Ядаж шинжилгээг нь үнэгүй болгочих

Есдүгээр сарын 1 боллоо. Энэ өдөр оюутан сурагчдын хувьд хамгийн их хүсч хүлээдэг өдөр байх. Харин манай гэр бүлийн хувьд юутай ч зүйрлэх аргагүй тийм нэгэн гуниг харууслын өдөр байдаг юм. Одоогоос яг дөрвөн жилийн өмнө тулах ганц багана болсон “ханхар уул” нурж байлаа. Айлын хүн өвдсөн гэнэ гэж сонсч байснаас биш, өөрт тохиолдоно гэж зүүдлээ ч үгүй явсан элэгний хорт хавдар өвчнөөр хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн хадам эцгээ уултай зүйрлэн ингэж бичлээ.
 
Одоо бидний дэргэд тэр хүн үгүй. Түүний хоосон орон зай сэтгэлд үгүйлэгдсэн хэвээрээ л байна. Чимээгүй өвчилж, хүнд шатанд орсон хойноо л илрэх элэгний хорт хавдрын улмаас өнчрөл хагацал үзсэн бидэнтэй адилхан гэр бүл Монголд цөөн биш шүү. Одоо ч төрөл төрөгсөд, танилын хүрээнд элэгний хавдартай, гал унтраах байдлаар түр аргацаасан эмчилгээ хийлгэж, өдөр хоногийг өнгөрүүлж яваа хүн олон байна. Анагаах ухаан хөгжсөн өнөө үед өвчинд шаналсан нэгнээ зүтээр харж байгаад нүдэн дээрээ үхүүлж чадахгүй учир хамаатан саднаараа халаасаа хоосолж байгаа дүр зураг эргэн тойронд өрнөсөн хэвээр.
 
Ерөнхийдөө сүүлийн 10 жилд элэгний хавдрын нас баралт Монгол Улсад улам бүр өсөн нэмэгдэж байгаа бөгөөд жилд 1900 гаруй хүн оношлогддог гэсэн сэтгэл сэрдхийлгэм тоо баримт байна.
 
Түүнчлэн, Монгол Улс дахь жилийн нийт нас баралтын 15 хувийг зөвхөн элэгний эмгэгийн нас баралт дангаараа эзэлж байна. Өөрөөр хэлбэл, нэг хоногт долоон хүн элэгний эмгэгээр нас барж, өдөрт долоон гэр бүл өнчрөл хагадал үздэг гэсэн үг юм. Энэ үзүүлэлтээрээ бид аль хэдийнэ дэлхийд цойлж явна. 100 мянган хүн тутам дахь элэгний хавдрын нас баралтаар дэлхийд манайх нэгдүгээрт бичигдэх болжээ. Өвчлөл өндөр байгаатай холбоотойгоор бид энэ өвчнийг үүсгэгч вирүсүүд хүний биед байдаг, байх ёстой мэт бодоцгоох болж. Тэр дундаа халдварт шар өвчнөөр өвчилсөн хүн л элэгний вирүстэй, өвчлөөгүй хүн вирүсгүй гэх бичигдээгүй хууль ч амьдралд үйлчилж байх шиг.
 
Гэтэл халдварт шар өвчнөөр өвчлөөгүй ч, архаг В, С, Д вирүст хепатитын халдвартай хэн нэгнээс цусаар, бэлгийн замаар, шпризнээс халдвар авсан 400 гаруй мянган хүн бидний дунд амьдарч байна. Шүдээ эмчлүүлэх, зүү төөнүүр тавиулах, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх гэх мэт ямар нэг байдлаар архаг В, С, Д вирүсийн халдвар дамжсаар байдаг аж. Гуравхан сая хүн амтай. Тэднээс насанд хүрсэн хүн нь хоёр сая хүрэхтэй үгүйтэй байгаа манай улсад 400 мянга гэдэг бол дэндүү ахадсан тоо.
 
Хамгийн харамсалтай нь тэдний 70 хувь нь халдвартай гэдгээ огт мэддэггүй байх юм. Элэгний В, С вирүсийн халдвар дамжих явцыг ДОХ-той адилтгаж болно. Гэхдээ архаг С хепатит вирүс ДОХ-оос 10 дахин хурдан, В вирүс 100 дахин илүү халдварламтгай бэлгийн замын халдварт өвчинд тооцогддог гэдгийг тэр бүр мэдэхгүй. Үүгээрээ ДОХ-той адил аюулт өвчин юм.
 
