Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг яаралтай өргөн барина

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг УИХ-д яаралтай өргөн барихыг үүрэг болгов

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон дагалдах хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан 2015 оны дөрөвдүгээр сарын 15-нд УИХ-д  өргөн барьсан.  УИХ уг төслийг 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд төсөл санаачлагчдад нь буцаахаар шийдвэрлэсэн юм. Иймд Засгийн газар төсөл санаачлагчтай нь зөвшилцсөний үндсэн дээр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг дахин боловсруулж, төслийг Засгийн газрын дараагийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгаж УИХ-д яаралтай өргөн барихаар болов.
 

Хөрөнгө оруулагчид, аж ахуй эрхлэгчдийг зохиомлоор шалгаж буй эсэхийг судлана

Төрийн захиргааны болон хууль хяналтын зарим байгууллагаас гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, аж ахуй эрхлэгчдэд дарамт учруулах, хүнд суртал гаргах, үндэслэлгүйгээр мөрдөн шалгах болсон нь тэдний итгэлийг бууруулж, Монгол руу чиглэх хөрөнгө оруулалтад сөрөг нөлөө үзүүлэх хандлага ажиглагдаж байна. Мөн гадаадын зарим хөрөнгө оруулагчийг Монгол Улсаас гадагш зорчихыг хориглосон нь гадаад зах зээлд улсын нэр хүндийг унагах, гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгөө татах, олон улсын шүүхэд хандах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.  Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн яаманд олон гомдол, өргөдөл ирж байгаа тул уг асуудлыг судлах, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгууллаа. Хууль зүй, дотоод хэргийн сайдын ахлах уг Ажлын хэсэг санал, дүгнэлтээ 2016 оны 10 дугаар сарын 1-ний дотор Засгийн газарт танилцуулах юм. 

Гадаадын 300 гаруй төлөөлөгч Улаанбаатарт чуулна

Торгоны замын аялал жуулчлалын олон улсын анхдугаар бага хурал Улаанбаатар хотноо 2016 оны 10 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд болно. 300 гаруй гадаадын төлөөлөгч оролцох бага хурлыг зохион байгуулахад шаардагдах 168, 775, 000 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ.  

Тосонцэнгэл-Улиастайн замын санхүүжилтэд 41.4 тэрбум төгрөг шаардлагатай

Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай замын ажилд шаардагдах 41, 4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгож байгаа 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэмнэгдсэн эх үүсвэрээс санхүүжүүлэх талаар БНХАУ-ын талтай хэлэлцээр хийх, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох сайд нарт даалгалаа. Уг зээлээс 24.9 сая ам.доллар хэмнээд байгаа юм.

Товчхон

-  Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгийг дахин байгуулах Засгийн газрын тогтоол баталлаа. Тус эмнэлэг онцгой байдал, хил хамгаалах болон хууль сахиулах бүх байгууллагын албан хаагчид, мөн Чингэлтэй дүүргийн иргэдэд үйлчлэх юм.

-  Хүнсний аюулгүй байдлын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа. Зөвлөлийг Ерөнхий сайд тэргүүлэх юм.

-  Төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг удирдах зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа. Комиссыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга ахална.

-  Өрийн удирдлагын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Төв банкны тухай хуулийн зарим хэсгийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг буцаан татахаар болов.  

Томилгоо

  • Өөрийнх нь хүсэлтийн дагуу Ш.Лхачинжавыг Хил хамгаалах ерөнхий газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, хошууч генерал Ц.Сэргэлэнг ХХЕГ-ын даргаар томилов.
  • Б.Батхишигийг Гаалийн ерөнхий газрын дэд даргаар томиллоо.
  • Г.Нямдавааг ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлж, Л.Бямбасүрэнг ИНЕГ-ын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилов.
  • Мөн өөр ажилд шилжих болсонтой холбогдуулан Х.Ганцогтыг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөв.  

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ! 2016-09-01 07:10:12
    Олны дуршуйцэл хургэх хууль учраас пргауааж буй нь!!!!!
  • Батаа 2016-08-31 23:55:51
    Эр эмийн хооронд илжиг бүү жороол гэж үг бийсэн одоо тэгээд хорих анги өгөх хоолоо дийлэхүү