Ширэн бээлийтнүүдийн сүүлчийн найдвар Эрдэнбатын Цэндбаатар
Спортын их баяр цэнгэл зуны 31 дэх удаагийн олимпийн наадам Бразил улсын Рио Де Жанейро хотноо үргэлжлэн явагдаж байна. Олимпийн наадмын эхний өдрүүдэд боксын  тэмцээн уралдаан явагдаж, өндөрлөх шатандаа ороод байна. Энэ удаагийн олимпийн наадамд манай улсын зургаан  шилдэг ширэн бээлийтэн олимпийн наадмын рингэд гарч тулалдлаа. Тэднээс хоёр нь эхний даваанд ялагдаж, тэмцээнийг өндөрлүүлсэн бол хоёр нь гуравдугаар тойрогт буюу шөвшийн наймд шалгарч үлдсэн  харамсалтайгаар тэмцээнийг өндөрлүүлээд байгаа билээ. Харин эрэгтэйчүүдийн 60 кг-д өрсөлдсөн ОУХМ, Азийн наадмын аварга, Ази тивийн аварга Доржнямбуугийн Отгондалай  ээлж дараалсан гайхалтай ялалтуудыг авч  олимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн.

Тэгвэл өнөө шөнө ОУХМ Эрдэнэбатын Цэндбаатар хүрэл медалийн төлөө хүч үзэхээр шалгарч үлдээд байна. Түүний хувьд эхний тойрогт Кенийн тамирчинг 3:0-ээр, удаах даваанд Беларусын Д.Асанаутыг 2:1-ээр ялж, шигшээ наймд шалгарсан. Өнөөдөр тэрээр хүрэл медалийн төлөө АНУ-ын боксчин Стивенсонтой 23.45 минутад тоглоно.

Тэрбээр боксын спортоор  ердөө найман жил  хичээллэж байгаа ч  таван тивийн 200 гаруй улсын зөвхөн шилдэг ганц  нь л өрсөлддөг олимпийн наадам эх орноо төлөөлөн анх удаа оролцохдоо медалийн төлөө шалгарч үлдээд байгаа билээ. Өдгөө 19-хөн настай манай тамирчны хувьд Бээжин 2008 олимпийн наадмаас Э.Бадар-Ууган, П.Сэрдамба  хоёрыг алт, мөнгөн медаль хүртэхийг телевизээр харж суухдаа энэ спортод дурлаж, улмаар хичээллэж эхэлсэн олон хүүхдүүдийн нэг нь юм. Гэсэн хэдий ч өөрийн зорилгодоо чин үнэнчээр хичээнгүйлэн зүгтгэж, хэдхэн жилийн дотор өндөр амжилтыг үзүүлсэн нь Монголын үе үеийн шилдэг ширэн бээлийтнүүдийн тулалддаг байсан олимп, дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж байсан 56 кг-д  өдгөө ч амжилттай тулалдсаар байна.

Энэ жингийн шилдэг амжилтыг үзүүлсэн МУГТ Н.Төгсцогтыг мэргэжлийн боксын рингийг сонгоход түүний орыг хэн залгах вэ гэдэг асуулт Монголын боксын холбооныхны санааг чилээж  эхлэхэд Э.Цэндбаатар  номер нэг сонголт байлаа. Тэрбээр улсынхаа аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа түрүүлж,  өсөх ирээдүйтэй гэдгээ спортынхон дунд төдийгүй олон түмэнд таниулж чадсан билээ. Тэрбээр энэ онд Химийн цомын аварга,Чехийн ОУ-ын Гранпри  тэмцээнээс алтан медалт хүртсэн юм.
Б.Сансар
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.