З.Батбаяр: Усны асуудлыг шийдэхгүйгээр газрын тухай ярих боломжгүй

Ярилцах цаг” булангийн зочноор МАХН-ын нарийн бичгийн дарга З.Батбаярыг урилаа.

-Газрын тухай хууль хэл ам таталж, Засгийн газар эргүүлэн татсан бол бие даагч гишүүд “Монгол хүний төлөө бид л газрын тухай бодлого, үзэл баримтлалыг боловсруулж чадна” гэсэн мессэжийг өгөөд байгаа. Газрын тухай хуульд таны дэвшүүлдэг ус, бэлчээрийн асуудал яаж орох ёстой бол?

-Дэлхийн улс орнуудыг харахад Газрын тухай хууль  бусад хуулиудаас ялангуяа эдийн засгийн шинж чанартай хуулиуд дотроос хамгийн түлхүүр хууль байдаг.

Газартай холбоотой эрхзүйн харилцааг хэрхэн шийдвэрлэснээс тухайн улсын эдийн засгийн хувь заяа хамаардаг. Дэлхий дахины туршлагаас харахад газартай холбоотой хоёр чиглэл бий. Нэгдүгээрх нь газрыг тэр чигээр нь өмчилдөг. Энэ ямар улс орнууд байна гэвэл газар тариалан буюу ерөөс газраас шууд үр ашгаа хүртдэг, олон хүн амтай нутагт  бол газрыг шууд өмчлөлийн замаар шийдээд явчихдаг. Дараагийн  жишиг нь  бидний ярьж заншсанаар бэлчээр гэж хэлмээр юм уу, хөдөө орон нутгийн  газрын асуудлыг орхиод хот суурин газарт харин газрыг хувьчилдаг. Ялангуяа Европын улсуудад  ийм байдаг. Сүүлийн үед Европын улсууд  хөдөөгийнхөө, бидний бэлчээр гэж нэрлээд байгаа газрыг хувьчлах зам руу явж байгаа. Жишээ нь, хувьдаа байшинтай айл цэцэрлэгт хүрээлэнтэй болдог, тэндээ дуртай зүйлээ тарьдаг  ийм чиглэл рүү явж байна. Монгол Улсын хувьд нөхцөл байдлыг аваад үзвэл саяын миний ярьсан хоёр чиглэлийн алинд ч хамааралгүй өөрөөр явах үндэслэл бий. Яагаад гэвэл Монгол Улсын ДНБ-ий 30 гаруй хувийг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, тэр дотроо мал аж ахуй эзэлдэг. Монголчуудын хувьд мал аж ахуй хоёр үндсэн шалтгаанаар маш чухал. Нэгдүгээрх нь, мал аж ахуй монгол үндэстний оршин тогтнох үндэс, монгол хэл, соёл уламжлалыг хадгалж үлдэх цорын ганц арга зам. Хоёрдугаарх нь, Монгол Улсын эдийн засагт мал аж ахуйн гүйцэтгэх үүрэг асар их юм. Яг энэ тохиолдолд бид газар  хувьчлалын тухай асуудлыг бэлчээр хувьчлах нэрээр ярих цаг нь мөн үү, биш үү. Нөгөө талаар газар хувьчлалтай холбоотой дэлхий нийтэд хамгийн их маргаан дэгдээдэг нь усны асуудал байдаг. Гадаргын болоод гүний ус нь  тодорхой үүсвэрээ эх авдаг. Гэтэл газар хувьчлах, сүүлийн үед яриад байгаа эзэмших, ашиглах тохиолдлын алинд  ч  нэг булгийг тойруулаад газар авсан этгээд яах вэ гэдэг асуудал гарна. Эсвэл голын дунд хавьцаа нутаглаж байгаа айл тэр голоо дамнуулаад  газраа авсан тохиолдолд яах вэ гэдэг  нь эргэлзээтэй.

-Өнөөдөр газар хувьчлал, усны асуудлыг манайд яаж зохицуулж ирсэн бэ?

