Их спортын удирдлагын төвшинд шинэчлэл хэрэгтэй

Бразилын Pиo Де Жанейро хотод болсон хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлгэдэл XXXI дэх удаагийн олимпийн наадамд манай улсын тамирчид амжилттай оролцож, мөнгө, хүрэл медалийг эх орондоо авч ирсэн билээ. Гэвч олимпийн дараа их спортод шинэчлэлт хэрэгтэй гэх яриа гарсан. Тиймээс бид дасгалжуулагч нартай уулзаж, тэдний байр суурыг сонслоо.
 

Г.Энхбаяр: Багш, дасгалжуулагч нар дүгнэлт хийж, тамирчидтайгаа тулж ажиллана

/Жүдогийн дасгалжуулагч/
 
-Энэ жилийн олимп ингээд дууслаа. Дөрвөн жилийн дараа Японы Токио хотод олимп болно. Тэгэхээр дараагийн олимпод бэлтгэх шаардлагатай болж байна. Токиогийн олмимпод тамирчдаа бэлтгэх шинэ цикль, пшнэ төлөвлөгөө гаргана. Олимп дууссаны маргаашнаас эхлээд л шинэ аргачлалаар ажиллаж, дараагийн олимпод тамирчдаа бэлдэнэ шүү дээ.
 
Би хувьдаа Риогийн олимпод оролцсон манай жүдо бөхийн тамирчид боломжийн хүрээнд ажилласан гэж дүгнэж байгаа. Тамирчид маань тив дэлхийн өндөр зэрэглэлтэй тэмцээнүүдийг алгасалгүй оролцсон. Нэгийг нь ч алгасаагүй. Оролцсон тэмцээн бүртээ амжилт гаргасан. Монголын ард түмэн жүдогийн тамирчдаас илүү их зүйл хүлээж байсан. Гэвч манай тамирчид санаанд
нь хүрч чадсангүй.
 
Гэхдээ Д.Сумъяа эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд мөнгөн медаль авлаа. Дэлхий, олимпоос медаль авна гэдэг маш том амжилт. Риогийн олимпийн үеэр олимп, дэлхийн аваргын медальтай олон хүн мултарлаа шүү дээ. Ганцхан Монголын гамирчид биш. Дэлхийн шилдэг багуудын олимпийн аварга тамирчид ч байсан. Том том тамирчдад их халгаатай тэмцээн байлаа. Шинэ залуу тамирчид их гарч ирсэн. Манай улсын найдлага тавьж байсан тамирчид ч хожигдсон. Тиймэрхүү л тэмцээн боллоо. Үүнд манай багш, дасгалжуулагч нар дүгнэлт хийж, тамирчидтайгаа тулж ажиллана байх. Шинээр багаа бүрдүүлж ажиллах хэрэгтэй байна.

 
Б.Ганбаатар: Боксын холбооноос шинэ цикль, шинэ төлөвлөгөө гаргана

/Боксын дасгалжуулагч/

-Боксын холбооноос шинэ цикль, шинэ төлөвлөгөө гаргана. Манай улсын боксын спорт сургалтын олон арга барилтай. Тухайлбал, бид хуучин зөвлөлтийн арга барилаар ажилласан. Дараа нь Куб улсын дасгалжуулагчид ирсэн. Тэднээс суралцсан зүйл бий. Манай дасгалжуулагчид ч гадаад руу сургалтанд явсан.
 
Мөн бид удахгүй том сургалт явуулахаар төлөвлөөд байна. A1BA буюу олон улсын сонирхогчдын боксын холбооноос мэргэжилтнүүд ирж сургалт хийнэ. Ер нь жил бүр олимпийн циклүүдээс гадна сургалт зохион байгуулдаг юм.
 
Олон жилийн туршлагыг харахад, боксын спортыг хөгжүүлье гэвэл томоохон компаниудыг дагасан нь дээр. Тэгж байж л хөгжинө. Зөвхөн бокс ч гэлтгүй ямар ч спортод байнга л санхүүжилт шаардаж байдаг. Материал, баазтай байж л тамирчдын бэлтгэл, ур чадвар сайжирна шүү дээ.
 
