Р.Түвшинбат: Цэцэрлэгийн асуудлыг шийдэхэд тулгамддаг гол асуудал нь газар
Цэцэрлэгийн элсэлтийн бүртгэл эхэлсэнтэй холбоотойгоор иргэдийн дунд маш их бухимдал үүсээд байгаа билээ.  УИХ-ын гишүүн Ж.Батзандан энэ асуудлаар гурван талт хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт БЗД-ийн иргэд, цэцэрлэгийн эрхлэгч нарын төлөөлөл болон төрийн албаныхан оролцсон юм. Хэлэлцүүлгээр Ж.Батзандан гишүүн цэцэрлэгүүдийн өнөөгийн нөхцөл байдал болон авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл сонссон бөгөөд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийг хэрхэн хамруулж болох олон талын асуудлаар санал солилцлоо.

Хэлэлцүүлгийн үеэр өрнөсөн зарим асуудлыг мэдээлэл болгох үүднээс товч хүргэе.

8-р цэцэрлэгийн эцэг эх, ШШГЕГ-ын алба хаагчдын төлөөлөл:
8-р цэцэрлэг том талбайтай. Энд дахин цэцэрлэг барих боломж бий. Холбогдох газруудтай нь хамтраад хүсэлт хүргүүлж, хөрөнгийг нь гаргуулаад мэргэжлийн боловсон хүчнийг нь хангаад ажиллуулах бүрэн боломжтой. Манай шүүхийн шийдвэрийнхэн энэ талын асуудлыг бүрэн дэмжих болно гэдгийг уламжилъя.

Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга Р.Түвшинбат: Цэцэрлэгийн асуудлыг шийдвэрлэхэд тулгамддаг гол асуудал бол газар. Газрыг нь чөлөөлж авъя гэхээр олон дахин их үнэ хэлдэг. Ийм газар байгаа бол бид дэмжинэ. Ойрын хугацаанд албан бичиг хүргүүлнэ.

Иргэний төлөөлөл: Цэцэрлэгийн хүртээмж байхгүйгээс эцэг эх, багш эрхлэгч нарын дунд гол асуудал үүсч байна. Сугалаа явуулахыг эсэргүүцээд байгаагийн учир нь нэг гэрийн хоёр хүүхэд оруулах боломжгүй болох асуудалд байгаа юм.

Хувилбарт анги 10:00-14:00 цаг хичээллэдэг. Гэтэл эцэг эхчүүд ажлаасаа гарахаас өөр аргагүй болно. Үүнийг үндсэн анги болгож болохгүй юм уу?

3, 4 настай хүүхдүүд хаягдаж байна. Боломжтой нь хувийн хэвшлийн, гэр цэцэрлэг зэрэг төлбөртэйд нь явах байх. Энэ асуудлыг шийдэж өгөөч.

Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга Р.Түвшинбат: Нийслэлийн хэмжээнд 201 гаруй төрийн өмчийн цэцэрлэг байгаагаас 79 нь хүнд нөхцөлд байна. Хонож дугаарласан асуудлыг шийдэх, тараахад хүндрэлтэй. Тиймээс олон хоног хонуулахгүйн тулд “Элсэлтийн тасалбар”-ыг зохион байгуулж байгаа юм. Нийслэлийн Засаг даргын зүгээс иргэдийг гадаа хонуулж болохгүй гэсэн хатуу үүрэг өгсөн. Урьд нь хонож дугаарлаж байхад яг бүртгэлийн өдөр гэхэд 800 гаруй гомдол бидэнд ирсэн. Харин сугалаагаар явуулахад 100 орчим гомдол ирж байсан.

Хувилбарт ангийн тухайд заавал эзэмших ёстой сургуулийн өмнөх боловсролын кредит цагийг нь нөхөх зорилготой юм. Зөвхөн боловсролд нь анхаарч байгаа ажил. Тиймээс үндсэн бүлэг болгох боломжгүй.

9-р хорооны иргэн:

165-р цэцэрлэг сайн. Гэхдээ 4 настай хүүхэд авахгүй хохирч байна. Энэ хүүхдүүдийн асуудлыг яам шийдэх ёстой. Цэцэрлэгийн ажилчдын хүүхдүүдийг авснаас ийм асуудал үүсдэг. Нэг жилд нь ажилчдынхаа хүүхдийг, дараа жил нь ардынхаа хүүхдийг авч болдоггүй юм уу? Ер нь жил болгон нөөц хүүхэд гэж ярьдагаа болиулмаар байна. Яслитай болох хэрэгтэй байна. Залуу хүмүүс ажил хийг л дээ.

БЗД-ийн боловсролын газрын дарга н.Батбаяр: Тухайн цэцэрлэгт ажилладаг хүний хүүхэд бол орж болно. Харин өөр хүний хүүхдийг авч байгаа эсэхийг эцэг эх хянана.

82-р цэцэрлэгийн эцэг эхийн төлөөлөл:

Төрийн албан хаагчдын хүүхдийг болохоор бүх юмыг нь хувийн цэцэрлүүгүүд нь авдаг. Бусдыг нь яагаад болдоггүй юм бэ? 2, 5 настай хүүхдийн боловсролыг яриад 3, 4 настай хүүхдийн асуудлыг яагаад орхиж байгаа юм бэ?

Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга Р.Түвшинбат: Төрийн албан хаагчийн хүүхдийн зардлыг дааж байна гэдэг нь хувийн цэцэрлэгт сул ор байгааг ашиглаж байгаа хэрэг. Энэ жил дан төрийн албан хаагчийн хүүхэд гэхгүй, гэхдээ элсэлтийн дараа сул орны тоогоор зорилтот бүлгийн хүүхдийг хамруулах болно.

Хэлэлцүүлгийн үеэр 3 ба 4 настай хүүхдийг цэцэрлэгт бүртгэхгүй байгаа асуудал хамгийн их хөндөгдөж байлаа. Энэ талаар эрхлэгч нарын зүгээс сул орон тоо байхгүй, хүчин чадал хэтэрсэн байгаа гэсэн хариултыг өгч байв. Тухайлбал, БЗД-ийн 8-р цэцэрлэгийн хувьд 3, 4 настай хүүхдийн ангид тус бүр 55 хүүхэд хүмүүжиж байгаа. Тиймээс нэмэлт элсэлт авах ямар ч боломжгүй гэсэн тайлбарыг өглөө.

 
Г.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.