Төсвийн тодотголын анхны хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ.
 

Хууль санаачлагчийн илтгэлийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танилцууллаа.

Гадаад, дотоодын эдийн засгийн нөхцөл байдлын улмаас эдийн засгийн идэвхжилт суларч, 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр ДНБ-ий өсөлт 1.3 хувьд хүрэх төлөвтэй байна. Энэхүү өсөлтөд хөдөө аж ахуйн салбар 10 орчим хувиар, үйлчилгээний салбар 3.4 орчим хувиар тус тус өсөхөөр байгаа нь голлон нөлөөлж байна. Харин 2016 онд уул уурхайн салбарын үйлдвэрлэл буурахаар хүлээгдэж байгаа тул тус салбар эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэхээргүй байна.

Дэлхийн зах зээл дээрх манай улсын экспортын гол нэрийн түүхий эдийн үнийн бууралттай холбоотойгоор хүлээгдэж буй гүйцэтгэлээр экспортын хэмжээ 2015 онтой харьцуулахад 14.4 хувиар буурахаар байгаа бол эдийн засгийн идэвхжил саарсантай холбоотойгоор импортын хэмжээ 2015 оноос 12.5 хувиар буурахаар байна хэмээн Ерөнхий сайд танилцуулгын эхэнд мэдээллээ.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны эхний 7 сарын гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогын бүрдүүлэлт 82.2 хувийн, нийт зарлага 91.0 хувийн гүйцэтгэлтэй, төсвийн нийт тэнцэл 1,974.1 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий  -8.1 хувьд хүрээд байгаа аж.

Түүнчлэн, 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын гүйцэтгэл төлөвлөснөөс 1,669.6 тэрбум төгрөгөөр буурахаар байгаа юм байна.

Төсвийн орлогын ийнхүү буурахад татварын бус орлого төлөвлөсөн хэмжээнд хүрээгүй, экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүн болох зэс, нүүрсний үнийн бууралт, импортын бууралт, аж ахуйн нэгжүүдийн ашигт ажиллагааны төвшин, борлуулалт, төлбөрийн чадвар муудсан зэрэг гадаад болон дотоод эдийн засгийн нөхцөл байдлаас нөлөөлсөн байна. Тодруулбал,  эрдэс бүтээгдэхүүний үнэ, экспортын бууралтаас шалтгаалан 220.3 тэрбум төгрөгөөр, импортын бууралтаас хамаарч 485.1 тэрбум төгрөгөөр, татварын бус орлогын бууралт 641.3 тэрбум төгрөгөөр, дотоодын эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан 323.0 тэрбум төгрөгөөр тус тус орлого буурах үзүүлэлттэй байгаа ажээ.

Монгол Улсын 2016 оны төсөв батлагдсанаас хойших хугацаанд УИХ-ын нэгдсэн чуулганаар баталсан хууль эрх зүйн орчны өөрчлөлт, мөн Засгийн газраас оны эхний хагаст гаргасан ихээхэн хөрөнгийн эх үүсвэр шаардагдсан шийдвэрүүд, гадаад, дотоод бусад хүчин зүйлийн улмаас төсвийн зарлага нийт дүнгээр 2,372,4 тэрбум төгрөгөөр нэмэгдэж нэгдсэн төсвийн нийт алдагдал ДНБ-ий 20.6 хувьд хүрэхээр байгаа нь 2016 оны төсөвт зайлшгүй тодотгол хийх шаардлагыг бий болгожээ. Хэрэв УИХ, Засгийн газар Монгол Улсын төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа чанд мөрдөж, хуулийг дээдлэх зарчмаа бусад ашиг сонирхлоос дээгүүрт баримтлан ажиллаж ирсэн бол өнөөгийн төсөв, санхүүгийн нэн хүндрэлтэй нөхцөлд байдалд хүргэхгүй байх бүрэн боломжтой байсан гэж үзэж байгаагаа Ерөнхий сайд илэрхийлсэн юм. Монгол Улсын 2016 оны төсвийн тодотголыг боловсруулахдаа дараах зарчмыг баримталжээ. Үүнд:

  1. Төсвийн орлогыг өөрчлөгдөж байгаа гадаад, дотоод зах зээлийн нөхцөлд үндэслэн бодитоор төлөвлөх;
  2. УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газрын шинэ бүтэц, бүрэлдэхүүний дагуу яам, агентлагууд болон тэдгээрийн харьяа байгууллагын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийг төсөвт тусгах;
  3. Төсвийн орлого буурсны улмаас санхүүжүүлэх боломжгүй урсгал зардлыг бууруулах, бүх шатны төсвийн байгууллагуудад хэмнэлтийн зарчмаар ажиллах;
  4. Төрийн албаны удирдлагын зардлыг бууруулах, улс төрийн болон захиргааны удирдах албан тушаалтны цалин, хөлсийг түр хугацаагаар бууруулах;
  5. Төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийн одоогийн түвшнийг богино хугацаанд хадгалах, цаашид үе шаттай нэмэгдүүлэх асуудлыг төсвийн боломжтой уялдуулан дунд, урт хугацаанд шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх;
  6. Төрийн албан хаагчийн цалин хөлс, нийгмийн баталгааг хангахад ижил, тэгш байх зарчмыг баримтлах, зарим салбарт ялгаатай, харьцангуй өндөр тогтоосныг бууруулах, хувийн хэвшил болон төрийн албаны хоорондын зааг ялгааг багасгах;
  7. Нийгмийн халамж, хамгааллын зарим хөтөлбөр, арга хэмжээний хэрэгжилтийг зорилтот бүлэгт чиглүүлэх, төсвийн боломжтой уялдуулан хэрэгжилтийг түр зогсоох, хойшлуулах арга хэмжээ авах;
  8. Тэтгэврийн сангийн урт хугацааны санхүүгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр зайлшгүй хийгдэх зохицуулалтын арга хэмжээг авч эхлэх;
  9. Шинээр батлагдсан бөгөөд төсвөөс зардал нэмж шаардагдах зарим хууль, тогтоомжийг бүхэлд нь болон хэсэгчлэн хэрэгжилтийг хойшлуулах, төсвийн боломжтой уялдуулан үе шаттай хэрэгжүүлж эхлэх зарчмыг баримтлах;
  10. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа болон Хөгжлийн банкны санхүүжилтээр төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлөөр  санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний гэрээ нь байгуулагдаагүй, ажлын гүйцэтгэл нь гараагүй, удаашралтай байгаа зарим барилга байгууламжийн санхүүжилтийг хойшлуулах зэрэг юм байна.

Монгол Улсын 2016 оны төсвийн тодотголын дээр дурдсан өөрчлөлтүүдийг тусгахад нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 1,669.6 тэрбум төгрөгөөр буурч 5,344.3 тэрбум төгрөг болж, нэгдсэн төсвийн зарлага ба цэвэр зээл 1,787.0 тэрбум төгрөгөөр нэмэгдэн 9,741.4 тэрбум төгрөг болохоор байна хэмээн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ. Нэгдсэн төсвийн нийт алдагдал 4,397.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 18.2 хувьтай тэнцэхээр тооцож тусгажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан. Мөн гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлснээр Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлэг дуусч, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороодод шилжүүллээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • БАТСҮРЭНГИЙН МӨНХ 2016-08-27 05:18:34
    Улсын төсөвт үр ашиггүй давхардсан гэрээ, зардал маш их байна. Тухайлбал, Цахим эрүүл мэнд төсөл дээр ЭМСЯ Гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчтэй нь давхар гэрээ байг...
  • хотын иргэн 2016-08-27 02:34:00
    Замын цагдаа замын цэвэрлэгч хоёр байгаад байна гэдэг чинь засгийн газаын гишүүд тэнэг байна гэсэн үг мянга тодотгоод яахийн эргүү малууд