Ш.Сүхбаатар: Гадаадад эрх ашиг нь зөрчигдөж байгаа хэн ч бай Монголын иргэн л бол бид хамгаалах болно
Монгол Улсын Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал, Хууль зүйн ухааны доктор Ш.Сүхбаатар БНСУ-ын визний журамд орсон өөрчлөлтийн талаар мэдээлэл хийв. Ш.Сүхбаатар захирлын хувьд 1991 онд МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгссөнөөс хойш 1994-1996 онд Улсын Ерөнхий Прокурорын газарт Хэрэг эрхлэх газрын дарга, 1999-2000 онд Хууль зүйн яаманд Тамгын газрын дарга, 2006-2007 онд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, 2010-2011 онд Батлан хамгаалах яаманд Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, 2011-2012 онд Батлан хамгаалах яаманд Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч, 2012 оны 10 сараас Гадаад харилцааны яамны Консулын газрын захирлаар ажиллаж байна.

Ингээд Хууль зүйн ухааны доктор, Хууль цаазын итгэмжит зөвлөх, Эрхэлсэн түшмэлийн дөтгөөр зэрэг, зэвсэгт хүчний хурандаа, Ш.Сүхбаатар захиралтай хийсэн яриаг хүргэж байна.

-Монгол иргэдийн БНСУ-д зорчих визний журамд өөрчлөлт орж байгаа юм бай­на. Ямар өөрчлөлт орж, ши­нэчлэгдсэн журам хэзээ­нээс мөрдөгдөж эхлэх вэ?

-Монгол Улсын иргэдийн БНСУ-ын виз мэдүүлэх журам энэ сарын 7-ны өд­рөөс эхлэн мөрдөгдөх болно. БНСУ-ын виз мэ­дүү­лэхэд доорх өөрчлөлт орсон.

1.Виз мэдүүлэхэд шаард­лагатай банкны барь­цаа­ны хэмжээг урилгатай тохиолдолд долоон сая төг­рөгөөс таван сая, урилга­гүй тохиолдолд 14 саяас найман сая төгрөг болгон багасгасан.

2.Эмчилгээний виз мэ­­дүүлэхэд санхүүгийн чад­варыг илтгэх шаардлагыг үндсэнд нь цуцалсан бөгөөд БНСУ-ын зарим төрийн бус байгууллагын урилгатай тохиолдолд санхүүгийн чад­варыг илтгэх шаардлагыг цуцалсан.

3.Виз мэдүүлэхэд хав­саргах шаардлагатай байсан зарим бичиг баримтыг авахыг больсон. Ийм өөрч­лөлтүүд орлоо.

-Монголчуудын сонир­хол бол БНСУ-д хэзээ визгүй зорчдог болох вэ гэсэн асуу­дал байдаг нь тодорхой. Энэ талаар дэвшил гарч байна уу?

-Яриа хэлэлцээ бүх түв­шинд үргэлжлээд л явж бай­на. Энэ оны эхээр УИХ-ын дарга З.Энхболд БНСУ-д айлчилсан бол, гуравдугаар сард Гадаад харилцааны сайд Л.Болд мөн айлчилж яриа хэлцэл хийгдсэн. Тэгвэл өнгөрсөн тавдугаар сарын 28-нд Сөүл хотноо Монгол, БНСУ-ын консулын зөвлөлдөх уулзалт болж монгол иргэдийн БНСУ-д зорчих визний асуудлыг хөнгөвчлөх, яваандаа визгүй зорчдог болох бэлтгэл нөхц­лийг хангах талаар яриа хэлцэл өрнөсөн.

БНСУ-ын талаас 2012 оны 10 дугаар сараас эхлэн монгол иргэд тус улсад зорчихын тулд урилгатай иргэдээс 10 сая, урилгагүй иргэдээс 20 сая төгрөгийн банкны барьцаа шаардаж эхэлсэн. Олон удаа­гийн яриа хэлэлцээрийн үр дүнд энэ мөнгөний тоог өнгөрсөн жил долоо, 14 сая төгрөг болгон бууруулсан бол энэ сарын 7-ноос дээрх өөрчлөлтийг хийсэн.

-БНСУ-д ажиллаж, амь­дарч байгаад сураггүй бол­сон монгол иргэд олон бай­даг юм билээ. Энэ хү­мүү­сийн хувь заяа хэрхэн ший­дэгдэж байгаа бол?