Нэгэн үе С, В хепатит вирүс эмчилгээгүй байв. Харин анагаах ухааны хөгжлийн явцад С вирүсийг устгах боломж бүрдсэн, В вирүсийн халдвараас сэргийлэх вакцин ч гарлаа. Гэхдээ үнэ нь иргэдийн халаасыг тэмтчинэ. Ийм үед төрөөс иргэдийн эрүүл мэнд рүү чиглэсэн бодлого өгүүлэгдсээр байгааг нуугаад яах вэ.
 
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр манайд ДОХ-ын халдвартай 200 орчим хүн бүртгэгдсэн байна билээ. Тэдний эмчилгээ, оношилгоог 100 хувь төрөөс даана. Харин тэрхүү өвчнөөс ч илүү өргөн тархалттай байгаа В, С, Д хепатит вирүсийн эсрэг эмчилгээнд бодитой хөнгөлөлт үзүүлж чадахгүй л байна.
 
Хонгилын үзүүрт гэрэл харагдана гэгчээр Оном сангаас санаачлан хэрэгжүүлж буй элэгний өвчлөлтэй тэмцэх хөтөлбөр шинэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт суусан байна билээ. Энэ оны төсвийн тодотголд элэгний С вирүсийн эмчилгээг Эрүүл мэндийн даатгалд хамруулж, 40 хувиар хөнгөлөхөөр 23.4 тэрбум төгрөгийг суулгасан гэсэн ганц эерэг мэдээ бий. Үүндээ 30 мянган хүнийг хамруулна гэж тооцсон гэх. Гэвч дэндүү чамламаар юм.
 
Зика, Эбола гэх мэт хаа хол дуулдах вирүсийн халдварлал, ДОХ-оос үхтлээ айх хэрнээ аль хэдийнэ айл бүрт шургалчихсан элэгний өвчлөлийг хөсөр хаясаар. Засгийн газраас айл бүрээ элэг бүтэн байлгахын төлөө дорвитой өөрчлөлт хийхийн төлөө ажиллах л гэж байгаа юм бол элэгний эмийн хөнгөлөлтөө 80 хувь болгочихооч. Эс бөгөөс ядаж вирүс илрүүлэх шинжилгээг нь үнэгүй болгоод өгөөч, гишүүд ээ.


Монголын мэдээ
Б.Даваа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин  2016-09-02 04:48:17
    тэдэнд хэлэхийн оронд"Хаданд хошгор".
  • зочин 2016-09-02 03:10:13
    Цусны шинжилээг хувийн эмнэлгүүд 55000 ₮-өөр 2-3 цагийн дотор хийж байна, хийлгээд байх боломжтой нь хэд билээ, засгийн эмнэлгийн очер нь нас хүрэхээгүй яана...
  • zochin 2016-09-02 02:31:45
    shinejilgeeg ni unegui daatgalaas avdag bmaar bn daa daatgalin munguur jild emnelegiin uilchilgeeg ter bolgon uzuulj chadahgui shuu dee
  • Zochin 2016-09-02 01:31:09
    Yadaj shinjilgeeg ny daatgalaasburen daamaar baina, Zaluuchuud bairnii zeeltei evdsen ued hevtej chadahgui yavsaar hundruulj baina
  • Батаа 2016-09-02 01:26:07
    Э/М салбар гэж үлбэгэр юм Санхүүжитын гол даатгал гэхдээ эмээ өвөө нарт түүх нээж хоол мөн витамин өгч байж санхүүжнэ мөн тэнэг байгаа биз тэгээдл болоо
    • зочин 2016-09-02 01:37:50
      эмээ өвөө нар чинь хийдгээ хийж улсаа та нарт өгсөн юм.Залуус хоосон зугаа цэнгэл хөөцөлдөөд улсаа авч явж чадахгүй,бас цусныхаа мөнгийгч төлж чадахгүй доошлоод...
  • зочин 2016-09-02 00:30:11
    ЗӨВ. Ядаж ШИНЖИЛГЭЭГ үнэгүй болгооч.