Хэн юу хэлэв

Өнгөрсөн долоо хоног тэр чигтээ л улс орны эдийн засгийн байдлын эргэн тойронд эдийн засагчид, улстөрчид байр сууриа илэрхийлсээр өнжлөө. Үүний зэрэгцээ аймгийн шинэхэн удирдлагууд хотод ирж, сайд нартайгаа уулзан жаргал зовлонгоо хуваалцсан бол эдийн засагчид чуулж, улс орны эдийн засгийн хүндрэлийг хэрхэн даван туулах гарц байгаа талаар хэлэлцлээ. Улс орны амьдралыг үргэлжлүүлэх шаардлагатай учраас төсвийн тодотгол хийж, түүнийгээ УИХ-ын даргад өргөн барьсан нь ч мөн олны анхаарлын төвд байна.
 
Энэ өдрүүдэд АН-ынхан ч дуугуй суусангүй, ҮЗХ-ныхоо хуралдаандаа бэлдэж, шинэчлэлийн хөдөлгөөн нь өрнөсөөр өнжлөө. Ингээд өнгөрсөн долоо хоногт олны анхаарлыг татсан зарим хүний ярьсныг “Хэн юу хэлэв” булангаараа онцлон хүргэж байна.

Д.Эрдэнэбат: Сангийн сайд гоншигонолгүй ажлаа хий

/УИХ-ын гишүүн/

- Төсвийн тодотголтой холбоотой өөрчлөлтүүдийг би дөнгөж аваад байна. Нөхцөл байдал эвгүй тавигджээ гэж харсан. Төсөв алдагдалтай байгаа нь ойлгомжтой. Уул уурхайгаас хамаарсан эдийн засгийн уналт дөрвөн жил үргэлжилсэн нь үнэн. 


Эдийн засгийн хүндрэл бол АН-ын, МАН-ын гэж байхгүй, ард түмний эрх ашигтай холбоотой зүйл. Тиймээс үүнд улстөржиж, намынхаа явцуу эрх ашгийг бодооч гэдгийг би байнга хэлж байгаа.

 
Өнөөдрийн орж ирж байгаа төсөв бол дэндүү хариуцлагагүй байна. Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед төсвийн алдагдлыг ард түмний халааснаас нөхнө гэдэг бол дэндүү хариуцлагагүй үйлдэл. Та бүхэн хараарай. Орж ирсэн төсөв зөвхөн иргэдийн цалин, тэтгэмж, шимтгэл, эзэмшиж байгаа хөрөнгөтэй холбоотой бүх зүйлээс татвар авна гэж байгаа. Энэ бол туйлын хариуцлагагүй бөгөөд харгис үйлдэл болж байна. Ард түмнийг ингэж хуурч болохгүй. 1000 ам.долларын цалин өнөөдөр амжиргааны л түвшин шүү дээ. 1000 ам.долларын цалинг Монголд тун цөөхөн хүн авч байгаа. Гэхдээ хүнд, оюуны хөдөлмөр хийж байгаа хүмүүс авч байгаа. Зарим төрийн өндөр албан тушаалтай хүмүүс авч байгаа байх. Өөр хэн авч байгаа юм. Өнөөдөр 1000 ам.доллар бол амьдралын дундаж хэрэглээ. Үүнийг их мөнгө гэж үзэж байвал дэндүү хариуцлага үйлдэл. 1000 ам.долларыг өндөр цалин гэж үзээд 25 хувийн босготой татвар авна гэдэг бол ямар ч тооцоогүй үйлдэл байхгүй юу.
 
Над руу маш олон иргэд хандаж байна. Үл хөдлөх хөрөнгийн татвар гэдэг аймшигтай юм тавьж байна. 500 мкв байртай хүн жилд 18 сая төгрөг төлнө гэдэг чинь юу гэсэн үг юм бэ. Би шүүмжлэхийн тулд шүүмжилж байгаа юм биш. Бид асуудалд нухацтай хандах ёстой. АН байр сууриа илэрхийлэх ёстой.

Хоёр хуульд хамгийн их эмзэглэж байна. Нэг нь Эрүүгийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль. Есдүгээр сарын нэгнээс үйлчлэх ёстой байсан. Хөнгөхөн, жижигхэн шалтгаанаар энэ хуулийг хойшлуулж байгаа нь хариуцлагагүй үйлдэл. Хуулийн хугацааг хойшлуулах ноцтой шалтгаан угаасаа байхгүй. Олон олон гэр бүл хуулийн үйлчлэх хугацааг хүлээж байгаа. Төрийн шийдвэр уламжлагдаад явах ёстой.
 
Хоёр дахь нь Хамтын тэтгэврийн тухай хууль. Энэ хуулийг хүчингүй болгож оруулж ирж байгаа нь бас хариуцлагагүй үйлдэл. Хамтын тэтгэврийн хуулийн гарах зардал нь тун бага. Хамгийн гол нь Сангийн сайд улстөржих хэрэггүй, Сангийн сайдын ажлаа хийх ёстой. Ардын намын Сангийн сайдын ажил нэг өөр. Ардчилсан намын Сангийн сайдын ажил нэг өөр байгаагүй. Бид нэг л ижил зовлон туулж байгаа, гоншигонолгүй ажлаа хий. Тэгж ярих юм бол өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд МАН ч бидэнтэй хамтарч, Засгийн газар барьсан. Өнөөдрийн Ерөнхий сайд Сангийн сайд байсан. Гэнэт ийм зүйл руу орсон гэж уулга алдах хэрэггүй. Нөхцөл байдал ийм байсныг бүгдээрээ сайн мэдэж байгаа.
 
П.Цагаан: Туршлагаа АН-ын шинэчлэлд зориулна
 
/Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга/

- Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд хэвлэлийн бага хурал зарлаж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, Ардчилсан намын шинэчлэлийн төлөө гар бие оролцохоор шийдсэн гэдгээ зарлалаа.
 
Тэрбээр “Миний бие 2009 оноос хойш өнөөг хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн Дэд бүтэц, эрдэс баялаг, Хуулийн зөвлөх, Цэрэг, Аюулгүй байдлын зөвлөх, ахлах зөвлөх, Тамгын газрын даргаар ажиллаж, Монгол Улсын Төрийн тэргүүний гадаад, дотоод бодлого, үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад бүхий л хүч чадлаа зориулан ажиллаж ирлээ. Эдүгээ Ерөнхийлөгчийн Тамгын газар хамгийн тогтвортой, тасралтгүй, гацаагүй, хүнд сурталгүй үйл ажиллагаатай институци болж төлөвшсөн бөгөөд чадварлаг залуу хамт олноос бүрдэж байна.
 
Цаашид ч энэ эрч хүчээрээ ажиллана гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Энэ жил гэхэд л үндэсний түүх, соёлтой холбоотой арга хэмжээ болон АСЕМ, Олон улсын монголч эрдэмтний их хурал гээд олон ажлыг амжилттай зохион байгуулсныг та бүхэн сайн мэдэж байгаа.
 
Өнөөдөр би та бүхэнд Ерөнхийлөгчийн болон ЕТГ-ын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар биш, өөрийн гаргасан улс төрийн шийдвэрийн талаар мэдээлэл хийхээр урьсан юм. Өнөөдөр Монголын нийгэмд хуримтлагдсан олон асуудлыг шийдвэрлэх, Монголын ирээдүйг тодорхойлоход Ардчилсан намын хүлээх түүхэн үүрэг их билээ. Өнөөгийн Монголын нийгэмд тулгарсан хүндрэл бэрхшээл, сорилт бол засаглалын чадавх сул, улс төрийн намуудын төлөвшлөөс улбаатай гэж үзэж байгаа. Монголын ард түмэн ардчиллыг, АН-ыг байнга дэмжиж, ихийг хүлээдэг. Харамсалтай нь тэр итгэлийг манай нам дааж чадахгүй байна.
 
Энэ нь намаа олон фракцид хуваасан, дүрмээ мөрддөггүй, боловсон хүчний зөв бодлого баримталж чадаагүй гээд олон шалтгаантайг та бүхэн мэдэж байгаа байх. Өнөөдөр АН-ыг тогтсон үзэл баримтлалтай, тогтвортой бүтэцтэй, судалгаанд суурилсан хөгжлийн бодлоготой, цэгцтэй боловсон хүчний бодлоготой, улстөрийн өрсөлдөөний шинэ соёлтой, нээлттэй, өрсөлдөх чадвартай улс төрийн хүчин болгох шаардлага, зорилт, сорилт тулгарч байна.
 
Ийм нөхцөлд АН-ын бодлого, үйл ажиллагааг намын гишүүд, олон түмний оролцоотойгоор улс орны ирээдүйн хувь заяа, эрх ашигт нийцхүйц байдлаар шинэчилж, АН-ыг ардчиллын суурь үнэт зүйлсийг мэддэг дээдэлдэг, эрхэмлэдэг залуу үеийнхнээр бэхжүүлэхийг цаг үе шаардаж байна.
Энэхүү шинэтгэл, шилжилтийн хариуцлагатай, эгзэгтэй цаг үед миний бие ямагт үндэснийхээ эрх ашгийг дээдэлж, АН-аа нэг цул байх ёстой гэж үзэж ирсэн байр сууриа дахин нотолж, хуримтлуулсан төрийн болон улстөрийн ажлын туршлага, эдийн засаг, улстөр, хууль цааз, гадаад харилцааны мэдлэг боловсролоо Ардчилсан намынхаа шинэтгэлийн үйлсэд зориулах нь зүйтэй гэж шийдсэнээ та бүхэнд мэдэгдэж байна.
 
Аливаа шинэтгэлийг уг шинэтгэлийн зайлшгүйг ойлгосон, мэдэрсэн, бас хэрэгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй хүмүүс л хийдгийг би мэднэ. Энэ амаргүй үйл хэргийг манлайлж, хатаагдсан ахмад үе, ид жагсаж яваа дунд үе, ихийг бүтээх өрнүүн эрмэлзлэлтэй залуу үеийнхний холбоос, гагнаас, гүүр нь болон хамтран ажиллаж, зохион байгуулж хүссэн үр дүнд хүргэж чадна гэдэгтээ итгэлтэй байна” гэлээ.
 
Х.Тэмүүжин: Яг ийм үед л зоригтой шинэчлэл хийх хэрэгтэй
 /УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан/
 
-АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо энэ сарын 25-нд хуралдах байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилсон. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин ярилцлага өгчээ.
 
Тэрбээр “ҮЗХ хуралдах өдөр бол товчхондоо, шинэчлэлийн хаалгаа зөв нээх үү, үгүй гэдэг өдөр. Өнөөдөр зөв нээж чадвал Ардчилсан нам цаашаагаа алхана. Харин буруу алхвал Ардчилсан нам ахиад л 1996-2000 онд бужигнаж бужигначихаад хуучин төрхөндөө эргэж буусан тэр л дүр зурган дээрээ очно. Киног ухрааж үзэж байгаатай л адилхан үзэгдэл болно. Нам дахиад л бужигнана. Нам гэдэг чинь амьд процесс. Би хувьдаа нүдэлцээд л дуусах байх даа.
 
Гол нь Ардчилсан нам нээлттэй болж, өөрчлөгдөж, шинэчлэгдэх ёстой гэдэг бол зүй ёсны үзэгдэл. Тэр дундаа, УИХ-ын сонгуулиар ард түмний итгэлийг авч чадаагүй улс төрийн намд шинэчлэл зүй ёсоор хийгдэх ёстой. Энэ бол хэвийн үзэгдэл. Ийм эрүүл үзэгдлийг үгүйсгэж болохгүй. Тэр дундаа шинэ үеэ хүлээн зөвшөөрөхөөс илүүтэй хэн нэгний далбаанд нааж боддог энэ хэв маягийг бид өөрчлөх хэрэгтэй байна. Би энэ саналаа илэрхийлнэ.
 
Өнөөдөр Ардчилсан намыг шинэ үе удирдах цаг нь болсон. Ардчиллын төлөө анх тэмцэж байсан гэдгээрээ бамбай хийж өөрсдийгөө хамгаалж, эрх мэдлийг, эрх ашгийг хувааж авдаг энэ тэмцлээ болих хэрэгтэй. Тэгэхгүйгээр Ардчилсан нам цаашаа явахгүй. Энэ чинь улстөрийн нам. Амьд харилцаа, үе солигдолт зайлшгүй хийгдэх ёстой.
 
Ямар ч байсан шинэчлэл хэрэгтэй. Харьж яваа хүн ирж яваа цагийн дууг дуулдаггүй гэж би өмнө нь хэлж байсан. Одоо ч хэлнэ. Тэгэхгүйгээр Ардчилсан намын далбаан дор цөөн хэдэн фракцийн тэргүүнүүд өөр өөрсдийн ашиг сонирхлоор намыг ч, улсыг ч удирдаад байж болохгүй. Цаг үе гэдэг өөрийн дүрэмтэй, хуультай. Үүнийг ойлгохгүйгээр намын шинэчлэлийг зогсоох гэж оролдвол бид нар нэгдэнэ. Хамтарч ажиллана. Процесс, яриа үргэлжилж байна. Би одоо үргэлжлүүлээд уулзалтад орно. Ямар ч байсан намын ерөнхий нарийн бичгийн даргад УИХ-ын гишүүн асан М.Батчимэгийг нэр дэвшүүлэхээр ярьсан.
 
Харин Ардчилсан намын даргад хараахан шийдээгүй байна. УИХ-ын гишүүн Лу.Гантөмөрийн тухайд өнөөдөр нэр дэвшихгүй. Эрх мэдэл, мөнгө хоёр хардаг хүний хувьд өнөөдөр Ардчилсан нам бол үнэхээр хоосон ёроолоо эргүүлж харуулаад гөвчихсөн шуудай л харагдаж байгаа. Одоо гол нь зөвхөн мөнгө, эрх мэдэл ярьдаг хүмүүсийн дуу хоолой Ардчилсан намд алга болно. Ийм үед эрүүл саруул сэтгэлгээгээр эрүүл саруул зүйл ярьдаг хүмүүсийн дуу хоолой тодорч сонсогдох боломжтой. “Их захгүй бөмбөр балбаж байхад пиш хөгжмийн дуу сонсогддоггүй” гэж Энэтхэгийн их гоё үг байдаг. Түүнтэй адилхан мөнгө, эрх мэдлийн төлөө алалцаж байхад нөгөө талд нь хүний эрх, шударга ёсны дуу хоолой сонсогддоггүй юм билээ.
 
Өнгөрсөн дөрвөн жил тийм л байсан. Одоо мөнгө, эрх мэдэл хоёр нь байхгүй байгаа үед тэр бүхний төлөө чанга дуугарч, цээжээ балбадаг хүмүүс бараг Монгол ардын намын гишүүнчлэлээ сэргээх нь ашигтай гэж бодож байж мэднэ. Яг ийм үед л зоригтой шинэчлэл хийх хэрэгтэй. Гэхдээ зарим нэг хүмүүс нам доторх нөлөөгөө хадгалж үлдэхийн тулд үлгэрийн баатар амилна гэдэг шиг дөрвөн жилийн дараа би дахиад л амилна гэсэн зорилгоор асуудалд хандахыг үгүйсгэхгүй” хэмээжээ.
 
П.Баттогтох: Тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрнэ
 /ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа/
 
-ОБЕГ-аас хадлан бэлчээр, өвөлжилтийн бэлтгэл ажил, цаг уурын нөхцөл байдал болон бусад асуудлаар мэдээлэл хийсэн.
 
Энэ үеэр ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа П.Баттогтох “Энэ жил бороо хур элбэгтэй байгаа боловч газар тариалангийн бүс нутагт ургац, хадлан авах хугацаа оройтож, тариа болон хүнсний ногооны болц оройтож болзошгүй байна.
 
Үүнтэй холбоотой ХАА-н бүсүүд дараах арга хэмжээг авах шаардлагатай байгааг анхааруулж байна. Газар тариалангийн бүс нутгийн хувьд наймдугаар сарын сүүлийн арван хоног болон есдүгээр сарын дунд үеэс цочир хүйтэрч хяруу унах төлөвтэй байгаа учраас хяруунаас хамгаалах зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулах, тариа будааг цасанд даруулахгүйн тулд зохистой арга хэмжээг авч, ангилан хадах үйл ажиллагааг цаг тухайд нь хийх шаарддагатай байна. Ийм учраас орон нутаг, аймаг сумдын онцгой байдлын комисс техник хангамж, хүч хэрэглэлийнхээ тооцоо судалгааг гаргах арга хэмжээ авах хэрэгтэйг анхааруулж байна” гэв.
 
Мөн ОХУ- ын Алтайн хязгаар, Тувагийн Бүгд Найрамдах Улс, Эрхүү зэрэг газруудад цочир хүйтрэх, үер усны аюул гарах, зарим газруудаар гантай байх төлөвтэй байна. Үүнтэй холбогдуулан есөөс арван сард үргэлжлэн ой хээрийн түймэр гарч болзошгүй учраас тус бүс нутгаас эрчим хүчний хувьд хараат байдаг баруун аймгууд саатал доголдол гарах үед бэлтгэлтэй байж, урьдчилсан ажиллагааны төлөвлөгөөг тодотгоход анхаарч ажиллахыг ОБЕГ-аас зөвлөлөө.
 
Түүнчлэн тэрбээр “Монгол орны зуншлагын төлөв байддыг 2016 оны наймдугаар сарын 20-ны өдрийн байдлаар гаргахад нийт нутаг дэвсгэрийн 60 орчим хувь нь сайн, 35 орчим хувь нь гандуу, 5 хүрэхгүй хувь нь гантай байна.
 
Аймгийн дүнгээр авч үзвэл Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай зэрэг 15 аймгийн 47 сумын нутагт бэлчээрийн даац онцгой хэтэрсэн бөгөөд мал өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй тул иргэд дулаан хувцас, эм, эмнэлгийн хэрэгсэл, хоол хунсний нөөцийг эртнээс бэлтгэх, бэлчээрийн даацад тохирсон малыг өвөлжүүлэх, гэр орон, малын хашаа хороо, байр сууцны дулаалга, нөмөр хаалтыг хийх, засч сэлбэх хэрэгтэй” хэмээн анхаарууллаа.

Монголын мэдээ
Э.Туул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ÈÐãýí 2016-08-26 03:50:22
    Àëü ÷ íàìä Õóó÷öóóë õè÷íýýí ãî¸ ÿðèàä õýðýãã¿é òýäíèé ¿å ºíãºðñºí. Öîî øèíý çºâ õ¿ì¿¿ñ ã...
  • иргэн 2016-08-26 03:11:49
    Өнөөдөр Ардчилсан намыг шинэ үе удирдах цаг нь болсон. Ардчиллын төлөө анх тэмцэж байсан гэдгээрээ бамбай хийж өөрсдийгөө хамгаалж, эрх мэдлийг, эрх ашгийг хув...
  • Батаа 2016-08-26 02:11:54
    Эрдэнэбат нэг л их ард түмэн амьтай юм хэлсэн нөхөр засаг барьж байхдаа тэгэхгүй яасан юм вэ
  • магнай 2016-08-26 01:45:24
    Үлгэрийн баатрууд амилна гж гоё хэлсэн байна.,,,,,,,,,,,,,,,,,,,,