Б.Цэрэнпүрэв: Төсвөө нэмэхгүй бол замын компаниуд дампуурч, бүтээн байгуулалт зогсоно
Монголын автозамчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос зам засварын төсвийн тодотголтой холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр тус холбооны дарга Б.Цэрэнпүрэвээс зарим зүйлийг тодрууллаа.
 
-Зам засвар, арчилгааны мөнгийг танасан. Үүнээс болж хэчнээн компани алдагдал хүлээх болоод байна вэ?
 
-Монгол Улсын хэмжээн дэх улсын чанартай замуудад засвар, арчлалтын ажлыг жил бүр хийдэг. Цас, бороонд элэгдэж, эвдэрсэн замыг арчилж, засвар хийх шаардлагатай байдаг. Тухайлбал, энэ жил бороо ихтэй зун байлаа. Борооны улмаас олон зам эвдэрсэн. Тэр болгоныг бид засч байна.
 
Зам засварын арчлалт, засварын үйлчилгээ явуулдаг нийт 28 компанийн 1000 ажилчин бий. Авто замын салбарын төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг, замчдын эрхийг хамгаалах түр хорооноос 2016 оны улсын чанартай авто зам засвар, арчлалтын ажилд 55 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн техник, эдийн засгийн үзүүлэлтийг үндэслэн төлөвлөсөн. Гэтэл төрөөс найман тэрбум төгрөгийг төсөвт суулган баталсан. Энэ мөнгөө нэмэгдүүлж өгөөч гэдэг шаардлагыг бид удаа дараа тавьсан. Авто зам арчлалтын ажилд төсөвлөсөн найман тэрбум төгрөг энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулж буй 28 компанийн 1000 ажилчны цалинд ч хүрэхгүй.
 
Танасан төсвийн хор уршгаас болж замын компаниудын үйл ажиллагаа удааширч улмаар өрийн дарамтад орсон. Цалингаа ч тавьж чадахгүй болчихоод байна шүү дээ. Автозамчид 180-300 мянган төгрөгийн цалинтай ажилладаг. Дөрвөн сарын цалингаа авч чадаагүй л байна. Мөн наймдугаар сараас эхлэн бүх арчлалтын компанийн ажилчид цалин хөлсгүй сул зогсож байгаа. Мянган хүн ажилгүй сул зогч байна. Үүний цаана мянган айл өрх ажилгүй болж байгаа гэсэн үг.
 
-Зам ашигласны төлбөрийг саяхан нэмэгдүүлсэн шүү дээ. Тэр мөнгийг замын арчилгаанд зориулдаг гэж холбогдох албаныхан тайлбарлаж байсан?
 
-Үгүй. Энд нэг том эндүүрэл яваад байгаа юм. Энэ жил зам ашигласны төлбөр, хураамж нэмэгдсэн. Тэр төлбөр нэмэгдсэнтэй холбогдуулан хүмүүс төлбөр хураах цэгийн ажилчидтай маргалдаж, бухимдаж байгаа. Зам ашигласны төлбөрөө нэмчихээд “Та нар замаа зассангүй” гэсэн байдлаар замчдыг дайрч, доромжилдог.
 
Бүр замын төлбөр хураагчийг зодсон тохиолдол ч гарсан. Уг нь зам ашигласны төлбөр энэ зам арчлалттай ямар ч холбоогүй. Зам ашигласны төлбөр гэж жилд гурван тэрбум төгрөг улсын чанартай замд төсөвлөдөг. Харин орон нутгийн замд тухайн нутгийнхаа төсөвт ороод явдаг. Улсад зам ашигласны төлбөр гэж нийт 3-4 тэрбум төгрөг цуглардаг. Тэр мөнгөнөөс 20 хувийг л урсгал зардалдаа зориулдаг юм. Үлдсэн нь бүгд төрийн сан руу очдог.
 
Гэтэл зам арчлалтын мөнгийг нэмсэн хэрнээ “Та нар замаа зассангүй” гэх буруу ойлголт иргэдийн дунд байна. Тийм биш юм. Тэгэхээр найман тэрбум төгрөгийг зарцуулна гээд бодоод үзье. Компани бүрт 200-300 сая төгрөг оногдоно. Нэг компанид 75-150 хүн ажилладаг. Тэгэхээр цалингийн сандаа ч хүрэхгүй байгаа биз. Ийм л мөнгө төсөвлөсөн. Бид удаа дараа шаардлага хүргүүлсний үр дүнд Засгийн газрын хуралдаанаар дэмжигдсэн гэдэг хариуг Сангийн яамны холбогдох хүнээс амаар авлаа. Гэхдээ бичиг, цаас болоод нэмье гэсэн зүйл болоогүй байна.
 