Манай спортын хувьд гэвэл Монгол Улсын хэмжээнд ганцхан заал байдаг. Спортын ордонд байрлаж байгаа энэ заал л байна. Бүгдээрээ энд төвлөрчихөөд жоохон хэцүү л дээ. Тэгэхээр төр засгийн удирдлагууд болон сая сонгуульд ялсан гишүүд залуу үеийнхээ боловсролд анхаарал тавина байх гэж найдаж байна. Тэдэнд улс төрийн зорилго байгаа байлгүй. Тэгэхээр заалны асуудлыг сайжруулах хэрэгтэй. Тэгээд тэндээ л ярьж суугаад байх хэрэггүй. Бид зөвхөн олимпийн аварга төрүүлэх гэж байгаа юм биш. Иргэдийн эрүүл мэндэд туслах хэрэгтэй. Улс төр ярьдаг хүмүүс үүнд анхаарал хандуулбал зүгээр.
 
Би хувьдаа саяны олимпод манай тамирчид үүргээ биелүүлсэн гэж бодож байгаа. Цэндбаатар, Энх-Амар гээд ирээдүйтэй тамирчид байна. Яах вэ, хүмүүс янз бүрийн зүйл ярьж, муулж байна л даа. Бээжингийн олимпод тэгж оролцсон. Лондонд тэгсэн. Одоо тийм боллоо гээд л.
 
Яг үнэндээ хүмүүсийн ярьж байгаа шиг биш л дээ. Тамирчны амжилтад нөлөөлөх зүйлс гэж бий. Тэмцээн болох улсын цаг агаарын нөхцөл байдал, цагийн зөрүү гээд их юм байдаг. Гэхдээ манай тамирчид үүргээ биелүүлсэн. Ер нь олимпод шилдгийн шилдгүүд оролцдог. Тамирчид дөрвөн жилд нэг болдог олимпод оролцохын тулд өмнө нь олон тэмцээнд оролцон түрүүлж байж, сая эрхээ олж авдаг. Хүмүүс шинэ залуу тамирчдаа орууллаа гэдэг. Тэд чинь өөрсдөө тэмцээнд түрүүлж, эрхээ авч оролцож байгаа. Тэрнээс бид оруулж байгаа юм биш.
 
Нэг талаараа хүмүүсийн шүүмжлэл байх ёстой. Хүмүүс тэр спортод дуртай, хайртай учраас илүү ихийг хүсээд байна шүү дээ. Хүн дуртай зүйлээсээ ихийг хүсдэг. Тэр нь ч зөв. Тэгж байж л тухайн тамирчны       хор, шарыг малтаж цааш ахих, тэмцэхэд нь тусална. Тамирчид чинь мөнхийн тэмцэл дунд байдаг.Тэгэхээрхүмүүсийн шүүмжлэл байх ёстой. Гэхдээ ямар аргаар вэ гэдэг нь л гол.
 

Л.Сумъяа: Шинэчлэлт хэрэгтэй нь Риогийн олимпоос харагдсан

 /Хөнгөн атлетикийн дасгалжуулагч/
 
-Спортод шинэчлэлт хэрэгтэй байлгүй яах вэ. Риогийн олимпийг харсан биз дээ. Риогийн олимпоос харагдлаа шүү дээ. Тэр хүн шоконд орсон байж болно. Гэхдээ дасгалжуулагч хүн бүх зүйлийг удирдаж байх ёстой. Ёс зүйн хувьд хувцсаа тайлсан нь буруул даа. Гэхдээ эх орныхоо төлөө тийм үйлдэл гаргасан. Тухайн үед шоконд орсон, сэтгэл хөдлөл ихтэй байсан байх.
 
Миний бодлоор хувцсаа тайлсан нь ёс зүйн хувьд байж боломгүй үйлдэл гэж дүгнэсэн. Ер нь олимп эхлэхээс өмнө дасгалжуулагчид нь тамирчидынхаа тархинд юм хийх хэрэгтэй. Булчинд нь юм хийсэн юм чинь тархинд нь ч юм хийж болно доо. Толгойд бас мэдлэг олгох хэрэгтэй. Би ингэж л боддог. Риогийн олимпод оролцсон манай хөнгөний тамирчдын чадвар л тэр. Үнэхээр явж байгаа нь тэр юм.
 
