Долоо хоногийн тойм
Өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. Хүн төрөлхтний спортын их баяр цэнгэл зуны олимпийн 31 дэх наадам Бразил улсын Рио Де Жанейро хотноо 17 хоногийн турш явагдаж, өнгөрөгч даваа гарагийн шөнө хаалтаа  хийлээ. Олимпийн наадмын сүүлчийн өдөр Монголчууд дэлхийн нийтийн анхаарлыг төвөд орж, олимпийн наадмын нэгэн том дуулианыг тарьж чадсан юм. Түүнчлэн өнгөрсөн лхагва гарагт Засгийн газраас хэмнэлтийн төлөвлөгөөгөө танилцууллаа. Хичээлий шинэ жилийн бэлтгэл ажил ид үргэлжилсэн завгүй долоо хоног ийнхүү дуусаж байна.

Олимпийн наадмын төгсгөлд Монголчууд дэлхийн анхаарлын төвөд оров       


Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ийн жингийн хүрэл медалийн төлөөх барилдаанд МУГТ Г.Мандахнаран эцсийн мөчид торгуулиар ялагдсан.Хүрэл медаль хүртсэн гэдэгт баттай итгэсэн Монголын багийн дасгалжуулагчид шүүгчийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаа гэдгээ мэдэгдэж, дэвжээн дээр хувцсаа тайлж шидсэн явдлыг гадаад дотоодын хэвлэлүүд одоо ч онцолсоор байгаа. Тэдний ихэнх нь манай хоёр дасгалжуулагчийн зөв гэж үзэж, чөлөөт бөх авлигад идэгдсэн байдлыг ил гаргаж чадсан зоригтнууд хэмээн мэдээлж буй. Тэгвэл энэ үйл явдлаас болж Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо манай эрэгтэй чөлөөт бөхийн шигшээ багийн ОУ-ын тэмцээн уралдаанд оролцох эрхийг нь тодорхой хугацаагаар хасах шийдвэр гаргаж магадгүй болоод байгаа юм.

Олимпийн баатрууд эх орондоо ирэв
 

“Рио-2016” олимпийн боксын эрэгтэйчүүдийн 60 кг-д хүрэл медаль хүртсэн Доржнямбуугийн Отгондалай, чөлөөт бөхийн 65 кг-д V байрт шалгарсан Ганзоригийн Мандахнаран нар баасан гарагийн өглөө эх орондоо ирлээ. Тэдэнтэй хамт чөлөөт, бокс, хөнгөн атлетик, тэквондогийн шигшээ багийн тамирчид хамт ирсэн юм. Риогийн олимпийн баатруудыг “Хилчин”, “Алдар” спорт хороо, гэр бүл, найз нөхөд нь угтан авч, баяр хүргэлээ. 

Оюутны 70 мянгыг зогсоолоо


 Сангийн сайд Б.Чойжилсүрэн Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүлсэн.Төсөв санхүү хүндрэлтэй байгаа учир 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болж буй. Уг хуулийг дагалдан Нийгмийн даатгалын сангийн тухай, Хүний хөгжил сангийн тухай хуулиудад ч мөн тодорхой өөрчлөлт орох юм байна.  Энэ өөрчлөлтөнд их дээд сургуульд суралцагч оюутны сурлагын амжилтад үндэслэн олгодог үндэсний тэтгэлэг 70,200 төгрөг олгохыг зогсоох асуудлыг төсвийн тодотголд оруулжээ.  Мөн нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ ирж, буцахдаа зайлшгүй зорчих оюутны зорчих төлбөрийн хэмжээг 50 хувийг нь төр хариуцаж, бусад хэсгийг тухайн оюутан өөрөө хариуцдаг болно.

Ирэх гурван жилд улсын зардлаар гадаадад сургахгүй


 2016-2019 оны хичээлийн жилд гадаадын их, дээд сургуульд суралцагчдын тэтгэлэгт хөтөлбөрт шинээр оюутан хамруулахгүй. Төсвийн боломжтой уялдуулан энэхүү хөтөлбөрийг одоогийн батлагдсан зардлын хэмжээнд үргэлжлүүлэх буюу зардал нэмэгдүүлэхгүй байхаар төсөвлөжээ. 
 
Хүүхдийн мөнгийг ялгавартайгаар олгоно


Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хүртэл хувийг хамарсан зорилтод бүлэгт олгоно. Уг хуулийн төсөлтэй холбоотойгоор Хүний хөгжил сангийн тухай хуулийг өөрчлөх юм байна. Амьжиргааны 1-10 дугаар бүлэгт хамрагдсан өрхийн 0-18 хүртэлх насны хүүхдэд л сарын 20 мянган төгрөг олгох болж байна.Үлдэх 40 хувьд хамрагдах хүүхдүүдэд олгох мөнгийг төсвийн боломжтой уялдуулан хойшлуулах, 2019 оноос нөхөн олгохоор тооцжээ.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.