Төв африкт орших 1.5 сая хүн амтай Бүгд найрамдах Габон улсын Ерөнхийлөгчийн бүх нийтийн сонгууль өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр зохион байгуулагдсан юм.
 
Гэвч сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн “цөс ихтэй” габончууд төрийн ордондоо гал тавьж, эмх замбараагүй байдал үүсгэжээ.
 
Энэ удаагийн сонгуулиар тус улсын Ерөнхийлөгч Али Бонго Ондимба улиран сонгогдсон нь ийнхүү бослого хөдөлгөөнд хүргэсэн байна.
 
1961 оноос хойш тусгаар тогтнолоо олсон энэ улсад Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа долоон жил байдаг ч, 2003 онд Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн сонгогдох хязгаарыг арилгахаар өөрчлөлт оруулсан удаатай. Ерөнхийдөө тусгаар улс болсноосоо хойш ердөө хоёр л Ерөнхийлөгчийн нүүрийг үзэж буй ажээ.
 
1990-ээд оны эхэнд Габон олон намын тогтолцоо нэвтрүүлж, сонгуулийн ажиллагааг ил тод болгож, төрийн байгууллыг шинэчилсэн шинэ ардчилсан үндсэн хуультай болсон юм.
 
Тэгвэл энэ улсад өнгөрөгч бямба гарагт Ерөнхийлөгчийн сонгууль явагдаж, өнөөгийн Ерөнхийлөгч нийт сонгогчдын 49.80 хувийн дэмжлэгийг авч, улиран сонгогдсон байна. Гэвч Сонгуулийн Ерөнхий хорооноос дүнг нийтэд зарласны дараа зарим хүмүүс нийслэл Либревилль хотноо бослого дэгдээж, парламентын ордоныг галджээ.
 
 
Эмх замбараагүй байдал өчигдөр ч үргэлжилсэн байна. Сөрөг хүчнийхний ийн балмад аашилсны дараа Засгийн газар ч зүгээр суусангүй. Тус улсын Аюулгүйн албаныхан гэмт хэрэгтнүүдийг барихын тулд сөрөг хүчний төв байр руу халдаж, томоохон хэмжээний мөргөлдөөн үүсгэжээ. Энэ үеэр хоёр хүн нас барж, 19 хүн гэмтэж бэртсэн байна.
 
 Сонгуульд сөрөг хүчнээс Африкийн холбооны экс дарга Жан Пин нэр дэвшсэн бөгөөд тэрбээр 48.23 хувийн санал авч, маш бага зөрүүтэйгээр ялагдал хүлээсэн юм. Гэвч одоогийн Ерөнхийлөгчийнхөө эрх мэдлийг дахин үргэлжлүүлэхийг хүсээгүй габончууд Ерөнхийлөгч Али Бонго Ондимбаг хууль зөрчин сонгуулийг луйвардсан хэмээн үзэж буй аж. Тэд аюулгүйн албаныхантай мөргөлдсөний дараа зургаа нь гэмтжээ.
 
Үүнээс гадна Либревилль хотын хэд хэдэн хэсэгт буун дуу гарч, парламентын ордон бүхэлдээ шатаж байсныг орон нутгийн гэрчүүд хэвлэлд мэдээлжээ. Сөрөг хүчнээс Ерөнхийлөгчид нэр дэвшсэн Жан Пиний ярьж буйгаар мөргөлдөөн өчигдөр 01.00 цагийн үед болжээ.
 
Харин зарим эх сурвалжийн мэдээлснээр “Засгийн газрынхан нисдэг тэргээр сөрөг хүчний төв байр руу агаараас цохилт өгсний дараа хэд хэдэн газраас гал нээж, 19 хүн гэмтэж бэртсэн” гэнэ. Тухайн үед Пин намын байрандаа байгаагүй аж. Харин яг тэр үед барилга дотор байсан сөрөг хүчний гишүүн Зачари Мибото аюулгүйн албаныхан эхлээд барилга руу нулимс асгаруулагч хий тавьж, дараа нь буудаж эхэлснийг гэрчилсэн байна.
 
Нөгөөтэйгүүр, Засгийн газрын хэвлэлийн албанаас ч гэсэн хариу тайлбар хийгээд байгаа юм.Тэдний мэдэгдсэнээр сөрөг хүчний төв байр руу цагдаагийнхан төрийн ордоныг галдсан гэмт хэрэгтнүүдийг баривчлах зорилгоор довтолсон гэнэ. “Ордонд гал тавьсан хүмүүсийн дунд Жан Пин өөрөө байсан. Олон зуун дээрэмчин, тонуулчидгайгаа хамт байсан. Тэд улстөрийн зорилготой жагсагчид биш гэмт хэрэгтнүүд” хэмээн Засгийн газрын хэвлэлийн албанаас албан ёсны тайлбар өгчээ.

Монголын мэдээ
Б.Даваа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-09-02 01:33:27
    Энэ улс яг манай дүү- улс болтой.Одоо дампуурлаа.Элбэгээг гэдэг мундаг ардчилагчийг буусны дараа энэ улс уруу элчингээр явуулна аа
    202.9.40.205
    Мэдэгдсэн Хариулах
  • Ёндон 2016-09-02 01:28:59
    Өрсөлдөгч намынхаа байрыг галдан шатаадаг АН-ын тэргүүн туршлага Африкт хүртэл түгэн тархаж байх шив.
    202.9.41.43
    Мэдэгдсэн Хариулах