Рио 2016: Монголын баг тамирчид түүхэндээ хамгийн олуулаа  олимпт оролцлоо
Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг, спортын их баяр цэнгэл зуны олимпийн 31 дэх наадам Бразил улсын Рио Де Жанейро хотноо 16  хоногийн турш амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.  Таван тивийн 10 мянга гаруй тамирчин хурд хүч, авахаалж самбаа, тэсвэр тэвчээрээ шалган байж  риогийн дэвжээнд өрсөлдлөө. Манай хувьд бүтэн 16 хоногийн турш спортын есөн төрөлд, 43 тамирчин тун амжилттай өрсөлдөж, нэг мөнгөн медаль, нэг хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүллээ. Энэ амжилтаар бид 67-р байрт жагссан юм.

Монголын тамирчид Рио-2016 Олимпийн наадамд түүхэнд байгаагүй олон хүний бүрэлдэхүүнтэй оролцсон. Манай улс ердөө л 10 гаруйхан, сайндаа л 20 давсан хүний бүрэлдэхүүнтэй Олимпийн наадамд оролцдог байсан цаг саяхан.Лондонгийн Олимпийн наадамд манайхан 29 тамирчин оролцуулж байсан нь гайхалтай амжилтаар нэрлэгдэж, шуугиулж байсан шүү дээ.  Тэгвэл Рио-гийн Олимпийн наадамд 42 хүний бүрэлдэхүүнтэй оролцоод ирлээ. Ямар ч байсан албан ёсоор Олимпийн эрхээ авсан 37 тамирчин байгаа юм.Тэгвэл усанд сэлэлтийн хоёр тамирчин цагаан хуудсаар Олимпийн наадамд оролцсон билээ.

Жүдо бөх: Энэ удаагийн Олимпийн наадамд оролцох хамгийн олон эрхийг жүдогийнхон авсан. Эрэгтэй долоо, эмэгтэй зургаан жин буюу 13 жинд Риогийн татамид зодоглолоо. Олимпийн наадмын эхний өдрүүдэд зохиогддог жүдо бөхийн тэмцээн наймдугаар сарын 12-ны өдөр өндөрлөсөн.  Манай жүдочдын хувьд Риогийн олимпийн наадмыг  урд өмнөх олимпийн наадмуудаас хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй зорьсон ч  Монгол түмний хүсэн хүлээсэн өндөр амжилтыг үзүүлээгүй юм.

Жүдогийнхон нийт 14 жингийн 13 жинд оролцсоноос нэг мөнгө, хоёр шагналт  тавдугаар  байр, нэг шагналт долоодугаар байр эзэлсэн амжилттайгаар Риогийн олимпийн наадмыг өндөрлүүллээ. МУ-ын жүдо бөхийн шигшээ багаас эмэгтэйчүүдийн 57 кг-д хүч үзсэн Азийн аварга МУГТ Доржсүрэнгийн Сумъяа Риогийн дэвжээнээс мөнгөн медаль хүртэж, Монгол түмнээ баярлуулсан билээ.

Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д Монгол улсаа төлөөлөн барилдсан МУГТ М.Уранцэцэг хүрэл медалийн төлөөх барилдаанд Японы бөхөд харамсалтайгаар ялагдаж, олимпийн наадмыг шагналт тавдугаар байрт шалгарсанаар өндөрлүүлсэн. Мөн эрэгтэйчүүдийн 90 кг-д хүч үзсэн МУ-ын шигшээ багийн тамирчин ОУХМ Л.Отгонбаатар тавдугаар байрт шалгарсан билээ. Эрэгтэйчүүдийн 66 кг-д хүч үзсэн МУГТ Д.Төмөрхүлэг  шагналт долоодугаар байрт шалгарсан амжилтыг тус тус үзүүлсэн.

Бокс:  Түүхэндээ боксын тамирчид таван эрх авч байсан.Түүнээс хойш 24 жилийн дараа ийн зургаан тамирчин Рио-д өрсөлдлөө. Дээрээс нь эмэгтэйчүүд гурван эрх авч, Риогийн рингэнд  тулалдсан.Тэгвэл Риогийн рингэнд Монголын шилдэг ширэн бээлийтнүүд харамсалтайгаар ялагдал хүлээж байсан ч тэд илүү тулалдааныг үзүүлж байсныг Монголын ард түмэн харсан. Боксын 60 кг-ын жинд хүч үзсэн ОУХМ Д.Отгондалай Риогийн дэвжээнд тун гайхалтай тулаануудыг хийж өрсөлдөгч бүрээ илт илүүрхэн ялалт байгуулсаар  олимпийн наадмын хүрэл медалийг хүртсэн.

