Парисын хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжив
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцийн Парисын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжив.

Энэ талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол хийсэн юм.

Парисын хэлэлцээрийн гол зорилго нь тогтвортой хөгжлийг хангах, ядуурлыг арилгах хүчин чармайлтын хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөөс учирч болох аюулын эсрэг авч хэрэгжүүлэх дэлхий нийтийн хариу арга хэмжээг эрчимжүүлэхэд чиглэж байгаа бөгөөд дэлхийн агаарын дундаж температурын өсөлтийг аж үйлдвэрийн өмнөх үетэй харьцуулахад 2 цельсийн градусаас доош барих, агаарын температурын өсөлтийг 1.5 цельсийн градуст хязгаарлахад бүх улс орон хүчин чармайлт гаргахыг уриалахад чиглэгджээ. Энэхүү агаарын дундаж температурын өсөлтийг бууруулах урт хугацааны зорилтод хүрэхийн тулд хүлэмжийн хийн ялгаралыг бууруулах дэлхий нийтийн зорилгод аль болох хурдан хүрэхийн тулд хөгжингүй орнууд нь хөгжиж байгаа болон уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг, өртөмхий улс орнуудад бүхий л талын дэмжлэг туслалцааг үзүүлэхийг уриалсан байна.

Конвенцийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг, өртөмтгий болон хөгжиж байгаа улс орнуудад санхүү, техник технологи, арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх механизмууд нэгэнт бий болоод байна. Тухайлбал, НҮБ-ын уур амьсгалын ногоон санд 2025 он хүртэл жил бүр 100 тэрбум ам доллар бүрдүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон дасан зохицох арга хэмжээнд зарцуулахаар төлөвлөжээ. Мөн одоогийн байдлаар дээрх санд нийт 10 тэрбум ам доллар төвлөрөөд байгаа бөгөөд холбогдох төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх тухай саналыг 2016 оноос эхлэн хүлээн авч эхлээд байгаа юм байна.

Иймд газарзүйн байршил, эмзэг экосистем, байгаль цаг агаараас хараат эдийн засгийн тогтолцоо зэргээсээ шалтгаалан уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэг, өртөмтгий Монгол Улсын хувьд энэхүү баримт бичигт алдалгүй нэгдэн орж санхүүгийн болон санхүүгийн болон технологийн дэмжлэг, туслалцаа авах шаардлагатай байгаа тул энэхүү хуулийн төслийг өргөн барьжээ.

Сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, Н.Оюундарь, Ц.Цогзолмаа, Д.Цогтбаатар, Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм Тухайлбал, Х.Нямбаатар гишүүн, байгалийн нөөц баялгийг зөв зүйтэй ашиглах, хуваарилах асуудлыг тооцоо судалгаанд үндэслэн байгаль орчныг хамгаалах асуудалтай хамтад нь хэлэлцүүлж байх, Н.Оюундарь гишүүн, Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд өртөж буй нь тодорхой боловч энэ талаар нарийвчилсан судалгаа хомс байна. Иймд шинжлэх ухааны судалгааны ажлуудыг эрчимжүүлэх, холбогдох олон улсын сангуудаас тусламж авах, төсөл хөтөлбөрүүдийг олноор хэрэгжүүлэх замаар эдийн засгийн үр нөлөөг дээшлүүлэх, Монгол Улсдаа батлан хэрэгжүүлж байгаа үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангах, олон нийтэд танин мэдүүлэх сургалт сурталчилгааны ажлыг идэвхижүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог хангах зэрэг саналуудыг хэлж байсан.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Монгол Улс нь дэлхийн усны хагалбар газар боловч гол мөрний бохирдол асар их хэмжээнд байна. Энэ нь голын эхэнд уул уурхайн олборлолт явуулж байгаатай шууд холбоотой. Иймээс ирээдүйд тухайлбал 10 жилийн дараа Монгол Улсын цаг уур, бэлчээрийн даац, малын тоо толгой, хүн амын шилжин суурьшилт, ундны усны хангамж, голын ай сав, ойн сан газар, уул уурхайн олборлолт, байгаль орчны нөхөн сэргээлт болон орчны доройтол зэрэг олон тулгамдсан асуудлууд ямар түвшинд байх, тэдгээрийг хэр хэмжээнд барих, ямар ажлууд хийх талаар судалгаа тооцооллыг сайтар хийх, энэхүү конвенцид нэгдэн орох нь холбогдох чиглэлийн бусад яамдаа нэгтгэн бодлогоор удирдах, хамтран ажиллуулах боломжийг бий болгож байгааг зөв, оновчтой ашиглах зэрэг саналуудыг гаргасан.

Ингээд хуулийн төслийг соёрхон батлах нь зүйтэй гэсэн саналаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжиж нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.