Б.Лхагвасүрэнг Монголбанкны Дэд ерөнхийлөгчөөр томилохыг дэмжлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монголбанкны Дэд ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэв.

Монголбанкны Дэд ерөнхийлөгч Э.Батшугар Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 6.3 дахь заалтыг үндэслэн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байна. Тиймээс Э.Батшугарыг Монголбанкны Дэд ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлж өгөх саналыг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан гаргаснаа Эдийн Засгийн байнгын хороонд танилцуулсан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй бөгөөд Э.Батшугарыг Монголбанкны Дэд ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлөх саналыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэн.

Үүний дараа Монголбанкны Дэд ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг томилуулах саналаа Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан танилцуулсан.

Б.Лхагвасүрэн нь 1965 онд Улаанбаатар хотод төрсөн. 1985-1989 онд МУИС-ийг Төлөвлөгч-эдийн засагч мэргэжлээр төгсөж, улмаар 1998-1999 онд АНУ-ын Колумбийн их сургуульд олон улсын харилцааны эдийн засгийн мастерын зэрэг хамгаалжээ.

Тэрбээр 1989-1994 онд Улсын төлөвлөгөөний комисс, ШУА-ийн харьяа Эдийн засгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1994-1998, 2000-2013 онд Монголбанкинд эдийн засагч, ахлах эдийн засагч, Хяналт шалгалтын газрын захирал, Монголбанкны Ерөнхийлөгчийн туслах, Бүртгэл, тооцоо, мэдээллийн технологийн газрын захирал, Банкны сургалтын төвийн захирал, 1999-2000 онд Дэлхийн банкны Вашингтон дахь төвд Зүүн хойд Ази, Номхон далайн орнуудын санхүүгийн секторт зөвлөх, 2013 оноос Хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж иржээ.

Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг томилуулах саналыг өргөн мэдүүлэхдээ түүний эдийн засаг, банк, санхүү, удирдлагын мэдлэг, мэргэшлийн ур чадвар, мэргэжлийн ёс зүй, ажлын дадлага туршлагыг харгалзсан үзсэн хэмээн Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан хэлсэн юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Б.Ундармаа асуулт асууж, хариулт авсан. Мөн Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва үг хэлсэн. Тэрбээр Монголбанк, санхүүгийн байдал амаргүй байгаа ийм цаг үед банкны салбарт 20 жил ажилласан туршлагатай хүн Дэд ерөнхийлөгчөөр ажиллахаар болж байгаад талархаж байна гээд цаашид Засгийн газар, Сангийн яамтай нягт уялдаатай хамтран ажиллахыг захьсан. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь Б.Лхагвасүрэнг Монголбанкны Дэд ерөнхийлөгчөөр томилохыг дэмжлээ.

Үүний дараа Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат танилцуулсан юм.
 

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг Монгол Ардын Намын УИХ-ын сонгуульд баримтлан орж, ард иргэддээ танилцуулсан мөрийн хөтөлбөр болон УИХ-аас батлан гаргасан хөгжлийн бодлогын бусад баримт бичгүүдэд тулгуурласан гэлээ.

Тэрбээр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр нь Эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой бодлогоор эхэлж байгаа хэмээгээд, Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого, Нийгмийн бодлого, Байгаль орчин ногоон хөгжлийн бодлого, Засаглалын бодлого гэсэн 5 үндсэн бүлэг, 381 заалтаас Мөрийн хөтөлбөр бүрдэж байгааг онцолсон.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа мөн илэрхийлсэн. Тухайлбал гишүүд, улсын төсвөөс санхүүждэг, алдагдалтай ажилладаг улсын үйлдвэрийн газрууд, төрийн өмчит компаниудын талаар мөрийн хөтөлбөрт тусгасан эсэх, иргэдэд эзэмшүүлсэн “Эрдэнэс таван толгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаатай холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэх, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичигт тусгагдаагүй Эрдэнэт-Овоот, Зүүнбаян-Ханги чиглэлд төмөр зам тавих асуудлыг яагаад оруулж ирсэн, Төрийн орон сууцны корпорацийг цаашид ямар журмаар ажиллуулах талаар тодруулж байлаа.

Ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар, Засгийн газраас одоогийн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын үйл ажиллагааг эрчимжүүлж, эдийн засгийн үр өгөөжийг нь нэмэгдүүлэх бодлого барьж ажиллах аж. Түүнчлэн ажлын хэсгээс Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг эргэж харах шаардлага бий хэмээн хариулсан. Энэхүү бодлогод өөрчлөлт оруулах баримт бичгийг Засгийн газраас боловсруулж байгаа хэмээгээд энэхүү асуудлыг шийдвэрлэсний дараа Эрдэнэт-Овоот, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг барьж байгуулахаар төлөвлөөд буйг хэллээ. Эдгээр замууд нь эдийн засгийн хувьд онцгой ач холбогдолтой хэмээн үзэж байгаа ажээ.

Төрийн орон сууцны талаар Барилга, хот байгуулалтын яамнаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийг үргэлжлүүлнэ хэмээн салбарын сайд Г.Мөнхбаяр хэлсэн Гэхдээ менежментийн хувьд сайжруулах зүйл байгаа гэж тэрбээр хариулсан юм.

Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа гишүүдээс болон Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсан бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • pkxny 2016-08-31 15:37:02
    1989 онд УТК гэж байгаагзй ТЭЗУХороо гэж байсан .