Ц.Цэнгэл: Хэт намчирхвал эдийн засагт халгаатай

Ярилцах цаг” булангийн энэ удаагийн зочноор МАН-ын гишүүн,  УИХ-ын гишүүн асан Ц.Цэнгэлийг урилаа.

-МАН эдийн засгийг эр­­чим­жүүлэх тухай үе үеийн Ерөнхий сайд, байн­гын хорооны дарга болон хариуцлагатай алба ха­шиж байсан  эрхмүүдтэй санал солилцож эхэлжээ. УИХ-ын гишүүн, Зам тээ­вэр, аялал жуулчлалын сайд зэрэг хариуцлагатай алба хашиж  байсан хүний хувьд та ямар бодолтой байна?

-Эдийн засгийн чадав­хийг сайжруулах нь манай улсын хувьд хам­гийн чухал асуудал. Ялангуяа бүтээн байгуу­лалт, томоохон дэд бүт­­цийн салбаруудаа хөг­жүүлж байж эдийн за­саг урагшлах нь хэнд ч ойлгомжтой. Харам­салтай нь хөрөнгө мөн­гө хязгаарлагдмал бай­даг учраас энэ бүхэн хэрэг­жихэд төвөгтэй юм.

Тиймээс аль ч Засгийн газрын үед дэд бүтцийнхээ салбарыг түлхүү хөгжүүлэх, түүнээс гадна эргэлтэд оруулах боломжтой зүйлүүдэд  анхаарах нь зүйтэй. Манай намаас эдийн засгийг эрчимжүүлж, дэд бүтцийн салбарыг хөгжүүлэх талаар бодлогын чанартай томоохон асуудлуудыг ярьж  байгаа.  Засгийн газар анхааралдаа авч хэрэгжүүлээсэй гэж бодож байна. Манайхны гол алдаа бол төрийн болоод  улс төрийн бод­логод залгамж алга. Дөрөв, дөрвөн жилээр бодлого нь өөрчлөгддөгөөс улс орны хөгжлийн том бодлогод чиглэсэн бус тухайн цаг үеэ дагасан  эдийн засгийн бодлого ярьж, тэр нь хөгжих гээд хөлөө олж байсан зүйлүүдийг нурааж  эдийн засгаа сөхрүүлээд байна.

Улс орны том бодлого Оюутолгой, Тавантолгой гэхчлэн өмнөх засгийн үед ярьж байснаа хэрэгжүүлж, гэрээ хэлцлээ  үргэлжлүүлээд явсан бол бид өнөөдрийнх шиг хүнд байдалд  орохооргүй байсан.  Урд хөрш ч гэсэн биднийг чамлахаар байдалд хүрчихгүй  байсан. Хэт улстөржиж намчирхсан байдал эдийн засагт халгаатай байна. Монгол  нэг л улс. Тиймээс улс орны төлөө хийж, хэрэгжүүлж ирсэн өмнөх Засгийн газруудын бодлогыг үргэлжлүүлж, алдааг нь засч залруулж  явахгүй бол цоо шинээр ажил эхлүүлнэ гэвэл бүтэхгүй. Бид  хоорондоо хэл амаа олохгүй арав, хорин жил боллоо. Энэ хооронд хоёр хөрш маань хөгжиж, хөгжлийн дээд шат руугаа орсон. Жишээ нь, бид Замын-Үүдэд  нисэх онгоцны буудал барья. 

