Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа ухаалаг системд шилжинэ

“Ухаалаг цагдаа” төслийг энэ жилээс эхлэн хэрэгжүүлэхээр болсон билээ. Энэхүү төслийн талаар УЦЕГ-ын цагдаагийн дэслэгч М.Зоригтбаатараас зарим зүйлийг тодрууллаа.
 

-Ухаалаг цагдаа хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу. Энэ төсөл ямар ач холбогдолтой вэ?


-Улаанбаатар хотын цагдаагийн газраас Нийслэлийн мэдээлийн технологийн газартай хамтран “Ухаалаг цагдаа” төслийг хэрэгжүүлэхээр Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлд танилцуулсан. Үүний дараа уг төслийг хэрэгжүүлэхээр болсон. Энэхүү төсөл маань хоёр үе шаттай хэрэгжих юм.
 
 “Ухаалаг цагдаа” төсөл цагдаагийн байгууллагын хэсгийн байр, дэд хэсгийг интернэтийн сүлжээнд холбож улмаар гэмт хэрэг зөрчил үйлдэгдэж буй эмзэг цэгийг тодорхойлон үнэлэлт, дүгнэлт өгч урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой зохион байгуулах зорилготой. Мөн бэлэн бус торгуулийн системийг нэвтрүүлэх, иргэн жолооч, тээврийн хэрэгсэл, эрэн сурвалжлалтын талаарх мэдээллийг шуурхай бүртгэх, дамжуулах, цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэнэ. Ер нь цагдаагийн алба хаагчдын ажлыг хөнгөвчилж, хэргийг түргэн шуурхай бүртгэж, дамжуулах чухал ач холбогдолтой гэж ойлгож болно.
 

-Хоёр үе шаттайгаар хэрэгжинэ гэлээ. Эхний удаад ямар ажил хийх вэ?

 
-Тийм. Эхний удаа энэ онд Цагдаагийн 152 хороо, дэд хэсгийн байрыг нэгдсэн сүлжээнд холбоно. Мөн гэмт хэргийн орон зайн мэдээллийн систем болон барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний нэгдсэн хянлатын системийг суулгах юм.
 
Үүний дараа 2017 онд уг төслийн хоёрдугаар үе эхэлнэ. Бид 2017 онд мэдээлэл дамжуулах цогц програм хангамжийн өргөтгөлийн ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн. Түүнчлэн төслийн дагуу “Ухаалаг цагдаа” мэдээлэл дамжуулах ухаалаг төхөөрөмжийг хэсгүүдэд суурилуулна. Ингэснээр цагдаагийн байгууллагын мэдээллийн үйл ажиллагаа ухаалаг системд шилжих юм. Дүн шинжилгээний системийг суурилуулах болно.
 
Ийм хоёр үе шатыг дамжсанаар энэхүү төсөл бүрэн хэрэгжиж дуусна. Ер нь хороодын цагдаагийн хэлтэс нэгдсэн системд холбогдоогүй учраас цагдаа нар шаардлагатай мэдээллээ нийслэлийн цагдаагийн газар очиж авдаг. Үүнээс болж цаг их алддаг. Ухаалаг цагдаа төсөл хэрэгжсэнээр цагдаагийн алба хаагчид хэрэгцээт мэдээллээ мэдээллийн нэгдсэн сангаас цаг алдалгүй авах, гэмт хэргийн мэдээллээ шуурхай өгөх боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, интернэтийн сүлжээтэй болно гэсэн үг.

 
-Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээг нэгдсэн системд оруулна гэж байна. Тэгэхээр үйл ажиллагааг хянана гэсэн үг үү?

 
-Нийслэлд үйлдэгдэж байгаа бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн гаралт жил ирэх тусам нэмэгдэж байгаа. 2010 оноос 2015 оны хооронд 103.6 хувиар буюу хоёр дахин өссөн. Энэ нь хулгайн гэмт хэргийн замаар алдагдсан эд зүйл худалдан авч, зарж борлуулдаг ченж, ломбардуудын үйл ажиллагаатай холбоотой.
 
Тиймээс  цагдаагийн байгууллагаас хулгайлах гэмт хэргийн зах зээлийг судалж, дүн шинжилгээ хийсэн. Тэгэхэд гэмт хэргийн газраас алдагдсан эд зүйлсийн тодорхой хувь нь барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбардаар дамжуулан зах зээлд нийлүүлэгдэж байгаа нь тогтоогдсон.
 
Иймд Улаанбаатар хотын цагдаагийн газраас НИТХ-аар “Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих журам”-ыг батлуулсан. Энэхүү журмын хүрээнд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний нэгдсэн хяналтын системийг ажиллагаанд оруулж энэ төрлийн үйл ажиллагааг эрхэлдэг аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллах юм. Хамтарч ажиллана. Тэрнээс биш байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавихгүй.
 

-Төслөөс ямар үр дүнг харж байна вэ?

 
-Товчхон хэлэхэд “Ухаалаг цагдаа” төсөл бидний үйл ажиллагааг сайжруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой зохион байгуулахад тусална. Ер нь цагдаагийн байгууллагын нэгдсэн сангаас цаг хугацаа алдалгүй сэжигтэн этгээд, тээврийн хэрэгсэл, жолоочийн бүртгэл мэдээлэл авдаг болно. Ингээд ирэхээр хэд хэдэн хүндрэл, бэрхшээлүүд алга болж байгаа.
 
Мөн гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж буй эмзэг цэгүүдийг тодорхойлох боломжтой болох юм. Мэдээлэл дамжуулах цогц систем, ухаалаг төхөөрөмжийг байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлснээр бэлэн бус торгууль ногдуулахаа болино. Торгуулийн систем хүртэл цахимд шилжинэ. Ер нь энэ төсөл маш олон ач холбогдолтой. Төслөөс сайн үр дүнгүүд гарна.
 

-Хэзээнээс эхэлж хэрэгжих вэ?

 
-Уг төсөл маань есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн.


Монголын мэдээ
Н.Батзаяа


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин  2016-09-02 04:08:25
    хамгийн хоцрогдсон хамгийн мэдлэггүй хуульч нар нь цагдаа нар
  • Золбин 2016-09-02 00:54:31
    Цагдаа нарын толгойг ухаалаг болгоход анхаарч сайн сурга. Одоо замын цагдаа торгууль тавих, хэв журмын цагдаа хун зодохоос еер зуйл мэддэггуй хендий толгойтууд....