Шөнийн үйлчилгээ хэрэгтэй байна

Нэг саяас дээш иргэнтэй хотыг “мега хот” гэдэг жамаар Улаанбаатар ч “мега хот” гэдгээ зарлаад байсан. Нэгэнт , нэг сая гаруй хүн амтай “мега хот” учир нийтийн тээвэр нь дэлхийн том хотуудын ерөнхий жишигт хүрсэн байх ёстой. Гэвч манайд энэ асуудал бараг орхигдсон гээд хэлчихэд хилсдэхгүй. Бараг гэсний учир нь Э.Бат-Үүл хотын дарга байхдаа хараалгаж, ерөөлгөн байж, нийтийн тээврийн үйлчилгээнд “Ухаалаг систем”-ийг нэвтрүүлснээр автобусанд суух гэж алаан болдог үе өнгөрсөн. Гэхдээ одоо нийтийн тээвэрт үүнээс өөр гялайж гялтайх юм алга. Энэ өөчлөлтийг хийхэд бүх зүйл сайхан байгаагүй гэдгийг хүн бүр мэдэж байгаа.
 
Анх төв замын нэгдүгээр эгнээг автобусанд чөлөөлж өглөө гээд бас л хараал ерөөл болж байсан. Дараа нь цахим төлбөрийн системд шилжлээ гээд мөн л хэл ам дагуулж байсан. Хэл ам, хараал уцаартай эхэлсэн шинэчлэлийн үр дүнд одоо харин нийслэлийн иргэд, уур уцаар багатай нийтийн тээврээр үйлчлүүлэх болсон нь үнэн. Гэрэл гэгээтэй буудлаас тохилог цэвэрхэн автобусанд суугаад, кондукторт хараалгаж, чичлүүлэлгүй картаа уншуулаад, нэгдүгээр эгнээгээр сүнгэнээд л хүрэх газраа хүрчихэж байна. Энэ бол их хотын өдрийн амьдрал.
 
Тэгвэл Улаанбаатарын иргэд оройн 21:00 цагаас эхлээд явгардаг бүрхэг байдал хэвээр байна. Уг нь 2015 онд “Шөнийн нийтийн тээвэр’’-ийн эхлэлийг тавьсан.
 
Тодруулбал, түлшээр бус цахилгаанаар явдаг троллейбусыг шөнийн цагаар үйлчилгээнд явуулсан нь энэ. Гэтэл “Иргэд үйлчлүүлэхгүй байна” гэх шалтгаанаар нэг их удалгүй уг үйлчилгээ зогсчихсон. Учир нь иргэдэд хамгийн их хэрэгтэй чиглэл бус зөвхөн төв замаар явдаг чиглэлд явуулсантай шууд холбоотой. Гэтэл худлаа үнэн тохилог орон сууцанд буюу нийслэлийн А зэрэглэлд амьдарч байгаа хүмүүс юу гэж л тэр автобусаар үйлчлүүлэх билээ. Өөрийн гэсэн машинтай буюу боломжийн амьдралтай хүмүүс байх нь ойлгомжтой.
 
Хэрвээ тухайн үйлчилгээг гэр хорооллын чиглэл буюу Долоон буудал, Ханын материал, Зүүн салаа, Баянхошуу, Толгойт, Баруун, Зүүн салаа, Нисэх, Орбит, Тахилт гээд хамгийн их хүн үйлчлүүлж болох чиглэлд явуулсан бол өөр хэрэг. Магадгүй өдөр үйлчлүүлдгээс ч их хүн суух магадлалтай.
 
Харин эдгээр чиглэлд одоо өнөөх насжилт нь дууссан хэмээн үйлчилгээнээс “хөөгдсөн” микро автобусууд хулгайгаар үйлчилж байв. Нэг талаар эдгээр микро автобусны кондукторуудыг амандаа багтсан үнээ хэлж, иргэдийг элдэв янзаар загнаж, доромжилдог гэх шүүмжлэл дагадаг ч нөгөө талаар шөнийн цагаар явгарчихдаг, таксины мөнгөгүй иргэдийг “хямд үнэ”- ээр гэрт нь дөхүүлдэг “буянтай хүмүүс” гэлтэй.
 
Гэвч хулгайн микронууд хусагдсанаас хойш дээр нэрлэсэн гэр хорооллын иргэд гэртээ харих унаагүй болж, ганц ирсэн микронд гар хөлөө чилтэл ч хамаагүй зогсоогоороо үйлчлүүлж байна. Төрийн албаныхнаас бусад нь ажилласан цагаараа хөлсөө авах гэж улайрч хөдөлмөрлөсөөр 22:00 цаг дөхүүлээд тарж байгаа ч хүн их бий. Гэтэл нийтийн тээврийн том оврын автобусууд 22:00 цагтай уралдаад буучихаар хүмүүс явгарахаас ч яах вэ дээ.
 
Дээрээс нь нийслэлчүүд үүрийн 04:00 цаг хүртэл унтахгүй байх “эрхийн бичиг”- тэй болчихсон. Өөрөөр хэлбэл, нийслэлийн Засаг даргын захирамжаар согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл бүхий үйлчилгээний газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг шөнийн 04:00 цаг хүртэл болгосон.
 
Тиймээс ч толгой өндийх завгүй өдөржин ажилласан залуус ажлын стрессээ тайлахаар эдгээр газарт найз, нөхдөөрөө уулзаж, суудаг болоод байгаа. Мэдээж манай Улаанбаатар томоохон хот болон өргөжиж байгаа учраас үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд иргэдийн өөрсдийн ажил амьдрал эрс өөрчлөгдөж байгаа гэдгийг мэдэхгүй хүн байхгүй. Иймээс аль ч талаа бодсон, нийтийн тээврийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Мандуулна, жаргаана гэсэн хүмүүс энэ мэт асуудалдаа анхаарчихвал ядарсан иргэд чинь талархах нь дамжиггүй.

Монголын мэдээ
Ж.Отгонмягмар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Кондуктор авгай нараараа автобусаа цэвэр 2016-08-22 02:24:03
    Кондуктор авгай нарт цалин өгөх гээд урд сандал бөглүүлж суулгаад давхидаг болж энэ автобуснууд. Цалинжуулах гээд байгаа бол автобусны цэвэрлэгч болгооч ээ.
    203.169.51.210
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-08-22 01:02:07
    Микронууд хасагдсан гээд байсан. Лав л III-IV хорооллоор пиг явж байна. Хойгуур явдаг байсан микронууд гэгээн цагаан өдөр урдуур давхилдаад хашгиралдаад л явна...
    103.212.119.88
    Мэдэгдсэн Хариулах
  • UB- chuud 2016-08-22 00:30:32
    20.00 tsagaas hoish unaa oldohgyi boldog shyy!!! konduktor aa boliulmaar yum, bolison baisan odoo heden avgai nar yavdag bolson baina !
    103.229.122.145
    Мэдэгдсэн Хариулах