Тэрбээр медалийн өнгөө хувиргах тулаанд илүүрхэж байсан ч хармасалтайгаар ялагдал хүлээсэн юм. Манай  өнөө цагийн шилдэг ширэн бээлийтнүүдийн төлөөлөл болсон Д.Отгондалайгийн хувьд эхний тойрогт хийлж, Нидерландын боксчин Энрико Лакрусаг хожин шөвгийн наймд үлдээд байсан. Хүрэл медалийн төлөө хариуцлагатай тулаанд Алжирын боксчин Реда Бенбазизийг хожин олимпийн наадмын медальтан боллоо. Медалийн өнгөө хувиргах тоглолтод Францын тамирчинд дийлдлээ. Монголын боксын шигшээ баг Риог зургаан тамирчинтай зорьсноос 60 кг-д Д.Отгондалай хүрэл медаль хүртлээ. Азийн наадмын аварга, Азийн аварга Д.Отгондалай олимпийн медальтан боллоо. 

Түүнчлэн анхны олимпийн наадамдаа зодоглосон Э.Цэндбаатарыг энэ удаад онцлохгүй өнгөрөхийн аргагүй. Энэ жил ердөө 19-хөн настай хэдий ч Риогийн рингэнд   эрч хүчтэй сайхан тулаануудыг хийж анхны олимпийн наадамдаа медалийн төлөө тулалдлаа. Манай тамирчин хүрэл медалийн төлөө АНУ-ын боксчин Шакур Стивенсонтой наймдугаар сарын 16-ны өдөр тулалдаж, ялагдсанаар боксчдын тэмцээн дууссан билээ.Э.Цэндбаатар эхний тойрогт Кенийн Нжангури Бэнсон Гичарийг, удаах тойрогт Беларусын боксчин Д.Асановийг 2:1-ээр ялж, шөвгийн наймд үлдсэн юм.

Чөлөөт бөх: Чөлөөтийн баг тамирчид 10 эрх авсан. Тэгвэл эрэгтэй баг бүтэн багаараа Рио-2016 Олимпийн наадамд оролцлоо. Энэ бол түүхэн амжилт.Хамгийн сүүлд 1992 онд манай эрэгтэй чөлөөтийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Олимпийн наадамд оролцож байж. Иймээс ч чөлөөтийн баг тамирчдаас Монголын ард түмэн өндөр амжилт хүлээж байсан нь талаар боллоо. Монголын ард түмний итгэл найдвар тээсэн чөлөөтийн эмэгтэйчүүд С.Батцэцэг шөвгийн 16-гийн шатнаас  олимпийн наадмыг өндөрлүүлсэн бол П.Орхон дагах тойргийн барилдаандаа ялалт байгуулсан ч,  дараагийн тойрогт ялагдаж тэмцээнийг өндөрлүүлсэн. Харин хамгийн сүүлийн МУГТ ДАШТ-ий хошой хүрэл медальт Ганзоригийн Мандахнаран  олимпийн наадмын хүрэл медалиас атгаад алдлаа. Тун ч хариуцлагатай, нягт нямбай барилдааныг үзүүлж байсан манай бөх хүрэл медалийн төлөөх барилдааны эцсийн мөчид тойрч хамгаалсан гэх шалтгаанаар сүүлийн оноогоор торгуулж, хүрэл медалиа Узбекстаны бөхөд алдлаа.

Буудлага: Эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны дасгалд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул нар цэц мэргэнээ сорьж, өрсөлдлөө. МУГТ О.Гүндэгмаа  нийт 60 сумаар буудаж, 579 оноо авч 12-р байрт, ОУХМ Ц.Мөнхзул 580 оноо авч 11-р байрт шалгарлаа. Манай тамирчид харамсалтай нь олимпийн наадмыг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон юм. Тамирчид хоёр үе шаттай нийт 60 сумаар буудаж, нийт цуглуулсан оноогоор эхний найман байрт бичигдсэн  тамирчин хагас шигшээ шатанд шалгарах учиртай байсан юм.

МУГТ О.Гүндэгмаагийн хувьд зургаа дахь олимпийн наадамд өрсөлдсөн бөгөөд 25 метрийн спорт гар бууны дасгал өөрийнх нь үндсэн төрөл бөгөөд  Бээжингийн олимпоос мөнгөн медаль хүртсэн билээ. Харин Риод манай тамирчин эхний 30 сумаа тун амжилтгүй буудсан нь  тэмцээнээ өндөрлүүлэхэд хүргэлээ. О.Гүндэгмаа эхний 30 сум буудаж 94, 94, 96 гэсэн оноо тус тус авсан билээ. Харин сүүлийн 30 сумаа буудаж 99, 99,97 гэсэн өндөр үзүүлэлт үзүүлсэн ч нийт дүнгээрээ хагас шигшээд шалгарах боломжгүй болсон юм.

ОУХМ Ц.Мөнхзулын хувьд эхний 30 сумаа буудаж, 99,94,96  гэсэн оноо авсан бол сүүлийн 30 сумаа буудаж  97,96, 98 гэсэн оноо авч нийлбэр дүнгээр 580 оноотой арваннэгдүгээр байрт бичигдэж олимпийн наадмыг өнөдөрлүүллээ.

Байт харваа: Байт харвааны ганцаарчилсан төрөлд манай тамирчин ОУХМ Ж.Гантөгс өрсөлдлөө. Хоёр дахь олимпийн наадамд өрсөлдөж буй ОУХМ Ж.Гантөгс урьдчилсан харваанд 664 оноогоор 24-р байранд орсон. Ингээд хасагдах шатанд Тайландын В.Тамвонгтай харвахаар оноолт таарч  Тайландын тамирчин 6:3 харьцаатай ялалт байгуулснаар олимпийн наадмыг цааш үргэлжлүүлэх боломжтой болж, манай тамирчин олимпийн наадмыг өндөрлүүлсэн билээ.

