УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах уу
Засгийн газар УИХ-ын ээлжит бус чуулган эхлэхтэй зэрэгцэн энэ  сараас хэрэгжиж эхлэх байсан Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиудын хэрэгжих хугацааг хойшлуулах төсөл өргөн барилаа. Ингээд наймдугаар сарын сүүлийн өдөр энэ хуулийн хэрэгжих хугацааг УИХ-аас хойшлуулсан тогтоолын төслийг баталлаа.  Энэ сарын 1-нээс хэрэгжиж эхлэх байсан дээрх хоёр хуулийн мөрдөж эхлэх хугацааг 2017 оны долдугаар сарын 1-нд болголоо. Хуулийн хэрэгжих хугацааг сунгаж буйгаа МАН-ын Засгийн газар эдгээр хуулиудыг дагаж мөрдөх бэлтгэл ажлыг хийнэ гэж тайлбарлаж буй. Дээрх хоёр хуулийг дагаж гарах ёстой процессын хууль болон Цагдаагийн тухай хууль, Прокурорын тухай хууль, Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай хууль, Хохирлыг барагдуулах сангийн тухай хуулийг өмнөх парламент ёсчлоогүйтэй холбоотой гэсэн тайлбарыг өгч байв.

Харин Гэмт хэргийн тухай хууль энэ сараас эхлэн хэрэгжснээр МАХН-ын дарга Н.Энхбаярын ялтайд тооцох хугацаа байхгүй болох байв. Учир нь энэ хуулиар бусдыг ялтай тооцох хугацаа байхгүй. Тийм учраас Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас Н.Энхбаяр нэр дэвших эрх нь нээгдэх аж. Үүнтэй холбогдуулан Н.Энхбаяр гэдэг ганцхан хүнээс болж нэлээд хэсэг иргэдийн эрхийг зөрчиж энэ хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулж байна хэмээн шүүмжлэх хэсэг ч байв.
Харин энэ хуулийн хэрэгжилтийг хойшлуулах сургаар МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъян “ Манай нам Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй” хэмээн мэдэгдлээ. Гэсэн ч МАХН-ынхан энэ шийдвэрээ эргэж харахад хүрэх нэгэн шийдвэрийг Ерөнхийлөгч гаргажээ.

Төрийн тэргүүн өчигдөр “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгуллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудыг буцаах тухай” 26 дугаар тогтоолд хориг тавьлаа.  

Ерөнхийлөгч “УИХ-аас 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр батлан 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ёсчилж Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлсэн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгуллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудыг буцаах тухай” 26 дугаар тогтоолыг хүлээн авч танилцлаа.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.8 дахь хэсэгт “Байнгын хороо, нам, эвслийн бүлэг хуулийн төслийг хэлэлцээд тухайн асуудлаар хууль, УИХ-ын бусад шийдвэр гаргах шаарлагагүй, эсхүл өргөн мэдүүлсэн төсөл нь боловсруулалтын шаардлага хангаагүй буюу хэрэгжих боломжгүй гэж үзвэл төслийг хууль санаачлагчид нь буцаах...” тухай заасан. Харин эдгээр хуулиудын хувьд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт заасны дагуу батлагдсанд тооцогдоно.
Ийнхүү нэгэнт батлагдсан хуулиудыг Улсын Их Хурлын тогтоолоор буцаах нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль дээдлэх зарчмыг зөрчсөн, төрийн залгамж чанарыг алдагдуулсан буруу жишиг тогтоохоор байна.
 
Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гурав дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.6 дахь хэсгийг тус тус үндэслэн, уг тогтоолд бүхэлд нь хориг тавьж байна. Хоригийг зохих журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье” гэсэн юм.

Ингэснээр УИХ 14 хоногийн дотор Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхээ шийдэх үлдэж байгаа юм. Тодруулбал, Хууль зүйн байнгын хороо, УИХ-ын чуулганаар хэлэлцээд, хоригийг авах авахгүйг шийднэ гэсэн үг.
Тэгэхээр  одоо  УИХ Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авах уу, баталсан хуулиа хамгаалах уу гэдгийг харах үлдэж байна.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Урианхан овогт Бадамжавын Жавхлан 2016-09-06 15:08:46
    Баталсан хууль биш ээ, тогтоолоо гээч. Ганц хүнийг дарах гээд бусдыг битгий хамруулаасай билээ.
  • irgen 2016-09-06 04:05:19
    buren erhiinhee hureend eronhiilogch horig tavih ni zov.uih huleej avah estoish dee mahan tolgoitnuud mini