Тэмээний ноосыг татваргүй экспортлохыг дэмжлээ
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ.

Өнгөрсөн дөрвөн жилийн байдлаар малын гаралтай түүхий эдийн экспорт нийт экспортын 6-7 хувийг эзэлж байсан бөгөөд жилд дунджаар 310 орчим сая ам.доллартай тэнцэх хэмжээний малын гаралтай түүхий эд экспортлосон байна. Үүний дийлэнх хэсэг буюу 60 орчим хувийг мал, амьтны самнаагүй үс, хялгас эзэлж байна. Манай орны хувьд малчид, бизнес эрхлэгчид, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн оролцоотойгоор импотлогч орноос экспортлогч орон болох бодлогыг хэрэгжүүлж, мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг экспортлох боломжийг нэмэгдүүлэх асуудлыг татварын бодлогоор дэмжих зорилгоор хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөл нь 2 зүйлтэй байх ба үүгээр малын гаралтай түүхий эдийн экспортыг бүхэлд нь татвараас чөлөөлж байгаа юм байна. Ингэснээр малын гаралтай түүхий эдийн экспорт нэмэгдэж, малчин өрхийн орлогын түвшинг нэмэгдүүлэх, эдийн засгийг солонгоруулах ач холбогдолтой хэмээн үзэж байгаа гэдгийн Сангийн сайд танилцуулгадаа дурдсан. Төсөл батлагдвал 2017 оны 01 сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан С.Эрдэнэ экспортын татвараас чөлөөлснөөр төсөвт хэр хэмжээний мөнгө орох, цаашдаа үндэсний үйлдвэрлэгч нарын асуудлыг хэрхэн шийдвэрлэх, малын гаралтай түүхий эдийг боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгож экспортод гаргах асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулав.
Сангийн сайд Б.Чойжилсүрэн, “Экспортын татварыг тэглэх учраас төсөвт ямар нэгэн орлого орохгүй. Түүхий эдийг боловсруулж, бүтээгдэхүүн болгохгүйгээр экспортод гаргах нь сайн зүйл биш гэдэгтээ санал нэг байна. Гэхдээ өнөөгийн нөхцөлд экспортын татвар ногддог бараа бүтээгдэхүүн бол тэмээний самнаагүй ноос байгаа юм. Одоогийн байдалд түр хугацаанд эхний ээлжинд энэ экспортын татварыг чөлөөлж гаргаж байгаад манай үйлдвэрүүдийн хүчин чадал нэмэгдээд ирэх үед таны ярьж байгчлан буцаагаад татвартай болгож болох байх. Дотоодын зах зээл малын гаралтай түүхий эдийн бүтээгдэхүүний үнэ унасан байгаа учраас ойрын нэг, хоёр жилийн хугацаанд татвараас чөлөөлөх нь зүйтэй гэж үзсэн” хэмээн хариулт өгсөн юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 71.7 хувийн саналаар Засгийн газраас 2016.08.24-ний өдөр өргөн мэдүүлсэн Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • tulga 2016-09-02 09:40:08
    Өлгийд мафийн компанийн тэмээний ноос цугдардаг. Tүүнийг татвараас чөлөөлөө гэснийг админ устгасныг ойлгосонгүй.