Таеквандо: Манай улс түүхэндээ анх удаа таеквондогийн төрлөөр олимпийн эрх авсан. Манай тамирчин П.Тэмүүжин таеквондогийн 68 кг-ын жинд нэгдүгээр даваанд дэлхийн чансааны номер гуравт эрэмбэлэгддэг Мексик тамирчныг ялж, шөвгийн наймд шалгарсан.Ингээд дараагийн даваанд дэлхийн хошой аварга, олимпийн алтан медальт, ЕАШТ-ний хоёр удаагийн аварга Жоел Гонзалезтэй учраа таарч ялагдсан билээ. Хэдийгээр манай тамирчин ялагдсан ч Гонзалез дараагийн учраагаа ялсан бол дагах тулаан хийх боломжтой болох байв.Гэвч түүнийг давсан Испанийн тамирчин Гонзалез Иорданы тамирчинд 12:7  харьцаатайгаар ялагдсанаар манай тамирчин дагах тулаан хийх боломжгүй болж, олимпийн наадмыг өндөрлүүлсэн.

Усанд сэлэлт: Усанд сэлэлтийн  50 метрийн өврөөр даллах төрөлд өрсөлдсөн Б.Есүй 28.40 секундын амжилтаар өөрийн гараандаа хоёрдугаар байрт орлоо. Улмаар өөрийн эзэмшиж байсан улсын дээд амжилтыг 29.51 секундийн амжилтаа шинэчлэн 28.40 болгов.Нийт дүнгээр 50 метрийн өврөөр даллах төрөлд 88 тамирчин уралдсанаас манай тамирчин 60 дугаарт орлоо.Ийнхүү 16 настай өсвөрийн тамирчин маань анхны олимпоо өндөрлүүлсэн.Мөн чөлөөт сэлэлтийн 50 метрийн төрөлд Олон Улсын хэмжээний мастер Батсайханы Дөлгөөн амжилттай оролцож, тэмцээнээ өндөрлүүллээ. Уг төрөл эхний халаалтын үе 11 хэсэг тус бүр найм, найман тамирчид өрсөлдсөн бөгөөд Б.Дөлгөөн тавдугаар хэсэгт уралдлаа.Тэрээр 24,90 секундын амжилтаар хэсэгтээ 8 дугаарт эрэмбэлэгдэж, олимпийн наадмыг өндөрлүүлсэн. 

Хөнгөн атлетик: Риогийн олимпийн Марафон гүйлтийн эрэгтэйчүүдийн уралдаанд 155 марафонч хурд хүчээ сорилоо. Гавъяат тамирчин Б.Сэр-Од 92-р байрт орж ирлээ. Түүний дараа анх удаа олимпийн наадамд оролцож байгаа Д.Гантулга 107-р байрт, Ц.Бямбажав 130-р байрт орж ирснээр манай баг тамирчид амжилттай барианд орж ирлээ. Тус бүрийг минут секунтээр нь авч үзвэл : - 92. Б.Сэр-Од 2:24:26 - 107. Д.Гантулга 2:27:42- 130. Ц.Бямбажав 2:36:14 секунтийн амжилттай тус тус орж ирлээ. Нийт 155 марафонч гараанаас гарснаас 14 тамирчин замаа дуусгаж чадаагүй байна.

Эмэгтэйчүүд: Эмэгтэй марафон гүйлтийн уралдаанд манай улсын тамирчин Л.Отгонбаяр, Б.Мөнхзаяа нар хурд сорилоо. Тамирчин Ц.Мөнхзаяа  2:43:55 амжилт үзүүлэн 72 дугаар байрт орсон. Мөн  тус төрөлд хурд сорьсон  Л.Отгонбаяр 2:45:55 секундын амжилтаар 85 дугаар барианд орлоо.

Хүндийг өргөлт: Хүндийг өргөлтийн манай улсын хоёр тамирчин өрсөлдсөн. Эмэгтэйчүүдийн 69 кг-ийн жинд хүч үзэж буй Монголын тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг огцом өргөлтөөр 106, түлхэлттэй өргөлтөөр 131 өргөж нийлбэр 237 оноотойгоор наймдугаар байрт бичигдсэн. Мөн энэ төрөлд өрсөлдсөн тамирчин Ө.Чагнаадорж огцом өргөлтөөр 103 кг-ийг захиалсан боловч гурван оролдлогоор гүйцэтгэж чадалгүй ангилалдаа сүүлийн байр эзэллээ.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2016-08-23 10:59:36
    Yavsan buh tamirchdaar tangarag urguuleh baij dee
  • zochin 2016-08-23 08:59:11
    Olon erh avah ni sonin bish boljee.Olon oron oroltsson bolj haragdyylah marketing baisan ni todorhoi bna.Yhaantai,tsuuhun tamirchin dasgaljuulagch oroh ni zuv.