-БНСУ-д амьдарч бай­гаад ор сураггүй алга бол­сон монгол иргэд 1994 оноос хойш 29 хүн байсныг Эрүүгийн цагдаагийн газар болон БНСУ-ын энэ талын байгууллагуудтай хамтран ажилласны үр дүнд 10 иргэнийг олж тогтоосон. Үлдсэн 19 хүний асуудлыг олж тогтоохоор ДНК-ын шинжилгээг солонгосын талд хүргүүлсэн.

Одоо БНСУ-д ажиллаж, амьдарч бай­гаа монгол иргэдийн 32.8 хувь нь хууль бусаар оршин сууж байгаа дүн мэдээ бий. Хууль бусаар оршин сууж бай­гаа иргэдийнхээ тоог эрс багасгаж чадвал БНСУ-д виз­гүй зорчдог болох хуга­цаа тэр хэрээр ойртох юм.

Түүнээс гадна өнөөдрийн байдлаар БНСУ-ын хорих газруудад Монголын 20 гаруй иргэн ял эдэлж бай­гаа. Ялтан шилжүүлэх хэ­лэлцээрийн дагуу өнгөрсөн жил гурав, 2014 он гарсаар хоёр иргэнийг эх оронд нь үлдсэн ялыг эдлүүлэхээр авч ирсэн.

Мөн түүнчлэн БНСУ-ын Бусан хотод Монгол Улсын консулын газрыг ойрын хугацаанд нээхээр ажиллаж байна.

-Өнөөдрийн байдлаар Монгол Улсын ерөнхий кон­сулын газар хэдэн улс, хо­тод ажиллаж байгаа вэ?

-Ерөнхий консулын газ­рын тоо сүүлийн үед хур­дацтай нэмэгдэж байгаа. БНХАУ-д гэхэд л Хөххот, Гонгконгт ерөнхий кон­сулын газар ажиллаж байгаа бол Хайлаар, Эрээн хотуудад консулын газар ажиллаж байна.
Түүнчлэн Шанхайд консулын төлөөлөгчийн газар ажиллаж байгаа. ОХУ-ын Эрхүү, Улаан-Үд, Кызил хотод ерөнхий консулын газар ажиллаж байгаа бол Туркийн Станбул хотод консулын газар үйл ажиллагаагаа эхэлж байна. Мөн Киргизийн нийслэл Бишкек хотод Монгол Улсын консулын газар үйл ажиллагаагаа эхлээд явж байгаа.

-Таныг төрийн аж­лын­хаа хажуугаар төрсөн ну­таг Төв аймгийн Бүрэн сумынхаа 90 жилийн ойд зориулан нутаг усныхаа тухай, тэндээс төрөн гарсан Ж.Самбуу гуай зэрэг алдар гавьяатнуудын талаар түүхэн нийтлэлийн ном бичсэн гэж сонслоо. Танай сум бол бүхэл бүтэн аймгаас ч олон алдартан төрөн гарсан аргагүй л алдарт­нуудын өлгий нутаг гэдэг. Энэ та­лаар ярилцах уу?

-Манай Бүрэн сум нь хуучнаар Их Чингис хааны үеэс Монголын олон түмний өлгий нутаг байгаа юм. Хожим нь Зоригт вангийн хошуу нэртэй явж байгаад 1924 оноос Бүрэн сум болж, энэ жил 90 жилийнхээ ойтой золгоод байна. Нутаг усныхаа түү­хийг яри­вал сонины хэдэн нүүр хүрэл­цэхгүй. Бүрэн сумаас бахархмаар олон алдар гавьяатан төрөн гарсан. Хөдөл­мөрийн баатрууд гэхэд л Ж.Самбуу гуай, анхны саальчин баатар А.Авирмэд, нэгдлийн дарга Г.Батмөнх, урлагийнхнаас Ардын жү­жигчин, Хөдөлмөрийн баатар Г.Гомбосүрэн гээд яах аргагүй баатруудын өлгий нутаг юм. Тав, зургаан ардын цолтонтой сум байтугай аймаг цөөхөн байдаг шүү дээ. Тэгвэл Бүрэнгийн хонхороос Ардын уран зохиолч Б.Лхагва­­сүрэн, Д.Цоодол, дуу­рийн дуучин Х.Уртнасан, Итгэлт баян буюу Ардын жүжигчин А.Очирбат гээд ардын цолтнууд чихцэлдээд төрөн гарсан.

