Түлэнхийн төвийн барилгыг барих санхүүжилтийг шийдлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар зарим асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тодруулбал, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангаас олгох буцалтгүй тусламжийн хөрөнгийг Түлэнхийн төвийн барилгыг цогцоор нь барих, тус төвд шаардлагатай тоног төхөөрөмж, эд хөрөнгө авахад зарцуулахаар болсон байна.

Түлэнхийн төвийн барилга нь 1957 онд ашиглалтад орсон бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлтээр 2009 оноос уг барилгад тусламж үйлчилгээ явуулах боломжгүй болсон юм.  Байргүй болсон учраас Түлэнхийн төвийг “Мөнгөн гүүр” эмнэлэгт түрээсийн гэрээгээр байрлуулж байгаад цаашид түрээсийн төлбөр төлөх хүндрэлтэй болсон тул одоогоор цөөн хэдэн ортойгоор ГССҮТ-д байрлаж байгаа юм.

Автозамын төслүүдийг хянах ажлын хэсэг байгууллаа

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат автозамын салбарт төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын гэрээгээр хэрэгжүүлсэн болон хэрэгжиж байгаа төслүүдийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтаар автозамын 30 төсөл баталсан. Уг жагсаалтад барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжих 27, барих-ашиглах-шилжүүлэх төрлөөр хэрэгжих 3 төсөл байна. Барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжих 27 төслөөс,

-улсын комисст хүлээлгэн өгсөн 2,

-гэрээ хүчин төгөлдөр болж барилгын ажил явж буй 7,

-гэрээ хүчин төгөлдөр болох хугацаа нь болоогүй 4,

-концессын гэрээ байгуулаагүй 2,

-тогтоол албажаагүй 2,

-барих-ашиглах-шилжүүлэх эрхтэй 3,

-ажил эхлээгүй 7 төсөл байна. 

Автозамын салбарт төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын гэрээгээр хэрэгжүүлсэн болон хэрэгжиж байгаа төслүүдийн хэрэгжилтийн явцад дүн шинжилгээ хийх, төслүүд улсын хөгжлийн төлөвлөлттэй нийцсэн эсэх талаар дүгнэлт гаргах, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалтай уялдуулан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат холбогдох яам, газруудын төлөөллийг оролцуулан байгуулж, үр дүнг нь энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан танилцуулахаар боллоо.

Гурилын хэрэгцээгээ бүрэн хангах улаан буудай хурааж авна

Засгийн газрын хуралдаанд энэ оны ургацын урьдчилсан балансыг танилцууллаа. Ургац хураалтын бэлтгэлийг бүрэн хангаж, технологийн дагуу богино хугацаанд шуурхай зохион байгуулахыг Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнд даалгалаа. 

Ургацын урьдчилсан балансаар 501,0 мянган тн үр тариа, үүнээс 482,1 мянган тн буудай, 174,7 мянган тн төмс, 117,5 мянган тн хүнсний ногоо, 32,5 мянган тн тосны ургамал, 43,4 мянган тн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар байна.

Манай улсын жилийн хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд 320 мянган тн цэвэр хүнсний улаан буудай шаардлагатай байдаг. Балансаас харахад 2016-2017 оны гурилын хэрэгцээг бүрэн хангах хэмжээний буудайн нөөц бүрдэхээр байна.

Ургац хураалтын ажилд 6 мянган тн шатахуун шаардагдах тооцоо байна. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан 50 хувийн урьдчилгаатай зээлээр олгохоор мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам мэдэгдэж байна. 

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Харх 2016-08-24 12:38:49
    Болж байна шүү
    172.56.16.139
    Мэдэгдсэн Хариулах