Нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаар Сангийн дэд сайд Х.Булгантуяа, нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын талаар Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангад нар танилцуулсан юм.

Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангаар нийт 29.8 их наяд төгрөгийн хөрөнгө, 19.7 их наяд төгрөгийн өр төлбөр тайлагнагдсан байна. Нийт хөрөнгийн дүнд мөнгөн хөрөнгө 3.2 их наяд, авлага 6.2 их наяд, урт хугацаат хөрөнгө оруулалт 6.0 их наяд, үндсэн хөрөнгө 12.2 их наяд төгрөг байгаа аж. Нийт өглөгийн дүнд төрийн өмчит үйлдвэрийн газар, аж ахуйн нэгжүүдийн өр төлбөр 3.2 их наяд төгрөг байгаа бол, Засгийн газрын дотоод үнэт цаасны өглөг 3.0 их наяд, гадаад үнэт цаасны өглөг 3.3 их наяд, гадаад зээлийн өглөг 4.5 их наяд төгрөг байгаа юм байна.

Нэгдсэн төсвийн гүйцэтгэлд улсын төсвийн 34 ерөнхийлөн захирагчийн 815 төсвийн байгууллага, нийслэл, дүүргүүд болон 21 аймгийн төсвийн байгууллагууд, Хүний хөгжлийн сан болон Нийгмийн даатгалын сангуудын төсвүүд хамрагдсан байна.

2015 оны гүйцэтгэлээр Монгол улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 6 их наяд төгрөгт хүрч 98.7 хувийн биелэлттэй, зарлага 7.1 их наяд төгрөгт хүрч 94.8 хувийн биелэлттэй гарсан байна. Нэгдсэн төсвийн тэнцэл 1 их наяд 156.9 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч дотоодын нийт бүтээгдэхүүний 4.99 хувьтай тэнцэж байгаа нь төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагыг хангажээ. Нэгдсэн төсвийн алдагдлыг санхүүжүүлэх, Засгийн газрын үнэт цаас, зээлийн төлбөрийг барагдуулах зорилгоор 2 их наяд 751.7 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг Засгийн газрын үнэт цаас арилжаалж бүрдүүлсэн байна. Тайлант хугацаанд Засгийн газрын үнэт цаасны үндсэн төлбөрт 2 их наяд 70.3 тэрбум төгрөг, Засгийн газрын гадаад зээлийн үндсэн төлбөрт 126.4 тэрбум төгрөгийг тус тус төлсөн бол, гадаад төслийн зээлээр 305.9 тэрбум төгрөгийг, хөтөлбөрийн зээлээр 199.2 тэрбум төгрөгийг авч ашигласан байна. Түүнчлэн, Хөгжлийн банкнаас 433.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр санхүүжүүлсэн байна.

Улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 3.8 их наяд төгрөгт хүрч, 95.1 хувийн биелэлттэй, улсын төсвийн зарлага 5.0 их наяд төгрөгт хүрч, 95.8 хувийн биелэлттэй гарсан байна. Улсын төсвийн орлогын тасалдал нь нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэлд голлох нөлөөг үзүүлсэн бөгөөд орлогын дутагдалд дотоодын эдийн засгийн идэвхигүй байдал, эрдэс бүтээгдэхүүний үнэ болон импортын бууралт зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн байна. Тухайлбал нийт импортын хэмжээ 3 тэрбум 797.2 сая ам.долларт хүрч өмнөх оноос 1 тэрбум 439.4 сая ам.доллараар буурсан, зэсийн тэнцвэржүүлсэн үнэ төлөвлөснөөс 844 ам.доллараар бага буюу 5,510.5 ам.доллар, баяжуулсан нүүрсний үнэ төлөвлөснөөс 21 ам.доллараар бага буюу 61.6 ам.долларт хүрч буурсан зэрэг нөхцөл байдлууд үүссэн байна. Түүнчлэн хувьчлахаар төлөвлөсөн төрийн өмчийг хувьчилж чадаагүйтэй холбоотой Төрийн өмчийн хорооны төвлөрүүлэх орлого тасалдсан, төсөвт байгууллагуудын өөрийн орлого 30.1 тэрбум төгрөг, донор, хандивлагч орнуудаас орохоор тооцсон тусламжийн орлого 9.3 тэрбум төгрөг, Өмнөговь аймгаас улсын төсөвт төвлөрүүлэх орлого 8.7 тэрбум төгрөгөөр тус тус төлөвлөгөөнөөс дутуу биелэсэн зэрэг нөлөөллүүд гарсан байна.

