Хятадын зүүн этгээдийн Ханзоу мужид их 20-ын уулзалт зохион байгуулагдаж, өчигдөр албан ёсоор өндөрлөлөө. “Их 20”- ийн бүлгийг “Аж үйлдвэржсэн болон хөгжиж буй улсуудын” гэж тодотгодог. Эдгээр 20 орны удирдагчид Хятад улсад уулзаж, дэлхийн эдийн засагт тулгарч байгаа сорилтуудыг хэлэлцлээ.
 
Уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон БНХАУ-ын дарга Си Зиньпин тэргүүтэй удирдагчид оролцсон бөгөөд дэлхийн эдийн засгаа тогтвортой өсгөхийн тулд улс орнууд хэрхэн хамтран ажиллах тухай асуудал дээд хэмжээний уулзалтын гол сэдэв байв. Үүнээс гадна олон удирдагч нэг дор цугларснаа ашиглаж хоёр талын уулзалтуудыг хийсэн. Тиймээс Их 20-ын эргэн тойрон дахь сонирхол татсан хоёр тапт уулзалтуудын талаарх мэдээллийг хүргэе.
 

Хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг уриалав

 
Хятадын дарга Си Зиньпин Их 20 уулзалтын хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай уулзлаа. Энэ үеэр Си дарга “Хятад, ОХУ бүх чиглэлт стратегийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж, бүрэн эрхт аюулгүй байдлаа бэхжүүлэн, эрх ашгаа хамгаалан, харилцан нэг нэгийгээ дэмжих” хэрэгтэйг энэ үеэр онцолжээ.
 
Тэрбээр энэ үгээрээ өмнөд Хятадын тэнгис дэх Хятадын байр суурийг дэмжихийг ОХУ-д уриалсан хэмээн зарим эх сурвалж онцолж байна. Хоёр улс энэ сард Өмнөд Хятадын тэнгист хамтарсан цэргийн сургуулилт хийхээр төлөвлөсөн. Сургуулилт нь тус бүс нутагт цэргийн ажиллагаагаа идэвхжүүлж байгааг шүүмжилж буй АНУ гэх мэт барууныхныг эсэргүүцэх нэг хэлбэр болж байгаа юм.
 
Гэхдээ ОХУ албан ёсны мэдэгдэлдээ, Өмнөд Хятадын тэнгис дэх хилийн цэстэй холбоотой асуудлаар сөргөлдөгч талуудын аль нэг талыг баримтлахгүй. Төвийг сахисан байр сууринаас хандана гэдгээ мэдэгдээд байгаа.
 
Мөн уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч амлалтаа биелүүлж, Си Зиньпинд зайрмаг бэлэглэжээ. Тэрбээр “Амласан ёсоор нэг хайрцаг зайрмаг авчирсан” хэмээн бэлгээ өгсөн бол Си дарга сайхан сэтгэлд нь талархал илэрхийлсэн байна.
 

Барак Обамаг үл хүндэтгэв

 
Хятадын Ханзоу мужид зохион байгуулагдсан Их 20-ын бүлгийн уулзалтад оролцохоор АНУ-ын төрийн тэргүүн энэ сарын 3-нд тус улсад хүрэлцэн очжээ. Б.Обамагийн хувьд Ерөнхийлөгчийн албыг хашиж байх хугацаандаа оролцож буй сүүлийн дээд хэмжээний уулзалт болсон.
 