Читад байгаа ОХУ-ын Зүүн Сибирийг  Хятадын бараагаар хангаснаар  манай улсын эдийн засагт  ашигтай  гэж олон жил ярьсан. Биднийг хөдөлж ядсаар байтал Хятадын Эрээнд энэ бүхэн бий болчихлоо. Уг нь энэ асуудлыг  би салбарын сайдаар ажиллаж байхдаа 2007 онд  оруулж, Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байх үед баталсан. Гэтэл зарлиг гараагүй байтал төмөр замын бодлого уначихсан. Ингээд төмөр замын асуудал надаас хойш  хэд хэдэн сайдын үе дамжсан ч  ажил хэрэг бололгүй явж ирлээ. Одоо энэ салбарт ярьж байгаа асуудлыг харахад аль 2007-2008 оны үед ярьж байсан зүйлүүд зөв байсан нь тогтоогдож байх жишээтэй. Тэр ч болохгүй, энэ ч болохгүй гэж хүүхэд чихэр булаацалдаж байгаа юм шиг маргаад байх юм бол бид яаж урагшлах юм бэ. Энэ байдалдаа дүгнэлт хийж, дараа дараагийн ажлаа бодмоор байна.

-Тухайлбал, та төмөр замын  царигийн асуудлыг хэлж байна уу?

-Манайхан төмөр замын цариг өргөн байх нь зөв, нарийн байх нь зөв гэж удтал  улстөржүүлсээр  арай гэж баталсан. Баталсан хойноо ч төмөр замаа тавьж чадахгүй хоёр хөршийнхөө хооронд асуудал үүсгэж заримыг нь  гэдийлгэчихсэн. Дотроо бодолтой, төрийн ноён нуруутай байж  хоорондоо хэл амаа ололцоод явчих юманд  бид өөрсдөө алдаад  байна. Зарим нөхөд телевизийн камер харахаараа эх оронч дүр эсгэж, хэлэх хэлэхгүй үг хэлдэг нь улс орны эдийн засгийг унагах, эх орноо хөгжүүлэхэд ихээхэн нөлөөлөх юм. Төрд байгаа хүмүүс энэ  байдлаа болих хэрэгтэй.

Төмөр замын цари­гийн тухайд намайг сайд байхад  л уурхайнууд дээр царигаа нарийнаар явуулъя, ерөнхий магистрал нь өргөн байя гэж тогтсон.Төмөр замд бүх төрлийн тээврийг хангасан нөхцөл байдлыг бий болгохоор  шийдвэрлэсэн. Уурхай руу явсан зам нарийн байлаа гэхэд ОХУ өргөн царигаар  түүхий эдээ авах боломжтой. БНХАУ ч түүхий эд та­тах, ачаа, бараа, зорчигч тээвэрлэхэд нээлттэй. Тэнд галт тэрэг мөр­гөлдөх, царигаас үүдэж   дугуй солих   гэх мэт асуудал үүсэхгүйгээр  хоёр улсын эрх ашгийг хамгаалсан шийдэл гаргах ёстой. Ийм байдлаар бид бодлогоо  эрт тодорхойлсон. Гэтэл удтал   маргалдаад  эцэст  нь тэр үеийн шийдэл рүүгээ өнөөдөр эргээд очиж байна. 

Зам тээвэр, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байхдаа миний оруулж,  Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлж  байсан зам харилцааны маршрут, дүгнэлтүүд тэр чигээрээ одоо л  яригдаж байна шүү дээ. Ийм байх ард түмэнд л хохиролтой. Дээгүүр улстөржиж маргаж байгааг ард түмэн янз бүрээр ойлгодог. Тэрний ярьж байгаа нь зөв юм уу, эсвэл энэ нь зөв үү  гээд эргэлздэг.  Ингэж маргааны үр хөврөлийг хотоос хөдөө рүү тавьж, улс даяар намчирхаж талцсан байдал руу оруулж болохгүй.  Төрийн бодлого төвшин байх ёстой. Бид хэтийдсэн том зүйл хайгаад байх ч  шаардлагагүй. Тухайлбал, Катар, Арбын нэгдсэн улс  гэхэд хүн амын хувьд манайхаас томгүй. 10 орчим сая хүн амтай гэж  байгаа ч үндсэн хүн ам нь хоёр сая хүрэхтэй үгүйтэй, 6-8 сая хүн тэнд очиж ажиллаж байгаа хүмүүс.

