Рио 2016: Олимпийн наадмын 12 дахь өдөр чөлөөт бөхийн тэмцээн эхэллээ
Хүн төрөлхтний спортын их баяр цэнгэл  зуны олимпийн 31 дэх наадам 12 дахь өдрөө Бразил улсын Рио Де Жанейро хотноо үргэлжлэн явагдаж байна. Манай баг тамирчдын тухайд жүдо бөх, байт харваа, бокс, буудлага, хүндийг өргөлт, эмэгтэйчүүдийн марафон, усанд сэлэлт зэрэг спортын төрлүүдэд олимпийн наадмын эхний өдрүүдэд амжилттай оролцож, тэмцээнээ дуусгаад байгаа билээ. Одоогийн байдлаар Монголын баг тамирчид нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байгаа юм. Тэгвэл Монголын ард түмний итгэл найдварыг тээж буй Чөлөөт бөхийн шигшээ багийнхны тэмцээн өнөөдөр эхэллээ. Тэмцээний хуваарь ёсоор өнөөдөр эмэгтэйчүүдийн 48, 58, 69 кг-д аваргууд тодорлоо. Манай улсаас 48 кг-д хараахан олимпийн эрхээ аваагүй бөгөөд 58 кг-д ОУХМ П.Орхон, 69 кг-д МУГТ О.Насанбурмаа нар Риогийн дэвжээнд хүч үзлээ.

58 кг-д хүч үзсэн П.Орхоны хувьд Болгарын Мими Христоватай нэгдүгээр тойрогт таарч барилдлаа.  Манай бөх тун сайн барилдаан үзүүлж онооны давуугаар /7:4/ ялалт байгуулж шөвгийн 16-д шалгарсан. Харин  шөвгийн 16-д ДАШТ-ий мөнгөн медальт ОХУ-ын алдарт бөх Валериа Кобловатай барилдаж, оноогоор цэвэр ялагдсан. Улмаар манай бөхийг ялсан ОХУ-ын бөх финалд шалгарсанаар П.Орхон дагах барилдаан хийх эрхтэй болж, дагах тойргийн эхний барилдаанаа Германы бөхтэй хийж, илт давуу  барилдааныг үзүүлж, оноогоор цэвэр ялсан. Ингээд дагах тойргийн дараагийн барилдаандаа ялалт авсан тохиолдолд хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болох байсан ч харамсалтай нь Энэтхэгийн бөх Малик Шакшитай хийж 3:2 харьцаатай ялагдаж, энэ удаагийн олимпийн наадмыг өндөрлүүллээ.



Эмэгтэйчүүдийн 58 кг-д хүч үзсэн П.Орхонд  спорт сонирхогчид нэлээд өндөр найдлага тавьж байсан юм. Түүний хувьд олимпийн наадмын гурван удаагийн аварга, Дэлхийн арван удаагийн аварга Японы домогт бөх К.Ичогийн дараалсан ялалтыг зогсоож шуугиан тарьсан билээ. Манай тамирчин П.Орхон тун дайчин зоригтой барилдаан үзүүлэн ялагдал гэгчийг мэддэггүй япон аваргыг буулган авч Иван Ярыгиний гран пригийн аварга болж байсан. Монголын ард түмэн П.Орхоноос  яг энэ үзүүштэй, дайчин барилдааныг Риогийн дэвжээнд үзүүлэхийг хүлээж, дээлийнх нь захыг мушгиж суусан ч манай бөх дагах тойргийн барилдаандаа ялагдаж, харамсалтайгаар олимпийн наадмыг дуусгалаа. Түүний хувьд анхныхаа олимпийн дэвжээнд гарч зодоглосон билээ.



69 кг-д хүч үзсэн МУГТ О.Насанбурмаагийн хувьд энэ өдөр өрсөлдөгчдөөсөө тун илүү барилдаан үзүүлж байсан ч барилдааны төгсгөлөө тун хангалтгүй хийж, шийдвэрлэх барилдааны эцсийн мөчид оноо алдсанаар олимпийн наадмыг өндөрлүүлсэн. Манай бөх эхний тойрогт гоц мөргөсөн бөгөөд хоёрдугаар тойрогт Тайванийн бөхтэй учраа таарч барилдан ялалт авсан. Улмаар  гавьяат тамирчин О.Насанбурмаа  шөвгийн наймд үлдэх  эрхийн төлөөх хариуцлагатай барилдааныг ОХУ-ын бөх Наталья Воробеватай хийсэн билээ. Зургаан минутын турш хоёр бөх эн тэнцүү тун сонирхолтой  барилдааныг  үзүүлсний эцэст  манай бөх  цаг дуусах мөчтэй зэрэгцэн  хоёр оноо алдаж, ялагдал хүлээсэн.  Манай бөхийг ялсан Наталья Воробева финалд шалгарсанаар  манай бөх дагах барилдаан хийх эрхтэй болсон юм. Улмаар дагах тойргийн барилдаана Казахстаны бөхтэй хийлээ. Манай бөх эхний үед 2:0 харьцаатай хожиж байсан ч  хоёрдугаар үед  хоёр оноо алдаж улмаар цаг дуусах мөчид манай дасгалжуулагч челленж шидсэн ч  манай бөхөд оноо өгөөгүй тул өрсөлдөгч Казахстаны бөх 3:2 харьцаатай ялалт байгуулж, тэмцээнийг цааш үргэлжлүүлэх эрхтэй болсон юм.



МУГТ О.Насанбурмаагийн хувьд анх удаа олимпийн наадамд зодоглож байгаа билээ. Тэрбээр өнгөрсөн онд АНУ-ын Лас Вегас хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ-ээс  олимпийн наадмын эрхийг хүртсэн юм.

Б.Сансар
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.