Хэв журмын эргүүлд ажиллах иргэдийг сар бүр 25 мянган төгрөгөөр урамшуулна
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар “Ухаалаг цагдаа” төсөл хэрэгжүүлж, хэв журмын урамшуулалт эргүүл ажиллуулахаар шийдвэрлэсэн юм. Төсөл хөтөлбөрүүдийн талаар өнөөдөр Улаанбаатар хотын цагдаагийн газраас мэдээлэл хийлээ.  

Улаанбаатар хотын цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Баясгалангийн мэдээлснээр хэв журмын урамшуулалт эргүүл маргаашнаас ажиллаж эхэлнэ. Энэ онд нийт 2500 иргэнийг эргүүлд ажиллуулахаар төлөвлөж байгаа юм. Хулгай, дээрмийн гэмт хэргийг бууруулахад засаг захиргаа, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд, оршин суугчдын хамтын хүч, оролцоог сайжруулах зайлшгүй шаардлагатай. Тиймээс гэр хорооллын гудамж, орон сууц бүрт тухайн орчинд амьдардаг, оршин суугчдаа сайн мэдэх иргэнийг сонгон, эргүүл хийлгэхээр болсон. Эргүүлд ажиллах иргэдийг сар бүр 25 мянган төгрөгөөр урамшуулна гэдгийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Баясгалан хэллээ.

Хэв журмын эргүүл ажилласнаар нийслэлийн иргэдийн идэвхи санаачлагад суурилсан хяналт бий болж, аюулгүй, айдасгүй орчин бүрдэж, гэмт хэрэг зөрчлийн тоо буурна гэж үзэж байна.

Харин “Ухаалаг цагдаа” төсөл хоёр үе шаттай хэрэгжинэ.
Нэгдүгээр үе шат – 2016 он
  1. Цагдаагийн 152 хороо, дэд хэсгийн байрыг нэгдсэн сүлжээнд холбох
  2. Гэмт хэргийн орон зайн мэдээллийн систем
  3. Барьцаалдан зээлдүүлэх үйлчилгээниий нэгдсэн хяналтын систем
Хоёрдугаар үе шат – 2017 он
  1. Мэдээлэл дамжуулах цогц программ хангамжийн өргөтгөл
  2. “Ухаалаг цагдаа” мэдээлэл дамжуулах ухаалаг төхөөрөмж
  3. Дүн шинжилгээний систем
Хороодын цагдаагийн хэлтэс нэгдсэн системд холбогдоогүй учраас цагдаа нар шаардлагатай мэдээллээ нийслэлийн цагдаагийн газар очиж авах зэргээр цаг алддаг. Ухаалаг цагдаа төсөл хэрэгжиснээр цагдаагийн алба хаагчид хэрэгцээт мэдээллээ мэдээллийн нэгдсэн сангаас цаг алдалгүй авах, гэмт хэргийн мэдээллээ шуурхай өгөх боломж бүрдэх юм.

Энэхүү төсөл нь цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой зохион байгуулах, иргэн, жолооч, тээврийн хэрэгсэл, эрэн сурвалжлалтын талаарх мэдээллийг шуурхай бэлтгэх, дамжуулах, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд шуурхай хүргэх цогц арга хэмжээ юм. Төслийг Улаанбаатар хотын цагдаагийн газар нийслэлийн мэдээллийн технологийн газартай хамтран хэрэгжүүлнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-08-31 06:45:24
    Энд болохгүй юм юу байна, битгий бүх юмыг харлуулж бай, шударгаар олсон 25000 ₮ их мөнгө, хууль журам сахиулах нь ганц Цагдаагийн үүрэг биш, аваөөа чиний төлө...
  • аөаөөа 2016-08-31 06:09:53
    25 мянгаар яана вэ хха аха Гэхдээ хүний ул шагайх дуртай лаларуудад ч данга л даа