Улсын төсвийн зарлага 4 их наяд 996.9 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн дүнгээс 221.6 тэрбум төгрөг, өмнөх оны гүйцэтгэлээс 232.3 тэрбум төгрөгөөр тус тус бага гарсан байна. Нийт зарлагын 20.5 хувь буюу 1 их наяд 22.7 тэрбум төгрөгийг цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн зардалд, 13.3 хувь буюу 663.7 тэрбум төгрөгийг хүүгийн зардалд зарцуулсан байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтад 246.8 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон нь төлөвлөснөөс 111.1 тэрбум төгрөгөөр бага, харин гадаадын зээлийн хөрөнгөөр санхүүжих хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлд 246.1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон нь төлөвлөснөөс 66.1 тэрбум төгрөгөөр илүү гүйцэтгэлтэй гарсан байна.

Орон нутгийн 2015 оны төсвийн гүйцэтгэлээр нийт орлого 2 их наяд 33.7 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн дүнгээс 2.9 хувь буюу 39 тэрбум төгрөгөөр дутуу төвлөрсөн байна.

Орон нутгийн төсвийн нийт зарлага 2 их наяд 79.1 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн дүнгээс 10.3 хувь буюу 238.7 тэрбум төгрөгөөр дутуу зарцуулагдсан байна. Орон нутгийн нийт зарлага, санхүүжилтийн 79.2 хувь буюу 1 их наяд 647.2 тэрбум төгрөгийг урсгал зардалд, үүнээс цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл, нийгмийн халамжийн зардалд 1 их наяд 55.9 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.

Орон нутгийн 2015 оны төсвийн тэнцэл 45.4 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна.

Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн гүйцэтгэлээр 356.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 423 тэрбум төгрөг төвлөрч, төлөвлөгөө 118.5 хувийн биелэлттэй гарсан. Энэ нь тус санд оны эцсээр Эрдэнэт үйлдвэрээс 49 тэрбум төгрөг, Оюутолгой ХХК-с 28 тэрбум төгрөгийг АМНАТ-ын орлого төвлөрсөнтэй холбоотой байна.

Хүний хөгжил сан 2015 оны төсвийн жилд төр хариуцах иргэний эрүүл мэндийн даатгалын шимтгэлд 12 тэрбум төгрөг, Засгийн газрын үнэт цаас болон урьдчилгаа төлбөрийн хүүгийн зардал 67.3 тэрбум төгрөг, хүүхэд бүрт сар бүр олгох 20 мянган төгрөгт нийт 225.7 тэрбум төгрөгийг тус тус зарцуулсан байна.

Нийгмийн даатгалын сангийн 2015 оны орлогыг 1 их наяд 544.3 тэрбум төгрөгөөр төлөвлөснөөс гүйцэтгэлээр 1 их наяд 480.5 тэрбум төгрөг төвлөрч, 96 хувийн биелэлттэй гарсан байна.

Харин нийгмийн даатгалын сангийн зарлага 2015 онд 1 их наяд 541.5 тэрбум төгрөгт хүрч, нийт төлөвлөгөөний 99.7 хувьтай тэнцсэн байна. Ингэснээр тус сангийн 2015 оны төсвийн тэнцэл 61 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна.

Танилцуулгуудтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ж.Бат-Эрдэнэ, Б.Ундармаа нар Сангийн дэд сайд, улсын Ерөнхий аудитороос асуулт асууж, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Л.Энх-Амгалан, Л.Элдэв-Очир, Д.Тэрбишдагва нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Дараа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар батлах нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн учир Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтлоо хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.