Яагаад гэвэл, орчин нь тааламжтай, цалин нь  ахиу. Улсын хэмжээний ихээхэн  хөрөнгө эзэмшиж байгаа  2-3 хүн  нь нефтийн ашгаа ард түмэндээ тэгш хуваарилаад өгчихсөнд гол учир байна. Сүүлийн үед Арабын нэгдсэн улс  хүн амынхаа боловсролд анхаарч, сургаж эхэллээ. Гаднаас ажиллах хүч аваад байтал иргэд нь мэдлэггүй байгаа тул  боловсролыг  эрхэмлэх болжээ. Бид тэднээс дутах юм алга. Эзэн Чингисийн үеэс энэ  газар нутаг, байгалийн баялагийг  бидэнд өвлүүлж үлдээсэн. Түүн дээр гурав хүрэхгүй сая хүн амыг ая, тухтай амьдруулах бүрэн боломжтой. Тиймээс  байгалийн баялгаас хүн бүрт хувь эзэмшүүлж, боломж олгох хэрэгтэй. Нүүрс болон алтны  хувийн уурхай байж болно.

Харин тэр нь нэг цонхны бодлогоор гадагшаа гарч, улсад татвар нь орох  ёстой. Өөрөөр хэлбэл, тэнд Дорж нүүрсээ хямд өгөөд, Бат нь арай өндөр үнээр гаргаж, тэр хооронд авч байгаа хүмүүс үнэ зохилдуулж, эцэстээ үнэгүйдүүлдэг  таарахгүй. Өнөөдөр манай нүүрс­ний уурхайнууд ийм бай­далтай байна. М.Оджаргалын  “Энержи Ресурс”-ийн нүүрсний үнэ буулаа. МАК мөн тийм байдалд очлоо. Тавантолгой өнөөдөр ямар байна вэ. Энэ бол  хоорондоо учраа олохгүй байгаагийнх. Заавал Тавантолгой төрийн мэдлийнх гээд машин механизм авч,  хүн томилдог байх шаардлагагүй. Хувьд эрхийг нь өгөөд, нүүрсийг нь авч яагаад болохгүй гэж. Өгч чадахгүй бол бид татвараа энэ хэмжээнд авна шүү гээд зохицуулахад л  болно шүү дээ.

-Манай улсын хувьд эдийн засгаа  хөл дээр нь босгоод зогсохгүй ихээхэн ашиг олно гэж тооцож байсан ордууд  бол Оюутолгой, Тавантолгой. Өнөөдөр тэндээс ямар ч ашиг олохгүй  гэцгээж байна. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Ийм байдалд хүрсэн  гол шалтгаан нь миний түрүүнд хэлсэн дотооддоо хэл амаа олохгүй байгаа явдал. Хөрөнгө оруулалт орж ирэх гэхээр улс төрийн үүднээсээ ашигтай, ашиггүй гэсэн  хардлага,  талцал гардаг. Ийм байхад  төрд зүтгэж, улс орны төлөө явах хүн ч ховордно. Энэ чинь  нэг их дуртайдаа хийгээд байгаа юм биш, өөрийн мэдэг, оюуныг улс орондоо  зориулъя гэсэн хүмүүс бас бий шүү дээ. Гэтэл ийм зүйлд намын эрх ашиг, улстөрийн сонирхлоор бие биеэ үгүйсгэх зарчмаар явах  хортой. Тиймээс Оюутолгойн гэрээ, зөв буруу гэхээс илүү хөрөнгө оруулагч талтай ойлголцох талд түлхүү ажиллах ёстой юм. Гэтэл маргасаар байгаад Хятадууд зарчихсан сураг гарч байх жишээтэй.

Ер нь бол   Хятад манайхаас юм авлаа гэхэд хэрэглэх шаардлага нь маш бага. Яагаад гэвэл өөрсдөө маш их баялагтай орон шүү дээ. Тиймээс  тааламжтай цагийг хүлээж байгаад өөрсдийн  ажлаа эхлүүлэх биз.  Бидэнд уурхай барьж өгөөд, авдгаа авч ашиглая гэх  нь юу л бол. Яахав, нэгэнт барьсан юм ажил эхлүүлье гэвэл хийх л байх. Гэхдээ л удна гэсэн үг.  Уг нь бид гуравдагч орныг оруулж ирээд найрсаг харилцааны үүднээс ажил хэргээ явуулах байтал чадсангүй гаргаад явуулчихаж байна.

