Ургац хураалтад оролцохыг хүссэн оюутан сургуульдаа хандана
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд ургац хураалтын ажлыг эрчимжүүлэхийн тулд оюутан, залуусыг ургац хураалтад оролцохыг уриалсан билээ. Энэ талаар ХХААХҮ-ийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн М.Ариунболдоос зарим зүйлийг тодрууллаа.
 
-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн сайд П.Сэргэлэн оюутнуудыг “Орлоготой оюутан” хөтөлбөрт хамрагдаж, ургац хураалтад оролцохыг уриалсан. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
 
-Манай улсад өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ жил ургац арвин ургалаа. Гэвч ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс есдүгээр сард хөрсөн дээр цочир хүйтэрнэ гэдгийг тариаланчдад анхааруулж байна. Тэгэхээр энэ их ургасан ургацаа хурдан хугацаанд яаралтай хурааж авах шаардлага бидэнд тулгарч байгаа юм. Мэдээж үүнд хүн хүч хэрэг болно.
 
Ганцхан газар тариалангийн компанийн ажилчид ургацаа хураана гэвэл хүч хүрэхгүй. Тиймээс Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн оюутан залуус болон дайчдад зориулж уриалга гаргасан. Энэ нь юу гэхээр эх орныхоо ажилд тусалж, ургац хураалтад оролцооч гэж уриалсан. Социолизмын үед намар болохоор л бүх нийтийн үйлс гэж сайхан ажлыг зохион байгуулдаг байсан. Тэгэхээр энэ сайхан уламжлалаа сэргээж, санаачлагатай ажиллая гэдэг уриалгыг л гаргасан юм. Энд нэг зүйлийг давтан хэлмээр байна. Сайд зөвхөн оюутан залууст хандаж уриалга гаргасан.
 
-“Орлоготой оюутан” хөтөлбөрт хамрагдаж, цалинтай ажиллана гэсэн шүү дээ?
 
-Зах зээлийн нөхцөлд ажиллаж байгаа учраас цалин хөлс, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны байдал, орон байр, хоол хүнсээр хангах асуудал гарч ирнэ. Гэхдээ эдгээр асуудлыг зөвхөн аж ахуйн нэгж, оюутан, залуусын хоорондын гэрээгээр зохицуулах юм. Тэрнээс биш төсвөөс санхүүжилт гаргаад, цалингийн хөлсийг нь тогтоогоод оролцож байгаа зүйл байхгүй.
 
Хэдэн оюутан авч, ямар хугацаанд ажиллуулах вэ гэдэг зөвхөн аж ахуйн нэгжийн л шийдэх асуудал. Тухайн оюутанг төмс хураалтын ажилд авах уу, тариа хураалтад авах уу гэдгээ мөн л аж ахуйн нэгж шийднэ. Ажил олгогч, оюутан хоёрын хооронд байгуулж байгаа гэрээ бий. Тэр гэрээгээрээ л зохицуулна. Харин сайдын хувьд бүх нийтийн үйлс шүү гэдгийг уриалж л байгаа юм.
 
Социолизмын үеийн ургацан төв штаб шиг бүх хөдөлмөрийн фронт, нөгөө талаар ажиллах залуусын хүсэлтийг нийлүүлж, захиалгаар дисбючерийн үүрэг гүйцэтгэдэг зохион байгуулалт байхгүй. Зөвхөн тухайн оюутны хүсэл сонирхол дээр тулгуурлаж явагдана. Хэрвээ нэг оюутан ургац хураалтын ажилд оролцохыг хүсвэл оролцож болно. Тэрнээс биш нэгдсэн журмаар гэсэн ойлголт байхгүй. 
 
-Одоогийн байдлаар оюутнуудтай гэрээ байгуулсан компани байгаа юу. Хэчнээн компани байна вэ?
 
-Мэдэхгүй. Ямар ч байсан намрын ажил эхэлчихсэн. Ургац хураалтад цэргүүдийг авч ажиллуулж байгаа аж ахуйн нэгжүүд бий. Оюутнуудын хувьд мэдэхгүй. Оюутнууд Монголын оюутны холбоо, их, дээд сургуулийнхаа сургалтын албатай уулзаж, мэдээлэл авах хэрэгтэй. 
 
-Газар, тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэчнээн компани байдаг вэ?
 
-Манай улсад бүтээний үйлдвэрлэл эрхэлдэг 1200 аж ахуй нэгж бий. Томоохон талбайтай 500-600, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхэлдэг 370 гаруй аж ахуй нэгж байдаг. Хэчнээн нь оюутан сурагч авахаар захиалга өгснийг мэдэхгүй. Компаниуд шууд их, дээд сургуулиудтай хамтарч ажиллаж байгаа. 
 
-Ургац хураалтын ажил жигдэрсэн үү?
 
-Энэ жил улсын хэмжээгээр 375.3 мянган га талбайд үр тариа, 22 мянган га талбайд төмс, хүнсний ногоо, 63.8 мянган га талбайд тосны ургамал, 25.3 мянган га талбайд тэжээлийн ургамал, 4.2 мянган га талбайд эмийн ургамалыг авна. Нийт 491.2 мянган га талбайд ургац хураалтын ажлыг зохион байгуулаад явж байна. Бэлтгэл ажил хангагдсан. Хураалтын ажил эхэлсэн. Ургац хураалттай холбогдуулан яаманд ургац хураалтын ажлыг зохион байгуулах үүрэг бүхий улсын комисс, орон нутагт салбар комиссууд байгуулагдсан. Одоогийн байдлаар ангилан хадалтын ажил жигдэрсэн. 

Монголын мэдээ
Н.Батзаяа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ээж 2016-09-22 08:36:42
    ХСИС ийн 500 сонсогч сар гаруй ургац хураалтад ажиллаж байна энэ сургууль мөнгөний шулаач дээрмийн шинжтэй үйл ажиллагаа явуулдаг аймшигтай сургууль
    202.9.40.109
    Мэдэгдсэн Хариулах