Энд нэрийг нь дурьдалгүй өнгөрч бо­лохгүй бас нэгэн эрхэм хүн бол их хамба гавж Д.Чойжамц, Ө.Гүндсамбуу гуай байна. Нутгийнхаа 90 жилийн ойд зориулан миний бие хоёр ном гаргалаа. Эхнийх нь 2004 онд хэвлүүлж байсан “Бүтэн заяатай Бүрэн нутаг” номоо шинэчлэн засварлаж, хоёр дахиа хэвлүүлсэн бол “Монгол төрийн мэргэн өвөө” номоо мөн л дахин хэвлэн гаргалаа. “Монгол төрийн мэргэн өвөө” ном маань нэрнээсээ л хэний тухай гэдэг нь андашгүй. Энэ хоёр ном бол ерөөсөө л Бүрэнгийн ард түмний түүх байгаа юм.

Манай нутаг бол хой­гуураа хэсэг сайхан хүрэн уултай, голоороо уудам тэнүүн сайхан талтай, хүн малын жаргал болсон хужир шүү, мараа, жижиг гол горхи, булаг шанд элбэгтэй байгалийн өвөрмөц тогтоц холилдсон ёстой л жаргалын нутаг байгаа юм. Жарангийн тал гэж тэнэгэр сайхан тал бий. Манай Төхөмийн нуур дэлхийн газрын зурагт тэм­дэглээстэй байгаа. Ийм л сайхан нутагт төрж өссөн хүү нь нутаг усныхаа ту­хай, энэ дэлгэр жаргалтай хонхорт төрж өссөн алдар гавьяатнуудынхаа тухай би­чихгүй бол өөр хэн бичих вэ.

-Та ер нь яруу найраг, түүхийн чиглэлийн хэдэн ном бичсэн хүн бэ?

-Өнгөрсөн хугацаанд 15 ном хэвлүүлэн гаргажээ. Яруу найргийн “Хонины хишиг” “Дөлгөөн далайн шуугиан” номууд гаргасан. Гэхдээ миний уран бү­тээлийн гол чиглэл нь ба­римтат нийтлэл, хувь хүмүүсийн намтар түүх, түүхийн шаргал жимээр бэдэрсэн но­мууд голдуу байдаг.

Ардчиллын эхний жи­лүүдэд Р.Чойномын тухай найз Гантөмөртэйгөө хамт­ран бичиж тухайн үеийн “Монголын залуучууд”, “Ил товчоо” “Хөдөлмөр” сонинуудад гаргаж байсан. Энэ бүхнийгээ эмхтгэн “Хориотой модны жимс” нэртэйгээр ном болгон хоёр удаа хэвлүүлсэн.

Түүнчлэн Монгол Улсын хурандаа генерал, Улсын харцага, Хууль зүйн шинжлэх ухааны доктор Ж.Авхиа гуайн тухай “Эр хүн” номоо бичсэн. Ж.Авхиа гуай бол БХЯ-ны сайд, Улсын ерөнхий прокурор гээд төрийн хариуцлагатай алба хашихын хажуугаар төрийн наадамд улсын харцага цолд хүртлээ сайхан барилдсан, ан авд хийморьтой гээд эр хүний цог золбоо бүрдсэн жинхэнэ сайхан эр хүн байсан. Тийм ч учраас би түүний тухай бичсэн номоо “Эр хүн” гэж нэрлэсэн юм.

Мөн С.Дашдамба гуайн тухай “ХХ зууны монгол зурхайч” ном гаргасан. Энэ хүн манай Бүрэнгийн хүн байсан. Туйлын өвөрмөц, гайхмаар ой тогтоолт сайтай хүн байсан. Тухайн үед МУИС-ийн тоо, физикийн чиглэлийн эрдэмтэд цуглан С.Дашдамба гуайг олон янзаар сориод дийлээгүй. Тэдгээр эрдэмтэд тооны машин, сам­пин барьж олон оронтой тоо бодолцоод С.Дашдамба гуайн хурдыг гүйцэлгүй, аргагүй дийлд­сэн гэдэг. С.Дашдамба гуай тамхиа нэрж суугаад олон оронтой тоог үржүүлэх, хуваах, нэмэх, хасах үйлд­лүүдийг тооны машин барь­сан эрдэмтдээс түрүүлж бо­доод байсан гэдэг. Энэ хүн 1969-2000 он хүртэлх 31 жилийн цаг тооны бичгийг хийж малчиддаа барьсан. Тэр цаг тооны бичигт гараг эрхсийн хөдөлгөөнийг тоо­цоолж, хэдийд цас, бороо, шуурга, ган, зудтай байхыг хүртэл нарийвчлан гаргасан байдаг.