Эцэст нь газар нутгаа, баялгаа барьцаалсан байдалд бид  хоосон үлдэхээр  байна. Энэ байдал руу хэн оруулав, хариуцлага тооцох юм бол манай улс төрчид л шүү дээ. Яг тэр, энэ гэлтгүй нийтлэг байдлаар ийм байгаа учраас  хэн юу ярих нь хамаагүй болж, амандаа орсныг л ярьцгааж  байна. Үнэндээ бол  жаахан мэдлэгтэй, эх орондоо хайртай хүмүүс байсан бол ингэхгүй л байсан байх.

-Тавантолгойн хувьд та юуг  нь онцлох вэ?

-Тавантолгойн асуудлаар   манайхан хөршүүдийнхээ янзыг үзэж, эцэстээ бүр  баллаж орхилоо. Танайд төдөн хувь, тэднийд төдөн хувь өгье, хамтарч ажиллая гэж хуурсаар, одоо ОХУ манайхтай  таатай сайхан харилцахаа байлаа. Үнэн, худлыг мэдэхгүй ч саяхан манайхаас томилогдсон Элчин сайдыг хүлээж авахгүй, баталгаажуулж өгөхгүй байгаа сураг чих дэлссэн. Энэ том гүрэн ингэж харилцана гэдэг бидэнд сануулга өгч байгаагийн илрэл. Бид ямар үед, хэнтэй  хэрхэн харилцаж ирэв гэдгээ бодож  найрсаг харилцаа, нөхөрлөлийн  талаар төрийн хар хайрцагны бодлоготой баймаар байна.

Тэр үүднээсээ хойр хөрштэйгээ  харилцааны нааштай уур амьсгалыг  бий болгох хэрэгтэй. Хоёр хөрш маань хэлэх хэлэхгүй үгээ мэддэг, төрт ёсны харилцаанд эрхэмлэдэг зүйлүүд нь  тийм ч амархан арилж алга болчихдоггүй. Харин манайхан л уламжлалаа уландаа гишгэж, ардчилал нь анархизм болж хувирлаа.  Царигаа эрт шийдсэн бол Оюутолгой, Тавантолгойгоор дайруулан төмөр замаа тавьж, асуудал аль  эрт шийдэгдэж  ашиг олох боломж  байсан. Энэ бүхнээс үүдэж нэг зүйлийг хэлэхэд манайд улс төрийн асуудал ойрын хэдэн жилдээ ээдрээтэй байх нь.

-Тэгвэл гарц нь юу байх бол?

-Улс төр төлөвшиж байж  энэ байдлаас гарна. Тухайлбал, манай нам энэ талаар санаачилга гаргасан шүү дээ. Ялсан нам ч гэлээ бид  2008-2012 онд ялагдсан намыг хамтраад ажиллая гэж  засагт оруулсан. Гэтэл тэдэнд ямар ч сэтгэл байсангүй. Эцэст нь Монголын ард түмнийг  намаар, улстөрөөр талцуулж, ажил албанаас нь халдаг сольдог тогтол­цоонд оруулчихлаа. Ийм байхад эвлэрэх  бус хага­рал руу л илүүтэй явна.

- С.Баярын Засгийн газрын үед Тавантолгойг төр 100 хувь мэдэлдээ авна гээд хувьцаа эзэмшигчдээс хувьцааг нь хурааж  авсан. Тэр үед өөрийн эзэмшлийг өгсөн цөөхөн хүний нэг нь та. Өнөөдөр эргээд харахад түүнээс ард түмэнд наалдсан, улс оронд ашгаа өгсөн  ахицтай зүйл алга шиг санагдах юм?