-Одоогийн байдлаар Монгол Улсын Газрын тухай хуульд газар эзэмшигч этгээд нь тухайн газар дээр байгаа усны эх үүсвэрийг өмчлөгч, эзэмшигч болохгүй гэсэн хуулийн заалт байгаа ч гэсэн шинээр оруулж ирсэн хуульд тэр заалт байхгүй байна гэж би ойлгосон. Энэ маш аюултай. Ямар аюулыг бий болгож байна гэвэл усыг хувьчлах аюул үүсч байна. Жишээ нь, бэлчээр хувьчлаад эхэлсэн тохиолдолд  юу болох вэ.  Нэг сайхан булгийн эхэн дээр байж  байгаа айл  гэхэд тэр булагаа хувьчлаад тэр булаг нь доошоо 17 км урсдаг байлаа гэхэд 900 м-т нь том нуур байгуулаад булгийг доош нь урсгахгүй болгочихвол ямар вэ. Нөгөө  этгээд өмчлөгч  учраас өмчид хэн ч халдаж болохгүй. Өмчийг Үндсэн хуулиар хамгаална. Дараагийн тохиолдолд нэг голын эхэн дээр байгаа айл мөн л тэндээ нуур үүсгээд загас жараахай үржүүлээд явчихвал  бусад айлууд яах вэ. Ийм аюул байгаа учраас усны асуудлыг шийдвэрлэхгүйгээр газар хувьчлалын асуудлыг ярих боломжгүй. 

-Танай нам энэ талаар ямар бодлого баримталж байгаа вэ?

-Манай намын баримталж байгаа байр суурь бол газар хувьчлалын асуудлыг хоёр салгаж ойлгох хэрэгтэй гэж үзэж байгаа. Энэ бол хот суурин газар, бэлчээрийн асуудал. Тэгэхээр бэлчээр гэдэгт бид тодорхойлолт өгөх зайлшгүй шаардлагатай. Жишээ нь, хөдөө 10 га газарт буудай тарьсан хүн байлаа гэхэд тэр нь бэлчээрийн талбайд орох уу, үгүй юу гэдэг байна. Олон улсын хандлага, ялангуяа Европынхны эрхзүйн жишгээр бол газруудаа ангилсан байдаг. Бэлчээрийн газар, хадлангийн газар гээд.Түүнтэй адил бид ч гэсэн хуульзүйн тодорхойлолт өгөх шаардлагатай байж магадгүй. Яагаад гэвэл, түүний дараа л алийг нь хувьчлах вэ, эсвэл хувьчлахгүй юу гэдэг асуудал байна. Хэрэв бид бэлчээрийг хувьчилна гэсэн шийдвэр гаргах юм бол Монгол Улсын мал аж ахуй шууд устана.

-Яагаад?

- Өнөөдөр манайд ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл олохыг хүсч байгаа маш олон компани байна. Тэдэнд эзэмшүүлээд өгсөн ч гэсэн аюул бий. Бид Өвөрмонголын  Ордосыг сайхан хөгжиж байна гэж ярьдаг. Гэтэл тэнд мал аж ахуй дээр байгаа малчин өрх хот руу шилжвэл таван өрөө байрыг үнэгүй өгч байгаа. Түүнийх нь  оронд бэлчээрийг нь хэд хуваагаад хувьчилдаг. 5000 жилийн турш газар тариалан, мал аж ахуй эрхэлж ирсэн нүүдэлчин улс үндэстнүүдийг эзэлж чаддаггүй байсан бол одоо бол тэр бүхэн нээлттэй болж байна. Өөрөөр хэлбэл, ”Газар бол төр оршин тогтнохуйн үндэс” гэсэн  Модунь Шаньюгийн хэлсэн үгийг бид өнөөдөр “Бэлчээр бол Монгол Улсын оршин тогтнох үндэс” гэж ойлгох хэрэгтэй. Бэлчээрийг хувьчлах тухай ойлголт хэзээ ч байж болохгүй. Учрыг нь би түрүүнд хэлсэн, энд нэгдүгээрт усны асуудал бий. Хоёрдугаарт, мал аж ахуй устана. Мал аж ахуйн хувьд хотын эргэн тойронд  эрчимжсэн мал аж ахуй  хөгжих нь зүйтэй байх. Гэхдээ хотоос 1000 км-ийн зайтай Ховд аймгийн Дарви суманд эрчимжсэн мал аж ахуй хөгжинө гэж байхгүй. Яагаад гэвэл зах зээлээс хол байна шүү дээ. Монголын мал аж ахуйн ихэнх нь зах зээлийг бус  өрхийн амьжиргааг  тодорхойлдог учраас бид энэ чиглэлийг  нь барьж бодлого баримтлах ёстой юу, үгүй гэдэгт шийдлээ гаргах ёстой.