Би Бүрэн нутагтаа зо­риулж “Бүрэнгийн сур­гуу­лийнхан”, “Эгэл цадиг” зэрэг ном бичсэн. Эдгээр номуудаас Бүрэнгийн хон­хорынх­ны аж амьдрал, аяг зан, царай төрхийг үндсэнд нь харж болно. Мөн “Хойморын яриа” нэр­тэй номондоо сэтгүүлчээр ажиллаж байхдаа уул­заж, учирч явсан экс Ерөнхийлөгч Н.Багабанди, Тод манлай Д.Даваахүү, Д.Онон нарын ярилцлага, Д.Ононгийн алдарт хээр морины тухай зэрэг нийт­лэл, тэмдэглэлүүд маань багтсан.

-Та Хууль зүйн ухааны докторын зэргийг хэзээ, ямар сэдвээр хамгаалсан бэ?

-Би 2011 оны 10 дугаар сард “Хүний нэр төр, алдар хүндийн эрх зүйн хамгаалах” сэдвээр док­торын зэрэг хамгаалсан. Энэ судалгааны бүтээл дээрээ 10 жилийн турш ажилласан юм шүү. Миний эрдмийн ажлыг удирдсан академич С.Нарангэрэл багш тухайн үед “Ш.Сүхбаатарын эрд­мийн зэрэг хамгаалахаар сонгож авсан сэдэв бол баргийн хүн шүүрч авч зүрхлэхгүй хэцүү сэдэв байсан. Энэ сэдвийн хүрээ, санаа цаашдаа олон хүний оюуны талх болно” хэмээн онцолж байсан юм.

Манай сумаас 10 гаруй шинжлэх ухааны доктор төрөн гарсан. Бүрэнгийн хонхорын хүү намайг хувь заяа минь түшиж армийн хурандаа цол хүртэж, Улсын ерөнхий прокурор, Хууль зүй, Батлан хамгаалах зэрэг гурван яамны Тамгын газрын даргаар ажиллаж үзлээ. Миний ажилдаа баримталдаг үндсэн зар­чим бол Ж.Самбуу гуай төрийн албыг хэрхэн үнэнч шударгаар хашиж, авч идэх биш, амжуулж бүтээхийн төлөө насаараа хоёргүй сэтгэлээр зүтгэсэн зүтгэлийг дээдлэн хүндэлж, үлгэр дууриалал авч явдаг. Би Ж.Самбуу гуайн тухай “Монгол төрийн мэргэн өвөө” номоо анх ажилд орсон 1982 оноос эхлээд 30 жил бичсэн юм. Энэ жил “Өдрийн сонин”-д “Төрд Самбуулаг хүнийг олон болгоё” гэсэн хэлэлцүүлэг өрнүүлсэн.

Ер нь төрд алба хашиж байгаа хэн ч бай “Элчин Самбуу”-гийн гайхмаар сайхан жишээ байдаг. Ж.Самбуу гуай хуучны ЗХУ-д Элчин сайдаар есөн жил ажилчихаад буцаж ирэхдээ анх авч явсан хоёр чемодантайгаа л ирсэн гэдэг. Энэ тухай маршал Х.Чойбалсан 1949 онд нам улсын хариуцлагатны зөв­лөлгөөн дээр “Та нар 10 хоног ЗХУ руу яваад ирэх­дээ хэрээс хэтэрсэн ачаа бараатай ирж байна. Эдийн талаар Элчин Самбуу шиг байцгаа” гэж хэлж байсан түүхтэй. Ж.Самбуу гуай төрийн хүн яаж ажиллаж, хэрхэн амьдрахыг өөрийн­хөө амьдралаар батлан ха­­руулсан хүн. Тэр “Нэг өрөө байр олгоно уу, ард Ж.Самбуу” хэмээн хотын за­хиргааны даргад өргөдөл гаргаж байсан.

