БНХАУ-ын элчин сайдын яамнаас Монгол-Хятадын “Найрамдал” сургуульд 500 мянган юаний тусламж үзүүллээ
Монгол Улсад суугаа БНХАУ-ын элчин сайдын яамнаас Монгол-Хятадын “Найрамдал” сургуульд дэмжлэг үзүүлэх ёслолын үйл ажиллагаа өчигдөр боллоо. Тус арга хэмжээнд БНХАУ-ын элчин сайд Шин Хай Мин болон сургуулийн захирал Жянь шянь Мэй нарын албаны бусад хүмүүс оролцов.

52 жилийн түүхтэй Монгол-Хятадын Найрамдал сургуульд БНХАУ-ын элчин сайдын яамнаас 500 мянган юанийн буцалтгүй тусламж үзүүлж, сурагчдын сурлага хөдөлмөрт өндөр амжилт хүссэн. Хоёр орны найрамдал харилцааг бэхжүүлж, сурагчдын сурах орчныг сайжруулах зорилгоор хандивласан тус хөрөнгөөр сургуулийн соёлын заалыг орчин үеийн тоног төхөөрөмж, шаардлага хангасан заал болгон тохижуулж Монгол-Хятадын соёлын төвийг байгуулах аж.Тус сургууль нь анх Монгол Улсад суух Хятадын цагаач иргэдийн хүүхдүүдийг сургах зорилгоор байгуулагдаж байжээ. Харин өдгөө сургуулийн нийт сурагчдын 90 гаруй хувьд нь монгол хүүхэд сурч байна.
 
Учир нь тус сургууль 100 хувь мэргэжлийн хятад багштай бөгөөд Монгол Улсын боловсролын системд явуулж буй сургалтыг хэрэгжүүлж, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх тал дээр анхааран ажилладаг нь сурагчдын сурлага, спортод гаргах амжилтыг дээшлүүлдэг байна. Тиймээс ч тус Монгол-Хятадын Найрамдал сургуулийн сурагчид жил бүр уламжлал болгон зохион байгууллагддаг улсын болон олон улсын хятад хэлний уралдаан тэмцээнд тэргүүлж, хоёр орны Засгийн газрын сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдан тэтгэлгээр БНХАУ-д суралцдаг гэдгийг энэ үеэр сургуулийн захирал Жянь Шянь Мэй онцолж байсан юм.

Харин БНХАУ-ын элчин сайд Шин Хай Мин “Энэхүү хөрөнгө оруулалтын ажил нь  хоёр орны найрамдал харилцааг бэхжүүлэх томоохон ажил боллоо. Манай улсын Ерөнхий сайд саяхан Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн. Энэ үеэр монголын улс төрч нартай цаашид хоёр орны соёлын салбарын харилцааг улам бэхжүүлэн ажиллахаар тохиролцсон байсан. Тиймээс ч энэхүү арга хэмжээ нь дээрх үйл явдлыг хэрэгжүүлж байгаагийн нэгэн жишээ боллоо гэж үзэж байна. Цаашид ч бид сурагчдын сурах орчныг сайжруулах зорилгоор монгол сургуулиудад тэтгэлэг, тусламж үзүүлэхэд бэлэн байна” хэмээсэн юм.
 
Ингээд элчин сайд сургуулийн сурагчдын төлөөлөлтэй дурсгалын гэрэл зураг татуулж, сурагчидад сурлагын өндөр амжилт хүслээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.