-Сүүлийн үед шийдвэр гаргагчид бүх асуудлыг эдийн засагжуулж ярьж, бичдэг болсон. Эдийн засгийн гарц, өсгөх боломжийг хайж байна гэх юм. Гэтэл цалин, тэтгэврээ яаж нэмэгдүүлэх тухайд  юм хэлж байгаа хүн бараг алга. Та юу гэж үзэж байна?

-Бид эдийн засаг гэж юу вэ гэдгээ эхнээс нь бодох ёстой. Нэг жишээ хэлье л дээ, улс төрийн намын зорилго юу вэ гэвэл намуудын олонх нь, тухайлбал хоёр том нам засгийн эрх авах гэж зорилгоо  тодорхойлдог. Би түүнтэй санал нийлдэггүй. Улс төрийн намын зорилго нь улс орон яаж хөгжих вэ, ард түмний амьдрал яаж дээшлэх вэ гэдэгт улс төрийн намууд бодлогоо тодорхойлж явах учиртай. Яг үүнтэй адилаар эдийн засгийн хөгжлийн зорилт юу байх вэ. Өнөөдөр эдийн засгийн хөгжлийн зорилтыг хоёр том нам юу гэж тодорхойлж байна гэвэл, тоон үзүүлэлтээр нэмэгдэх, Засгийн газрын зарцуулж болох мөнгөний тоо ихсэхийг эдийн засгийн өсөлт гэж нэрлээд байна. Би үүнийг эсрэгээр нь авч үздэг.  Эдийн засгийн  хүчин зүйл  гурван үндсэн зүйл байгаа. Нэгдүгээрт, ямар нэгэн байдлаар тоон ч бай, чанарын ч бай өсөлт байх ёстой. Тэр өсөлт нь бүх нийтэд тэгш байдлаар хүрэх ёстой.

-Бүх нийтэд тэгш хүрэх ёстой гэдгийг тодруулахгүй юу?

-Тухайлбал,  эдийн засгийн өсөлт  жилд гурван тэрбумын эргэлттэй  том компанид ч, Долоон буудалд хоёр үнээ саагаад өглөө сүүгээ зардаг Должин эмээгийн амьдралд мэдэгдэх ёстой. Үүнийг л бид өсөлт гэж нэрлээд байгаа юм. Дараагийн чухал зүйл  нь тогтвортой байдал. 2009-2010 онд Монгол Улс эдийн засгийн өсөлтийнхөө хурдаар дэлхийд тэргүүлж байна гэж ярьсан. Гэтэл 2014 онд тэрхүү өсөлтийн хурд нь нэг оронтой тоо руу ороод алга болсон. Тэгвэл БНХАУ 2000 оноос  эхлэн 7-10 хувийн өсөлтийг тогтмол барьж ирсэн. Тэр  нь тогтвортой байдлыг  нь хангаж байна. Тогтвортой байдал гэдгийн цаад талд Монголд илүү чухал байдлаар яригдах асуудал бол байгаль орчны тогтвортой байдал. Байгаль орчноо хамгаалж, сүйрүүлэхгүй байх нь тогтвортой байдлын чухал үзүүлэлт юм. Яг энэ үүднээс авч үзвэл өнөөдрийн бидний эдийн засгийн үзүүлэлт маань тоон үзүүлэлт байна уу, чанарын өсөлт байна уу, бүх нийтэд тэгш хүрч байна уу, байгаль орчин ямар байна гэхээр байхгүй байна. Бид буруу яваад байна. Эдийн засгийн өсөлт гэж яриад байгаа нь  Засгийн газруудын  баримталж байх гол зүйл нь ард түмний амьдрал дээшилж байх үзүүлэлт юм.

-Ард түмний амьдралыг дээшлүүлэх арга замыг та юу гэж харж байна?