Энэ жил цас ихтэй өвөл болно. Харин тэр цасыг замчид яаж цэвэрлэх юм. Хүчтэй бороо, үерээс болж далангууд нурсан. Далан нурахад хэрэглэнэ гэж төлөвлөсөн мөнгө байхгүй. Ер нь  ажлын байр бараг байхгүй боллоо. Хувийн хэвшлийн компаниуд бүгд өр, зээлтэй. Нийгмийн даатгал болон татварын газарт их хэмжээний өртэй болсон. Тиймээс энэ асуудлыг хурдан шийдвэрлэж, төсвөө нэмэх хэрэгтэй. Нэг бол бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох шаардлагатай. Тэр компаниудад хамгийн доод тал нь 28-38 жил ажилласан хүн бий. Тэдгээр ажилчдын нийгмийн асуудлыг яаж шийдэх юм бэ. Ажилчид л их хохирч байна.
 
Одоо компаниудаас “Шатахуунаа зээлээр авъя” гэхээр “Замынханд өгөхгүй мөнгө байхгүй. Орж ирдэггүй юм чинь. Өгөхгүй” гэдэг болсон. Сүүлдээ ямар ч бүтээн байгуулалт хийх боломжгүй болсон. Бид хоёр зүйлийг хэлмээр байна. Нэгдүгээрт, төсвийн мөнгийг нэмэгдүүлэхийг хүсч байна. Хоёрдугаарт, зам ашигласны төлбөр замын арчлалтын компаниудад ямар ч хамаагүй гэдгийг иргэдэд ойлгуулахыг хүсч байгаа юм.
 
-“Гудамж” төслийн ажлыг гүйцэтгэсэн компаниудад санхүүжилтыг нь өгсөн гэсэн шүү дээ?
 
-Үгүй. “Гудамж” төслийн ажлыг 22 компани гүйцэтгэсэн. Уг компаниудад 7.5 тэрбум төгрөг өгөх ёстой. Одоо болтол өгөөгүй. Бид хоёрдугаар сараас хойш шаардаж байна. 2015 оны төсөвт суугдсан ч энэ онд суугаагүй. Мөн “Гудамж” төслийн замын компаниуд бондын мөнгийг идсэн, уусан гэж яригдаж байгаа. Гэхдээ энд замчид огт хамаагүй.
 
Бид улсын зарласан тендэрт шалгарсан. Тэдний хий гэсэн ажлыг л хийсэн. Биднийг хаанаас ч шалгасан хамаагүй. Харин хүнээр ажил хийлгэчихээд, хөлсийг нь өгөх хэрэгтэй биздээ. Биднийг нийт санхүүжилтийнхээ 90 хувийг авсан гэж гудамж төслөөс мэдээлсэн. Анх төлөвлөснөөр 200 сая төгрөг байсан. Тэрний 80 сая төгрөгийг нь хэрэглэсэн. Бусад нь улсын төсөвт орсон юм. Өөрсдөө төсөвлөж, хүмүүсээр зам хийлгэчихээд одоо болохоор мөнгөө өгөхгүй байна шүү дээ.
 
Сая бүх замын компанийн концесс буюу эргэн төлөх нөхцөлтэйгээр төсвийг хаасан. Тэгэхээр ирэх жилээс замын компаниудын ажил зогсоно гэсэн үг. Хэдэн мянган хүн ажлын байргүй болно. Нэг компанийн асуудал яриагдаагүй байна. Хэдэн зуун мянган компани бий. Тусгай зөвшөөрөлтэй 500 мянган компани бий. Энд хүний эрх зөрчигдөж байна. хүмүүс амарч байхад замчид ажиллаж л байдаг. Наадмаар, АСЕМ-аар ч ажилласан. Тиймээс төсвийн мөнгийг нэмэх шаардлагатай байна.
 
Монголын мэдээ
Н.Батзаяа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 111 2016-08-29 08:44:27
    500-d company biil dee /
  • зочин 2016-08-26 02:38:17
    худлаа баахан тоогоор толгой эргүүлсэн хаашаа амьтан бэ. авах юм хүзүүнээс уяатай гэдэг. нэг л өдөр өгнө шүү дээ.
  • зочин 2016-08-26 02:08:50
    Замын тусгай зөвшөөрөлтэй 500 мянган компани гэнэ үү, энэ худлаа байхаа, үүний 80% нь УБ байна гэхэд 100 000 нь аймгуудад нэг аймагт 4000 компани юу вэ
  • уншигч 2016-08-26 01:09:11
    төсөв нэмэх хэрэгтэй л дээ гэхдээ хэн нэгэн нэмэх хэрэгтэй гэхээрл болчихдог зүйлч бас биш байхгүй мөнгөөр хичнээн удаа төсөв нэм,цалин нэм гэж хашгираад яах ю...
  • 4444 2016-08-26 01:08:14
    МАН зайл цаашаа