Манай улсын цаг агаарын нөхцөл, газар нутгийн онцлог гээд нөлөөлөх хүчин зүйлс бий. Яаж тэр өндөр эргэлттэй Этиопийн тамирчдыг гүйцэх вэ дээ. Харин ч таван эрх авсан. Бусад спортыг бодвол байрлаж, элдэв юм хэрэглэх биш. Зүгээр ногоотой шөл идэж байгаад л таван эрх олж авсан. Байрлаж бариагүй. Риогийн олимпод оролцох таван эрх олж авсан нь амжилт.
 
Манай хөнгөн атлетикийн тамирчид үзүүлэх ёстой амжилтаа л үзүулсэн. Тэрнээс тэр муу, энэ сайн гэх зүйл байхгүй. Л.Отгонбаярын хувьд гурван ч удаа олимпод оролцсон. Сайн тамирчин. Тэр хүний чадвар нь л тийм.
 
 Харин Б.Мөнхзаяагийн хувьд шинэ залуу тамирчин. Тухайн гзарын цаг агаар, хоол, ус нөлөөлсөн асуудал бий. Б.Сэр-Од бэртэлтэй байсан. Сэр-Од хашир туршлагатай тамирчин хүн. Олимпийн өмнө бэртэж, гэмтэнэ гэдэг тухайн хүний хариуцлагатай л холбоотой асуудал.
 
Хөнгөний спортын хөгжилд том түлхэц болох асуудлыг манай холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Зоригтбаатар гурав, дөрвөн жил хөөцөлдөж байна. Сая яг бариулах гээд мөнгө санхүүгийн асуудлыг шийдэх гэтэл бас л больчихлоо. Засаг солигдохоор дагаад бусад албан тушаалтнууд солигдчих юм. Тэгээд л энэ асуудал хойшлоод байна.
 
Хэрвээ тартан замыг бариулбал хөнгөн атлетикийн спорт их хөгжинө. Ер нь манай улс шиг замгүй орон гэж алга. Улаанбаатар хотод гүйе гэхэд гудамж талбай нь машин техник, байшин барилгаар дүүрчихсэн. Одоо Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд л гүйж байна шүү дээ. Үнэхээр зам талбай байхгүй. Төв цэнгэлдэх дотор гүйе гэхээр хэдэн сая төгрөг нэхдэг. Нэг тэмцээн явуулахад нэг өдрийн хоёр сая төгрөг нэхэж байна. Хувцас үзэх гэхээр мөнгө нэхээд тамирчдаа оруулахгүй. Тэгэхээр одоо яаж хөнгөн атлетик хөгжих вэ дээ.
 
Манай хөнгөн атлетикийн холбоо чинь төрийн бус байгууллага. Тусдаа төсөв санхүүтэй улсын байгууллага биш болохоор мөнгө төгрөгний асуудал үнэхээр хүнд байдаг. Ийм нөхцөл байдалд хөгжил ярина гэдэг хэцүү. Спорт хөгжихөд хэцүүхэн орчин байгаа биз. Яаж хөгжих юм бэ. Шинэчлэлт үнэхээр хэрэгтэй байна.
 
Тухайлбал, Гар бөмбөг гэхэд спортын төв ордны урд зааланд шал дэвсээд тоглочихож байгаа юм. Тэгэхэд хөнгөний тамирчдад зам талбай байхгүй. Машин явдаг цементэн дээр л уралдаж байна. Хөнгөн атлетикийн спортыг хөгжүүлье гэвэл тартан замыг хурдан барих хэрэгтэй.
 