-Өнөөдөр манай улсын  гурван сая хүний нэг сая нь хүүхэд, нэг сая нь ажил эрхэлдэг бол үлдсэн нь ажилгүй байна. Хүүхдүүдийг ярихаа байя гэхэд хоёр сая хүнээ ярих ёстой. Амьжиргааг нь дээшлүүлэхийн тулд  нэгдүгээрт цалинг нь нэмэгдүүлэх, хоёрдугаарт тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, ийм л хоёр арга зам бий. Энэ хоёр арга замд ямар боломжууд байна гэвэл цалинг нь нэмэгдүүлэх тухайд авч үзэхэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоохдоо сараар нь тогтоож гурван талт хэлэлцээрээр буюу Засгийн газар, Ажил олгогч эздийн холбоо, Үйлдвэрчний эвлэл гэж заасан. Үүнийг би буруу гэж үздэг. Ажил олгогч эздийн холбоо 30-40 компани учраас Монголд ажиллаж буй нийт компанийг төлөөлж чадахгүй. Үйлдвэрчний эвлэл 200 гишүүнтэй байгууллага асуудал шийдвэрлэхэд боломжгүй. Тиймээс Засгийн газар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоодог байх хэрэгтэй. Ингэхдээ Засгийн газрын эрх ашгийн үүднээс бус ард түмний эрх ашгийн үүднээс тогтоох ёстой. Тодруулбал, хөдөлмөрийн хөлсийг цагийн үнэлгээг нь 2000 болгох хэрэгтэй. Сараар тооцвол тэр нь  320 мянган төгрөг болно. Энэ мөнгийг гаргаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмснээр төрийн албан хаагчдын цалингийн төвшин нэмэгдэнэ. Хувийн компаниуд хүссэн хүсээгүй цалингаа нэмнэ. Цалин нэмснээр  сөрөг тал бий ч эерэг тал нь хүмүүсийн худалдан авах чадвар нэмэгдэнэ. Энэ нь эргээд жижиг бизнесүүдийг дэмжинэ. Ийм утгаар нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх нь зүйтэй. Үүнтэй зэрэгцүүлэн 320 мянган төгрөгтэй тэнцэх мөнгөөр малчин өрхийг цалинжуулъя. Бэлчээрийг нь хувьчлах тухай ярихаас илүүтэй малчдаа дэмжмээр байна. Малчдыг дэмжих ноос, ноолуур гээд урамшуулал дэмжлэг байгаа ч түүнээс илүү дэмжлэг нь тогтвортой цалин юм.

-Тэгэхээр эдийн засгийн  ийм боломж, эх үүсвэр байна уу?

-Өнөөдөр манай улсад хэрэгжиж байгаа татварын тогтолцоо  буруу байна. Бидний нэвтрүүлсэн дөрвөн 10-ын систем буюу татварын одоогийн тогтолцоо зөвхөн томоохон бизнес эрхлэгчдийг л дэмжих бодлого болж хувирсан. Ганц тоо хэлье, манайд байгаа компаниудын 47 хувь нь жижиг компани. Тэд нийт татварын дөнгөж долоон хувийг төвлөрүүлдэг. Том компаниуд  85 хувийг төвлөрүүлдэг. Монголын эдийн засаг татварын орлогоос нь үзэхэд хэдхэн компани дээр тогтож байна. Тиймээс өсөн нэмэгдэх хувь хэмжээг тогтоох нь зөв. Ингэснээр татварын орлого нэмэгдэж, том компанийн нийгэмд хүлээх үүрэг нэмэгдэнэ. Хүн амын орлогын албан татварыг ч ийм тогтолцоонд шилжүүлэх нь зөв. Машины, үл хөдлөх хөрөнгийн албан татваруудад ч өөрчлөлт оруулах нь зүйтэй. Дээр нь нэг тоо хэлэхэд, Монголын нийт хадгаламж эзэмшигчдийн ердөө долоохон хувь нь банкинд байгаа хадгаламжийн 80 гаруй хувийг эзэмшиж байна. Тэр хүмүүс хадгаламжийн хүүгээр мөнгө олж, нийт ард түмэн ядуурч байна. Өрийн сүлжээ гэхээс илүү энэ асуудлыг  эргэж харах цаг болсон. Дараагийн нэг арга зам нь төрийн байгууллагад байгаа замбараагүй хэрэглээг хязгаарлах хэрэгтэй. 222 албан тушаалтан машин унаснаас болж жилд 19 тэрбумын зарлага гаргаж байна гэсэн аудитын газрын дүгнэлт гарсан. Яамдын 60 хувь нь гадаад томилолт хэтрүүлсэн тоо байна. Энэ замбараагүй хэрэглээг тэглэсэн тохиолдолд цалин, тэтгэвэр тэтгэмж нэмэх боломжууд гарч ирнэ.


Ч.ҮЛ-ОЛДОХ
ЗУУНЫ МЭДЭЭ

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Mongol 2014-07-07 02:09:26
    Ene odoo yu geed erguuteed bna aa
    202.21.116.2
    Мэдэгдсэн Хариулах