Гэвч түүнийг Хятадад газардах үед үл хүндэтгэсэн том алдаа гарсан гэнэ. Уг нь түүнийг улаан хивсээр бүрсэн хүндэтгэлийн шатаар буулгаж авах ёстой байсан ч тэр нь байгаагүй аж. Тиймээс онгоцны сүул хэсэгг очиж онгоцны өөрийн шатаар буухаас аргагүйд хүрсэн байна. Б.Обамаг гарч ирсний дараа хамгаалалтын ажилтнууд нисэх буудалд цугларсан сэтгүүлчид, тэр дотор АНУ-ын Цагаан ордны сэтгүүлчийг хүчээр холдуулж, цэнхэр олс татан дотогш нэвтрүүлэхийг хүсээгүй байна. Үүнээс болж олон сэтгүүлч Б.Обамагийн албаны хүмүүстэй гар барьж байгаа агшныг гэрэл зураг, видео бичлэгт буулгаж чадаагүй аж.
 
Америкийн тал энэ талаар гомдол гаргатал “Энэ бол манай улс, манай нисэх онгоцны буудал” хэмээн уурласан гэнэ. Тэгвэл энэ явдал эдүгээ америкчуудын гайхшлыг төрүүлээд байна. АНУ-ын томоохон хэвлэл хийгээд ажиглагчид уг явдлыг зүгээр ч нэг алдаа гэж үзэхгүй байгаа юм. БНХАУ-ын тал Их 20-ийн чуулганд ирсэн ОХУ, Их Британи, Энэтхэг, Бразиль гээд бүх улсын төрийн тэргүүнийг улаан хивс дэлгэн угтсан байна. “Дэлхийн хамгийн онцгой онгоц “Air Force Оnе”-ийг үл анзаарч, АНУ-ын Ерөнхийлөгчид улаан хивс дэвссэн шатаа тавьж өгөхөө мартсан гэвэл түүн шиг худлаа зүйл үгүй. Хятадууд ийм зүйлд хэзээ ч алдаа гаргадаггүй юм” гэж тус улсад хоёр ч удаа Элчин сайдаар ажилласан Мексикийн дипломатч Хорхе Гуаердо хэвлэлд ярьсан байна.
 
Харин Нью-Йорк Таймс хятадууд зочдоо доромжилж буй хэлбэр хэмээн онцолжээ.
 

Гюлины асуудлыг хэлэлцлээ

 
Их 20-ын бүлгийн уулзалтад оролцохоор Хятадын Ханзоу мужид зочилсон АНУ-ын Төрийн тэргүүн Барак Обама Туркийн Ерөнхийлөгч Ресеп Тайип Эрдогантай хоёр талт уулзалт хийжээ. Тэдний уулзалтын гол сэдэв өнгөрсөн долдугаар сарын 15-нд Туркид гарсан цэргийн эргэлтийг хөшигний араас удирдсан гэх Фетуллах Гюлиныг шилжуүлэх асуудал байв. Уулзалтын үеэр Эрдоган АНУ-д орогнож буй Ф.Гюленыг Туркийн талд шилжүүлэн өгөхийг шаардсан байна. Туркид цэргийнхэн төрийн эргэлт хийхийг оролдсоноос хойш хоёр улсын төрийн тэргүүнүүд анх удаагаа нүүр нүүрээ харж уулзсан нь энэ байлаа.
 
Уулзалтын төгсгөлд хийсэн хэвлэлийн хурлын үеэр Эрдоган “Терроризм ямар ч хэлбэртэй байсан муу үр дагавартай” хэмээн онцлон тэмдэглэсэн байна. Тэрбээр мөн Гюлиныг дэмжиж буй хэнийг ч “Террорист бүлэглэл” гэж үзэхээ илэрхийлж, АНУ-ын талаас цэргийн эргэлтийг удирдсан эрхмийг шилжүүлэн өгөхийг шаарджээ. Түүнчлэн, Эрдоган цэргийн эргэлттэй холбоотой нотлох баримтыг АНУ-ын талд илгээнэ гэдгээ илэрхийлсэн байна.
 
Харин Барак Обама “Хууль бус үйл ажиллагаанд оролдсон хэнийг ч шалгах, хариуцлага ногдуулахад хамтарч ажиллана” гэдгээ амлажээ.


Монголын мэдээ
Б.Даваахүү

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.