Ц.Цогтбаяр: Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагад шинэчлэлт хэрэгтэй

 
-Монголын чөлөөт бөхийн холбоо шинэчлэгдэх нь зөв. Дасгалжуулагч тамирчдынхаа төлөө ажиллах ёстой. Холбоо бол олон нийтийн байгууллага шүү дээ. Тэрнээс биш хэн нэгний хувийн эрх ашгийн төлөө, өөрсдийнхөө төлөө ажиллаад байж болохгүй. Үүний цаана мянга мянган чөлөөт бөхөөр хичээллэе гэсэн залуусын хүсэл мөрөөдөл мохно. Сүүлийн гурав, дөрвөн жилийн дотор чөлөөт бөхөөр барилдах хүсэлтэй хүүхдийн тоо өслөө.
 
Чөлөөтөөр барилдах хүсэлтэй хүүхэд эрс нэмэгдсэн. Хүүхдүүд ч өөртөө итгэлтэй болсон. Олимп, дэлхийн аваргаас медаль авч болдог гэдгийг харсан. Олимпоос медаль авсан тамирчдаасаа урам зориг аван итгэл, найдвар нь нэмэгдсэн. Аливаа нэг зүйл шударга байх ёстой. Тамирчдаа шударгаар сонгож, шалгаруулдаг байх хэрэгтэй. Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагууд ямар ч хүнийг үзэл бодол, үйл хөдлөлөөр нь ялгаварлан гадуурхалгүй бүгдэнтэй нь ижил тэгш харьцах ёстой шүү дээ. Ер нь өөрийнхөө удирдлага доор ажиллаж байгаа хүмүүстэйгээ ижил тэгш харьцах нь зүйтэй гэж бодож байна.
 
Жил бүр Монголын чөлөөт бөхийн тамирчдын ур чадвар нэмэгдэж байгааг харж байгаа байх. Тухайлбал, 2013-2015 онд Монголын чөлөөт бөхийн эрэгтэй тамирчдын амжилт ямар хурдацтай өсч байна. Дэлхийн хэмжээнд гарч ирлээ шүү дээ. Урьд нь бид тамирчдын цуцах, хялайх, ядрахыг олон хардаг байсан. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд
манай тамирчид ядрахгүй, цуцахгүй, ажиллагаа сайтай байлаа. Барилдааны үеэр үзүүлэх мэхний тоо нь хүртэл олон болсон. Чөлөөтийн тамирчдын ур чадвар маш их нэмэгдсэн.
 
Шинэчлэлийн хувьд зөвхөн удирдлагынхаа төвшинд л шинэчлэл хийх хэрэгтэй байна. Олимпийн дараа хүмүүс манай тамирчид медаль авахад нэг зүйл дутчихлаа гэж янз бүрээр л ярьж байна лээ. Миний боддоор манай тамирчдад нэгдүгээрт, эв нэгдэл дутагдсан гэж бодож байна. Ер нь ямар ч тамирчин хүн очоод ядагдъя гэж хүсэхгүй шүү дээ. Бидний бэлтгэл, сургуулилт сайн байсан. Тамирчид бие, эрүүл мэндийн хувьд ч сайн байсан. Үйтүмэн маань хөлний бага зэргийн бэртэлтэй орсон болохоос өөр асуудалгүй. Үүнд бид өөрсдөдөө 100 хувь зөвийг өгөөд байгаа юм биш шүү. Бидний мэдэхгүй алдааг олон түмэн хэлбэл бид хүлээж авна. Дараа дараагийн тэмцээнд орохдоо алдаагаа засна.
 
Тэрнээс бид өөгүй, зөв хүмүүс гэж би хэлээгүй шүү. Бид алдсан алдаа байж болно. Хүн өөрийнхөө алдсан алдааг нэг зүйл  бусдаар хэлүүлээд тэрнийгээ ойлгож чадаж байвал тэр хүн биз дээ. Зүгээр үнэнийг хэлсний төлөө өширхөөд байж болохгүй. Олон хүн надад хэлдэг. Чи ийм алдаа гаргаж байна. Тийм зүйлийг буруу хийлээ гэж. Би хэлсэн зүйлийг нь хүлээж аваад л алдаагаа засдаг. Хамаагүй бидэнд өөр сургамжтай зүйл байвал хэлэх хэрэгтэй. Бидэнд заах хэрэгтэй. Бид сурна.

Монголын мэдээ
Н.Батзаяа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.