Харамсалтай нь тэрхүү өргөдөл нь дарагдчихсан явсныг хотын намын хо­рооны дарга Б.Алтангэрэл гуай олж үзэж байсан юм билээ. Тэр үед Ж.Самбуу гуай шиг хүн ганц өрөө байр гуйх нь битгий хэл ихэнх дарга нар шинэ ашиглалтад орсон байрнаас хэд хэдэн байр өөртөө цохоод олгодог байсан үе шүү дээ.

Өнөөдөр монгол төрд Ж.Самбуу гуай шиг үнэнчээр зүтгэдэг, жинхэнэ төрийн хар хү­мүүс үнэхээр дутагдаж бай­на. Ж.Самбуу гуайд шинжлэх ухааны академич цол олгох гэхэд “Би төрийн өндөр алба тушаалтай хүн. Ард олон муу хэлнэ” гээд татгалзаж байсан юм билээ. Ж.Самбуу гуайн тухай миний ном Монгол төрд энэ хүний ухаан, эгэл даруу зан чанар туйлын их хэрэгтэй байгааг сануулах, мэдрүүлэх гэсэн л санаатай юм.

-Монгол Улсын Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж “Том төрөөс ухаалаг төр рүү” гэсэн туйлын чухал ши­нэч­лэлтийг эхлүүлээд байгаа. Монгол Улсын Га­даад харилцааны яамны Консулын газарт энэхүү шинэчлэлт ямар байдлаар хэрэгжиж байгаа вэ?

-Ерөнхийлөгчийн дэв­шүүл­сэн “Том төрөөс ухаалаг төр рүү” гэсэн энэ санаачилгыг бид дэм­жиж байгаа. Төр гэдэг ард түмэндээ тунгалаг толь шиг ил байх ёстой. Төрийн албанд зүтгэж байгаа хүн хувийн эрх ашгаа ямагт хоёрдугаарт тавьж явах учиртай. Хүний газар ядарч яваа иргэддээ хүч хайрлаж туслах нь бидний үүрэг. Намайг энэ албанд ирэхэд хилийн чинадад монгол иргэдийн эрх ашиг ихээхэн зөрчигддөг байсан. Хүний газар барьцаанд орох, өөрсдөө хэрэг хийх, сураг чимээгүй алга болох гээд янз бүрийн асуудалд орооцолдсон иргэд олон байсан. Энэ бүхний төлөө Гадаад харилцааны яамны Консулын газар хүч тавин ажиллах ёстой.

Энэ ч үүднээс гадаад орнуудад эрх ашиг нь зөрчигдсөн монгол иргэдээ өмгөөлөх, хамгаалах, эх оронд нь эргүүлэн авч ирэх талаар манай Консулын газар сүүлийн гурван жил үнэхээр хүч, анхаарал тавин ажилласны үр дүнд багагүй амжилт гаргалаа. Зөвхөн 2013 онд гадаад орнуудад эрх ашиг нь зөрчигдөж байсан 82 иргэнээ эх оронд нь авч ирсэн.

Энэ он гарсаар 50-иад хүнийг эргүүлэн авч ирлээ. Эрх ашиг нь зөрчигдөж байгаа иргэдээ эх оронд нь авч ирээд зогсохгүй тухайн оронд ажиллаж байгаа Элчин сайд, Консулаар дамжуулан иргэддээ хүрч үйлчилдэг цогц үйлчилгээг бүр нэг чин сэтгэлээсээ үзүүлдэг болгох талаар бид байнга шахаж шаардан ажиллаж байгаагийн үр дүнд иргэдийн зүгээс ч сайшаалтай хандах болсон.

Хилийн чинадад элдэв хэрэг төвөгт орооцолдож байгаа хэн ч бай Монгол Улсын иргэн л бол бид эрх ашгийг нь хамгаалах л ёстой. Хамгаалах ч болно. Монгол Улс алдаж, эндэж яваа аль ч иргэндээ эцгийн ёсоор хайр энэрлээ үзүүлэх ёстой. Тэр үүргийг Гадаад харилцааны яам, Консулын газраар дамжин хэрэгжих учиртай юм.

Бид энэ үүргээ нэр төртэй гүйцэтгэхийн төлөө хичээн зүтгэж байна.

Өглөөний сонин
Д.Энхтүвшин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2014-07-07 02:16:31
    Маш сайн байна, төрийн хүмүүс ингэж л ажиллах ёстой.
    49.0.195.14
    Мэдэгдсэн Хариулах