бай, хувийн хэвшил ч бай хоорондоо өрсөлдөхгүй нэг цонхны бодлогоор гадагш харьцана гэдэг. Бие биенийхээ үнийг уралдаж буулгадаг нь буруу гэдэг бодлого юм.
 
Ийм байдал үүссэн нь уул уурхайн компани, салбарын буруу биш. Хуучин төрийн өмчийн компаниудыг хүний хөгжил сангийн тухай хуулиар удирддаг байсан. Уг хуулиар тухайн компанийн ТУЗ, ерөнхий захирал нь хэн байх, орлогыг нь яаж зохицуулах вэ гэдгийг шийддэг. Ерөөсөө нэг ч төгрөг үлдээлгүй хүнийи хөгжил сан руу авдаг. Тэр байтугай ирээдүйн орлогыг нь аваад өөр компанид өгчихдөг. Ийм л байсан. Тэгээд үнэ өсөөд байдаг. Бид байгаа юмаа гаргаад байдаг.
 
Одоо харин үүнээс сургамж авах хэрэгтэй. Сая гадаадын төлөөлөгчид ч хэлж байна. Уул уурхайн салбарынхаа боломжийг ашиглая гэвэл урт хугацаанд тогтвортой байлгах хэрэгтэй гэж. Сүүлийн 20 жилийн хугацаанд манайх их өөрчлөлт хийж ирсэн. Энэ алдааг битгий давтаачээ. Тэгэхээр бид уул уурхайн салбарыг улстөрчдөөс салгах ёстой. Учир нь уул уурхайн төлөвлөгөө 50-60 жилээр явагддаг. Харин улс төрийн төлөвлөгөө дөрөв дөрвөн жилээр явдаг. Энэ хоёр зөрчилдөөд бие биенээ татаж унагаад байна. Тиймээс улстөрчид нь улс төрөө, уул уурхайн уул уурхайгаа хий.
 

Г.Батсүх: Уул уурхайн компаниуд нэгдсэн үнийн бодлогыг барьж чадаагүйгээс бие биеэ түлхэж унагасан

 /“Оюутолгой” компанийн ТУЗ-ийн дарга, Элчин сайд/
 
-Дэлхийн зах зээлд уул, уурхайн гаралтай түүхий эдийн үнэ унасантай холбогдоод уул уурхайн үйлдвэрүүдийн байдал хүндэвтэр байгаа. Цаашид энэ байддаас гарах арга замыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам гаргаж байна. Юуны өмнө бид нүүрсний экспортын үнийн асуудалд нэг цонхны бодлогоор хандах нь чухал.
 
 Мөн нүүрснийхээ экспортыг нэмэгдүүлэхийн тулд дэд бүтэц гэх мэт анхаарах асуудлууд байна. Өнгөрсөн хугацаанд үнийнхээ бодлогыг нэгдсэн байдлаар явуулж чадаагүй. Энэ нь гадаадын худалдан авагчид болон манай Монголын нүүрсийг хэрэглэгчдэд давуу тал олгосон. Өөрөө өөрсдийгөө сул тал руу түлхэж унагасан. Энэ асуудалд ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Ер нь компанийн үйл ажиллагаа зөв менежментээс хамаарна. Мэдээж менежмент хүнээс хамааралтай.
 
Тийм учраас уул уурхайн үйлдвэрлэлийг мэргэжлийн төвшинд бэлтгэгдсэн боловсон хүчин удирдан, зөв чиглүүлээд явбал ялгаагүй үр ашигтай ажиллах ёстой. Төрийн өмчид нь ч бай, хувийн ч бай адилхан хүнээс л шалтгаална. Тэгээд бодлого нь зөв байх учиртай.

Монголын мэдээ
Н.Батзаяа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ы 2016-09-09 01:34:46
    Мөнгөнд эх орон гэж байхгүй. Мөнгө зөвхөн тогтвортой, чөлөөт зах зээлд л дуртай. Хэнээс мөнгө ирэх нь хамаагүй, гол нь ажлын байр, татвар үүсгэж байх нь чухал.
  • Зочин 2016-09-09 01:08:54
    Зарим телевизээр 16-р гээд байгаагүй билүү