Мирзияев Каримовыг залгамжлах уу

Хуучин ЗХУ нуран унаснаас хойш Узбекистан улсыг 25 жилийн турш удирдсан харгис дарангуйлагч Ислам Каримов таалал төгслөө. Үндсэндээ өнгөрсөн долоо хоногоос эхлэн түүнийг таалал төгссөн байж болзошгүй гэх мэдээлэл сайтуудаар цацагдаж эхэлсэн бөгөөд түүний охин Лола Каримова Тилльяева инстаграмм хуудастаа эцгээ тархиндаа цус харвасныг нотлосон нь эхний дуулианыг дэвэргэж орхисон юм.
 
Харин Засгийн газрын албаны эх сурвалж өнгөрөгч баасан гарагийн оройн 20.00 цагт Ислам Каримов 78 насандаа тэнгэрт хальсныг зарласнаар Укбекистаны харгис дарангуйлагчийн эрин үе дуусч буй нь нэгэнт ойлгомжтой боллоо.
 
Узбекистан улсын Ерөнхийлөгч Ислам Каримов агсныг эцсийн замд нь үдэх ёслолын ажиллагаа бямба гарагт тун зохион байгуулалттай болж өндөрлөсөн. Оршуулгын ёслолыг төв телевизээр шууд дамжуулан үзүүлсэн бөгөөд нийслэл Ташкент хотын эмнэлгээс Самаркандын ЮНЕСКО-ын дэлхийн өвд бүртгэгдсэн цэнхэр өнгийн бөмбөлгөн оройтой Регистаны талбай хүртэл Узбекистаны удирдагчийн оршуулгын цуваа үргэлжилсэн байна.
 
Зөвлөлт холбоот улсад багтаж байсан төв Азийн таван улсын дундаас хамгийн увайгүй, дарангуйлагч гэгддэг байсан Ислам Каримовыг ээж, ахынх нь хажууд нутаглуулжээ. Энэхүү оршуулгын ёслолд Афганистаны Ерөнхийлөгч Ашрап Гани нарын хөрш орны удирдагчид оролцсон байна.
 
ЗХУ нуран унаснаас хойш 25 жнлийн турш тусгаар тогтносон Укбекистан улсыг удирдсан Каримов эрх мэдлээ ийнхүү удаан хадгалж ирсэн нь урьдаас тооцож боловсруулсан зохион байгуулалттай сонгууль байсан гэдэг. 1991 онд Ерөнхийлөгчөөр томилогдсоны дараа 1996 онд бүх нийтийн санал асуулгаар тэрээр 2000 он хүртэл албан тушаалаа хадгалж үлдэх эрхтэй болж байв.
 
Харин 2000 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэж, 91.9 хувиар ялж байлаа. Тухайн үед АНУ “Узбекистаны сонгуульд шударга, чөлөөт байдлын аль аль нь алдагдсан” гэдгийг шүүмжилж байсан удаатай. Өнгөрсөн жил ч гэсэн тэрээр 90 хувийн саналаар ялж байсан юм.
 
ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан улс орнуудын хамгийн харгис нь гэж түүнийг тодотгосон нь учиртай. Түүнийг амьд сэрүүн ахуйд үе үе дэлхий нийтийн цочроосон аймшигт харгислалын хэргүүд ар араасаа гарч байлаа. Хамгийн аймшигтай нь 2002 онд Каримов хоригдлуудыг амьдаар нь чанасан явдал байв. Гэхдээ Афганистантай хиллэдэг, лалын гол улсын нэг Узбекистаныг лалын ариун дайчдын тэмцлээс хатуу гарын дор хамгаалж ирсэн нь түүний гавъяа байсан гэдэгтэй хэн ч маргахгүй.
 
Үнэндээ 32 сая хүн амтай, манай улсаас гурав дахин бага нутагт орших лалын шашны үзэл санаа хүчтэй нөлөөтэй, угийн дайнч ард түмнийг одоо хэн удирдах, тэр нь Каримовын дайтай ажиллаж чадах эсэх нь тун эргэлзээтэй болж байна. Гэхдээ зарим ажиглагчдын үзэж буйгаар Ислам Каримовыг залгамжлах хамгийн боломжит гурван хувилбар бий аж.
 
Тодруулбал, Ерөнхий сайд Шавкат Мирзияев, түүний орлогч бөгөөд Сангийн сайд Рустам Азимов, 1995 оноос хойш тус улсын Үндэсний Аюулгүй байдтын албыг толгойлж буй Рустам Иноятов нарыг нэрлэж байна.
 
Гэхдээ тэднээс хамгийн магадлал өндөртэй нь Мирзияев. Түүний хувьд 2003 оноос хойш Засгийн газрыг тэргүүлж байгаа. Өмнө нь тэрбээр 2001-2003 онд Самаркандын засаг дарга, 1996-2001 онд Жиззикын засаг даргаар ажиллаж байв. Хэрэв тэр Ерөнхийлөгч болбол Засгийн газар одоогийнхоос ч илүү дарангуйллын хэлбэрт шилжиж магадгүй гэнэ. Мирзияев удирдагчийн гэр бүлтэй ойроос гадна Оросын сонирхолд хамгийн их нийцдэг хүн гэгддэг.
 
Харин өөр нэг хувилбар нь Ерөнхий сайдын орлогч бөгөөд Сангийн сайд Рустам Азимов. Ташкентаас гаралтай түүний хувьд 1998 оноос хойш Засгийн газарт зүтгэх болжээ. Санхүүгийн салбарт тун туршлагатай нэгэн гэж үзэж болно. Узбекистан тусгаар тогтносноос хойш буюу 1992 оноос Үндэсний банкны Гадаад үйл ажиллагаа хариуцсан даргаар ажиллаж байсан тэрбээр Каримовын том охин Гульнаратай нягт хамтран ажиллаж, олон улсын гэрээ хэлцэл, гадаадын банкинд мөнгө төвлөрүүлэх зэрэг үйлсэд нь тусалж байсан гэдэг. Узбекистаны ажиглагчдын үзэж буйгаар Рустам Азимов Барууны орнуудтай харилцах туршлага талаасаа одоогийн Ерөнхий сайдаас ч илүү оновчтой сонголт байж болох талтайг онцолж байна.
 
Гурав дахь хувилбар бол Үндэсний аюулгүй байдлын албаны дарга Рустом Инояатов. Түүний хувьд одоогийн албан тушаалаа 1995 оноос хойш хашиж ирсэн. Гэхдээ эхний хоёр хувилбарыг бодвол дэмжигчид бараг үгүй гэж хэлж болно. Тиймээс дараагийн Ерөнхийлөгч болох боломж тун бага.
 
Зарим шинжээчдийн хувьд Кариновын охидыг дараагийн Ерөнхийлөгч болох хүмүүсийн тоонд багтаадаг хэдий ч, бүс нутгийн хурцадмал байдлын голомт болсон Узбекистан улсыг түүний охид удирдах боломж бараг үгүй. Нэгэн үе том охин Гульнара Каримов дараагийн “титмийн эзэн” гэгдэж байсан ч, 2014 онд түүний замнал нь төгсч, гэрийн хорионд орсон гэх мэдэаэлэл бий.
 
Ямартай ч, бүс нутгийн гол түшиц газар болсон Узбекистан улсын Ерөнхийлөгч таалал төгсөхтэй зэрэгцэн түүнийг хэн залгамжлах нь дэлхийн хэвлэл мэдээллийн анхаарлыг татаж эхэллээ.

Монголын мэдээ
Б.Даваахүү

Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine