МСҮТ-д суралцагчдын тэтгэлгийг зогсоох нь  дунд шатлалд ажиллагсдын тоог бууруулах аюултай
Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд элсэгчдийн тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн.2013 онд Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрийг амжилттай зохион байгуулж, 7000 гаруй мэргэжилтэй ажилтныг богино хугацаанд бэлтгэж, хөдөлмөрийн зах зээлд нийлүүлсэнтэй холбоотой. Мөн хөтөлбөрийн давуу тал нь ажил олгогчийн захиалгад үндэслэх болсноор сургуулиа төгссөний дараа шууд ажлын байртай болдог. Түүнчлэн суралцах хугацаандаа ажлын байран дээрээ дадлагаа хийдэг нь хамгийн давуу тал болж байсан юм.

МСҮТ-д суралцагчдын тэтгэлгийг их дээд сургуулийн оюутны тэтгэлэгтэй ижил хэмжээнд олгохоор болж шийдвэр гарсан нь төрөөс мэргэжилтэй ажилтан бэлтгэх чиглэлд түлхүү анхаарал хандуулж байгаагийн нэг илрэл байсан.  

Тэгвэл  энэ жилээс МСҮТ-д суралцагчдын тоо буурах нөхцөл байдал үүсээд байна. Тодруулбал өнгөрсөн мягмар гарагт өргөн барьсан Төсвийн тухай хуульд  өмнөх Засгийн газрын үед хийж хэрэгжүүлж байсан хэд хэдэн ажлуудыг зогсоож, төсөв санхүүг нь бууруулахаар төлөвлөсөн. Үүний нэг нь МСҮТ-д суралцагчдын тэтгэлэгийг түр зогсоох шийдвэр юм. Манайхан нэг үе дээд боловсролтой ажилгүйчүүдийн тоо нэмэгдлээ хэмээн ярьдаг байсан. Харин дунд шатлалын ажил хийх хүн олдохгүй байгаа боловсролын салбарын гажуудлыг МСҮТ-д суралцагчдад тэтгэлэг өгдөг болсноор  бага ч атугай өөрчилж чадсан юм. Тэгвэл энэ ажил энэ хүрээд зогсох болж байна. 

Мэргэжилтэй ажилтнаар бэлтгэгдэж байгаа суралцагчдын сонгосон мэргэжлийг дотор нь ангилбал, гагнуурын мэргэжлээр, барилгын засал чимэглэлийн чиглэлээр, хүнд машин механизмын оператор, авто машины засварчнаар  дийлэнх нь суралцаж байгаа аж. Энэ нь хөдөлмөрийн зах зээлд дээрх чиглэлийн мэргэжилтэй ажилтан хамгийн их хэрэгцээтэй болохыг харуулж байгаа юм гэж холбогдох албаныхан тодотгодог. 

Сонирхуулахад, улсын хэмжээнд мэргэжлийн боловсрол, сургалтын нийт 86 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцагчдын тоо 42461 байгаагаас 33188  буюу 78.2 хувь нь төрийн өмчийн, 9273 буюу 21.8 хувь нь хувийн өмчийн сургуульд суралцагсад юм байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.