-Тухайн үед нийт Тавантолгойн хувьцааны таван хувийг эзэмшиж байсан хэдэн хүн бий.  Надтай хамт Д.Идэвхтэн, Батж.Батбаяр, Сү.Батболд нар байсан. Мөн анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай байна. Бид  С.Баярын яриад байгаа  асуудлыг шийдье, аваад явах хүмүүст нь өгье. Тэд ард түмэн, улс оронд ашигтайгаар хийнэ биз  гээд  өөрсдийн  эзэмшиж байсан хувь, хувьцааг  өгсөн юм.

-Яг  хэдэн хүн хувьцаагаа өгсөн юм бэ?

-Миний саяын хэлсэн хэдэн хүн л өгсөн, бусад нь аваад үлдсэн шиг билээ. Бидний хувьд  төр 100 хувь мэдэлдээ авч, үнэхээр нэг багц болгон менежмент хийгээд явчих юм байна гэж бодсон. Гэтэл тийм  байдлаар яваагүй, “Энержи Ресурс” гэж тусад нь гаргаад явсан. Хэрэв тэгэх байсан бол бид хувьцаагаа өгөлгүй цаашид оролцоод явах бололцоо байсан. Тухайн үед янз янзын юм болсон байх. Гэхдээ өөрийн эзэмшиж байсан хувьцааг өгсөндөө би харамсдаггүй. Харин  нөхцөл байдлыг анзаарч ажиглаж байхад төрийн зүгээс, Ерөнхий сайд нь уулзаад бидний хувьцааг авсан атлаа ялгавартай хандчихав уу даа гэсэн бодол төрдөг.

-Ойрын үед, тухайлбал 100 хоногт эдийн засгийн байдал сайжрах ямар боломж байна вэ. Үүсээд байгаа нөхцөл байдлыг та   хэрхэн дүгнэж  байна?

-Эдийн засгийг сэр­­­гээхэд бид  нэгдүгээрт,хоёр хөрштэйгээ  харилцаагаа сайжруулах хэрэгтэй. Энэ талаар ажиллах шаардлагатай. Улс төрийн төвшинд, хамтын ажиллагаа, харилцааны төвшинд анхаармаар зүйлүүд байна. Мөн орж ирж буй хөрөнгө оруулалтыг оновчтой зөв зүйлд зарцуулах хэрэгтэй юм. Ажиглаад байхад цөөн компанид, эргэн нөхөгдөх боломжгүй зүйлд зарцуулаад байгаа тал бий. Жишээ нь, зам тавихад хөрөнгө гаргаж байна. Тэр бол эргэн нөхөгдөх боломжгүй усанд шидсэн чулуу шиг л  болно. Тиймээс замын ажлыг эдийн засгийн хувьд нэлээд бяртай болсон үедээ барьж авах хэрэгтэй. Юуны өмнө  бүсээ чангалж байгаад ч болов  эхлүүлэх  ажил бол төмөр зам  тавих юм.

Тэгвэл түүгээр явах ажил хурдасч, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргаж эдийн засгаа  сайжруулах  боломжтой. Ялангуяа манай улс сүүлийн үед  уул уурхайгаас хамаарсан эдийн засагтай болсон. Түүхий  эд авдаг  гол улс нь  БНХАУ. Тиймээс үүнд  анхаармаар байна. Ер нь гадаад харилцаа  талд анхаармаар асуудлууд олон бий. Манайхан хоёр хөршөө гэдийлгэснээс үүдэж тэд   Америктайгаа харилцана биз гэсэн байдлаар  бидэнд хандаад байна.  Тухайлбал, Америк боловсролыг эрхэмлэж, Америкийг шүтсэн улс түүгээрээ хөгжинө биз гэсэн ёгт утгатай юм ярих  нь энүүхэнд. Тиймээс манайхан намчирхах бус улс эх орноо бодох цаг ирсэн гэдгийг хэлэх байна.

Ч.ҮЛ-ОЛДОХ
ЗУУНЫ МЭДЭЭ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.