Оуск Голомт банктай хамтарч монгол улсын гадаад худалдааны салбарыг дэмжинэ

Дэлхийн Банкны Группын гишүүн Олон Улсын Санхүүгийн Корпораци (ОУСК) Голомт банкинд 10 хүртэлх сая ам.долларын гадаад худалдааны санхүүжилтийн баталгаа гаргах эрх олгож байна. Ингэснээр эрчим хүч, хөдөө аж ахуй, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний худалдааны салбаруудад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд, нэн ялангуяа ЖДБ-үүд импорт, экспортын бараа эргэлтээ сайжруулах боломжтой болох юм.
 
Энэ үйл явдалтай холбогдуулан Голомт банкны Гүйцэтгэх захирал Ө. Ганзориг “Голомт банк ОУСК-ийн энэхүү дэмжлэгийг Оюу Толгой төслийн 2-р үе шатны бүтээн байгуулалтын ажил ид үргэлжилж байгаа энэ цаг үед нэн шаардлагатай байгаа худалдааны санхүүжилтийн өсөн нэмэгдэж байгаа эрэлт хэрэгцээг хангахад ашиглах болно,” хэмээгээд “ОУСК бол манай банкны хувьд олон улсын хэмжээний чухал түнш байгууллага ба энэхүү худалдааны санхүүжилтийн шугамыг ашиглан манай харилцагчид олон улсын хамтрагч банкуудтай холбогдох боломж бүрдэж байна” гэж онцлон тэмдэглэв.
 
“Бизнес эрхлэгчдэд, нэн ялангуяа ЖДБ-үүдэд худалдааны санхүүжилт авах боломж сайжирснаар тэдний бараа, бүтээгдэхүүн импортлох, экспортлох боломж нь нэмэгдэж, Монгол Улс дэлхийн бусад орнуудтай хийх гадаад худалдааны бараа эргэлтээ сайжруулан, төрөлжүүлэх болдомжтой болно” гэж ОУСК-ийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Түен Д. Нгүен онцлон тэмдэглэв.


 
ОУСК-ийн Олон Улсын Худалдааны Санхүүжилтийн Хөтөлбөр анх 2005 онд хэрэгжиж эхэлсэн бөгөөд хөгжиж буй зах зээл, улс орнуудад нийтдээ 30 тэрбум гаруй ам. долларын 18,000 орчим худалдааны санхүүжилтийн баталгаа олгож, дэмжлэг үзүүлжээ. Хөтөлбөрийн хүрээнд 100 орчим улсын 500 гаруй түнш банкуудтай хамтран ажиллаж байгаа ба аккредитив, худалдааны вексель, хүлээн авсан вексель, шилжих вексель, баталгаа, тендерийн болон гүйцэтгэлийн бонд, урьдчилгаа төлбөрийн баталгаа зэрэг олон төрлийн баталгаа гаргадаг байна.
 
ОУСК-ийн тухай
ОУСК нь Дэлхийн Банкны Группын гишүүн бөгөөд хөгжиж байгаа зах зээл, улс орнуудын хувийн хэвшилтэй хамтран ажилладаг дэлхийн хамгийн том хөгжлийн байгууллага юм. Дэлхий дахинд нийтдээ 2000 гаруй бизнес, харилцагч байгууллагуудтай хамтран, 60 гаруй жил хуримтлуулсан өөрийн туршлагаа хамгийн их хэрэгцээтэй байгаа газар боломж бий болгохын тулд ашиглан ажиллаж байна. 2016 оны санхүүгийн жилд хөгжиж буй орнуудад хийгдсэн манай урт хугацаат хөрөнгө оруулалтын хэмжээ 19 тэрбум ам. долларт хүрсэн. Ядуурлыг арилгаж, хүртээмжтэй хөгжил цэцэглэлтийг дэмжихэд чиглэсэн дэлхий нийтийн хүчин чармайлтад хувийн хэвшил шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг бөгөөд манай байгууллага үүнд туслалцаа дэмжлэг үзүүлж байна. Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл www.ifc.org хуудсаар зочилно уу.
 
Голомт банкны тухай:
1995 онд үүсгэн байгуулагдсан Голомт банк нь Монгол Улсын хувийн томоохон арилжааны банкуудын нэг бөгөөд байгууллага болон иргэдийн банкны үйл ажиллагаагаараа тэргүүлэгч банк болж хөгжин, дотоод гадаадын харилцагчдад санхүүгийн цогц үйлчилгээг үзүүлж байна. Тус банк нь эдийн засагт системийн ач холбогдолтой чухал үүрэг гүйцэтгэж, нийт томоохон аж ахуйн нэгжүүдийн 80 орчим хувь, хот суурин газрын оршин суугчдын дийлэнх хэсэгт хүрч үйлчилж байна. 2015 оны санхүүгийн жилд Голомт банк нийт хадгаламжийн зах зээлийн 23.3 хувийг эзэлсэн нь Moody’s агентлагийн Монгол Улсын хамгийн сайн эх үүсвэртэй банк гэсэн үнэлгээг баталгаажуулсан. Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл www.golomtbank.com хуудсанд хандана уу.

Бусдад түгээх
  • gplus