Бичин жилийн өвөлд бэлэн үү
Зуны халуун өдрүүд өндөрлөж, амралт зугаалгын cap ч дуусч байна. Хэдхэн хоногийн дараа сургууль, цэцэрлэгийн хичээлийн шинэ жил эхэлж, Улаанбаатар хот оюутнуудын хөлд дарагдана.
 
Өчигдрөөс цэцэрлэгийн бүртгэл эхэлж, эцэг, эхчүүд д аанай л дугаарлаж байгаа. Гэхдээ энэ жил ч гэсэн бид хүүхдийнхээ азанд найдаад, цэцэрлэгтэй болохоо хүлээх болчихоод байна. Энэ мэтээр жаахан бужигнаж, хурим найр гэж явтал аравдугаар сартай золгож, халаалт дулаан сануулж эхэлнэ дээ.
 
Ингэхэд бид өвөлд бэлэн үү. Яах вэ, хот суурингийнхан халаалт дулаанаа яаж ийгээд авчих байх. Шугам сүлжээний засвар үйлчилгээ хийгдэх ёстой хугацаандаа хийгдэж л байгаа. Тийм болохоор тэр тал дээр санаа зовоод яах вэ.
 
Харин бичин жилийн өвөл хатуу болно гэж байгаа энэ үед хэдэн малаа хиаруулчихгүй аваад гарах бэлтгэлээ л бид сайн хийх хэрэгтэй байна. Өнгөрсөн өвөл зарим газар нэлээд хүндэрсэн. Бичин жилийн хавар зарим газар тийм ч таатай байгаагүй.
 
Тэгвэл үеийн үед өвөлжилт хүндэрдэг бичин жилийн өвөл чинь одоо хаяанд ирчихлээ. Зурхайчид “Муу нүүрт” хэмээх бичин жилийг зарим үед муу аашаа үзүүлнэ гэж зурлагадаж, тайлбарлаад байгаа. Тэр муу ааш нь энэ өвөл гарах магадлал их байна.
 
Ерөнхийдөө энэ зун Монголын ихэнх нутгаар бороо хур элбэгтэй, сайхан л зун боллоо. Долдугаар сарын сүүлчээр айхтар халсныг эс тооцвол шүү дээ. Гэвч зуншлага хэдий сайн байгаа ч өвөлдөө айхтар хүйтрээд, цас их орвол хэцүүдээд л явчихна.
 
Тийм болохоор хэдэн малаа 10,20 саяар нь тавиад туучихгүйн тулд одооноос бэлтгэлээ сайн хангамаар байна. Мэдээж малчид өөр өөрсдийнхөө хэмжээнд хадлан тэжээлээ бэлтгэх л байх. Гэвч улсаас өвс, тэжээл сайтар бэлтгэхгүй бол болохгүй. Мөн бэлчээрийн асууддыг эртнээс зохицуулж, отрын бүс нутгаа ч хамгаалах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол түүх бидэнд том том тоо сануулж байгаа.
 
Тухайлбал, 1944 оны бичин жилийн зуд 150 хоног үргэлжилж, 9.2 сая мал хорогдсон байдаг. Тэгвэл 1956 оны ган, зудад 2.2 сая мал хорогджээ. 12 жилийн зайтай давтагдсан. Улмаар 1968 оны бичин жилийн зуд 165 хоног үргэлжилж, 4.4 сая мал хорогдож байж. Ер нь бол 1970-1990 оны хооронд ч цөөнгүй удаа зуд болж байсан ч өвлийн бэлтгэлийг харьцангуй сайн хийж байсны ачаар хохирол багатай давж байсан юм билээ.
 
Гэтэл сүүлийн жилүүдэд экологийн дулааралтай холбоотойгоор зудын давтамж ойртож, өвлийн бэлтгэл хийдэггүй, цалгар назгай байдлаас болж хохирлын хэмжээ нэмэгдсээр ирсэн. 1999-2000 онд 12 аймгийн 157 суманд зуд болж, 2.4 сая мал хорогдож байсан байгаа юм. Улмаар ердөө жилийн дараа 20 аймгийн 192 суманд зуд болж, 3.5 сая мал хорогдож, 5000 орчим айл өрх малгүй болж байсан түүхтэй.
 
Тэгвэл үүнээс хойш их, бага хэмжээгээр зуд болж, мал хуй хорогдсоор өнөө жилтэй золгож байна. Бүр тодорхой хэлбэл бичин жилтэй туллаа. Хэрвээ бид нэгдэлжих хөдөлгөөний үеийнх шиг өвөлжилтийн бэлтгэлээ маш сайн хангаж, хадлан тэжээлээ бэлтгэж авахгүй бол энэ өвөл хэдэн саяар тоологдох малаа алдаж, хэчнээн айл амин зуулгагүй болж үлдэхийг хэлж мэдэхгүй. Муу ёрлож байгаа юм биш шүү.

Цаг уурчид, зурхайчид. гээд учир мэдэх хүмүүс айхтар зуд болж магадгүй, их хүйтэрнэ гээд л байна. Дээрээс нь бичин жилийн давтамж гэж байна. Сонор сэрэмж, бэлтгэл хэзээд илүүдэхгүй. Таван хошуу мал гэдэг монголчууд бидний хувьд үнэт баялгийн нэг яах аргагүй мөн. Идэх махгүй болбол яах билээ. Тиймээс л бичин жилийн өвөлд хаана хаанаа бэлэн баймаар байна.
 
Монголын мэдээ
Н.Пунцагболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.