Я.Байгалмаа: 765 хүүхэд харагч бэлтгэсэн
Хүүхэд харах үйлчилгээний талаар Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Я.Байгалмаагаас зарим зүйлийг тодрууллаа.
 
-Хүүхэд харах үйлчилгээ хэрэгжиж эхлээд нэлээд хугацаа өнгөрсөн байна. Энэ жил хэчнээн хүн үйлчилгээний эрх авсан бэ?
 
-“Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль” энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Уг хуулийг хэрэгжиж эхэлснээс хойш дөрвөн сарын хугацаанд хуулийн бэлтгэл ажлыг хангаж ажилласан. Ингээд  тавдугаар сард анхны үйлчилгээгээ үзүүлж эхэлсэн.  Өнгөрсөн хугацаанд нийслэлийн хэмжээнд 765 хүүхэд харагчийг бэлтгэлээ. Сургалтад хамрагдсан 765 хүүхэд харагчаас 389 нь байрны дүгнэлтээ гаргаж өгсөн. Эдгээр хүмүүс үйл ажиллагаагаа эхлүүлсэн байгаа.
 
-Улсын цэцэрлэгүүд зун амарсан шүү дээ. Гэтэл зун ажилладаг хүмүүс байдаг. Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчид зун ажилласан уу?
 
-Улсын баяр наадам, АСЕМ болон зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчид зургадугаар сарын 1-нээс эхэлж амарсан. Есдүгээр сарын 1-нээс хэвийн үйл ажиллагаагаа явуулж эхэлнэ.
 
-Энэ хичээлийн жилд хүүхэд харах үйлчилгээнд хэчнээн хүүхэд хамрагдах боломжтой вэ?
 
-Энэ жил 765 хүүхэд харагчийг бэлтгэсэн гэж би түрүүнд хэлсэн. Тэгэхээр улсын болон хувийн цэцэрлэгт хамрагдаж чадаагүйгээс болж гэртээ харах хүнгүй ганцаараа үлддэг нийт 3000 орчим хүүхэд уг үйлчилгээнд хамрагдах боломжтой. Ирэх сарын 1-н гэхэд 3000 хүүхэд сургуулийн өмнөх боловсролыг хүүхэд харах үйлчилгээгээр дамжуулан авах юм. Мөн Хүн амын хөгжил, нийгэм хамгааллын яамнаас 2015-2016 онд нийслэлийн хэмжээнд 5913 хүүхдийг хүүхэд харах үйлчилгээнд хамруулах квот өгсөн байдаг.
 
-Зарим нь үйл ажиллагаа­гаа явуулж эхэлсэн гэлээ. Одоогийн байдлаар хэчнээн хүүхэд хамрагдаад байна вэ?
 
-Одоогийн байдлаар 389 хүүхэд харах үйлчилгээнд нийслэлийн хэмжээнд нийт 1885 хүүхэд хамрагдсан. Есдүгээр сарын 1 гэхэд 3000 хүүхэд болно.
 
-Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчид хэдэн хүүхэд авах боломжтой вэ?
 
-“Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль”-д хүүхэд харагч нь бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, хүүхэд харах үйлчилгээний тусгай сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан 18-65 насны Монгол Улсын иргэн байна гэж заасан. Мөн нэг иргэн таваас дээш хүүхэд харахгүй. Гурван иргэн хамтраад нэг дор 15 хүүхэд харж болно гэж  хуулийн зохицуулалт хийж өгсөн байдаг. Тэгэхээр нэг хүүхэд харагч доод тал нь таван хүүхэд л харна гэсэн үг.
 
-Хүүхэд харах үйлчилгээ эрхлэхийг хүсч буй иргэд байгаа. Тэр хүмүүс яаж уг үйлчилгээг эрхлэх эрх авах вэ?
 
-Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага олгоно. Тусгай зөвшөөрөл олгох эсэх тухай асуудлыг 14 хоногийн дотор шийдвэрлэх юм. Гэхдээ үйлчилгээ эрхлэгчид сургалтад суух ёстой. Үүний дараа үйлчилгээ явуулах байраа бэлдэнэ. Тэгж байж тусгай зөвшөөрөл авах тухай асуудал яригдах юм. Мөн үйлчилгээг эрхэлж буй хуулийн этгээд Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг дахин сэргээх эрхгүйгээр хүчингүй болгох хуулийн зохицуулалт бий.
 
-Хэдэн настай хүүхдүүд хамрагдах боломжтой вэ?
 
-Цэцэрлэгийн наснаас ерөнхий боловсролын сургуульд орохоос өмнөх насны хүүхдүүд хамрагдана. Тодруулбал, 2-7 настай хүүхдүүд хамрагдах боломжтой.
 
-Зарим эцэг, эхчүүд хүүхэд харах үйлчилгээний байрны асуудалд анхаарч байна. Байр ямар байх ёстой юм бэ?
 
-Хүүхэд харах үйлчилгээ явуулах зориулалтаар үйл ажиллагаа эрхэлж буй иргэний байр нь түрээсийн байр, зээлийн байр, гэр байж болно гэж хуульд заасан. Өөрөөр хэлбэл, хүүхэд харах төвүүд түрээсийн, зээлийн байр, монгол гэрт үйл ажиллагаа явуулж, хүүхэд хүлээн авч болно гэсэн үг. Харин үйл ажиллагаа явуулж байгаа байр нь хүүхдийн амь нас, эрүүл мэндэд эрсдэлгүй, хүүхэд аливаа болзошгүй сөрөг нөлөөлөл, үйлдлээс хамгаалагдсан хэвийн нөхцөлийг хангасан байх нь чухал юм. Мөн үйлчилгээний байр нь хүүхэд амрах, тоглох, гар угаах, бие засах газар, гал тогоотой байх ёстой. Хэрвээ гэрт зохион байгуулах тохиолдолд гал тогооны тусдаа гэртэй байхаас гадна гэрийн халаалт, гэрэлтүүлгээс хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, гэрт ил задгай зуух, халаалтын хэрэгслийг хүүхдээс тусгаарлах ёстой.
 
Монголын мэдээ
Н.Батзаяа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.