АНУ, Туркийн харилцаа хурцадсаар байна

Туркэд цэргийн эргэлт хийхийг завдсанаас хойш яг нэг сарын хугацааг үдээд байна. Туркийн Засгийн газрын хувьд цэргийн эргэлтийг лалын хэт даврагч бүлэглэлийн удирдагч, шашин судлаач нэрт сэтгэгч Гюлен Фетхуллахыг хөшигний араас удирдсан хэмээн хардаж, түүний орогнож буй АНУ-аас түүнийг өөрийн улсын талд шилжүүлэн өгөхийг шаардсан.
 
Гэвч АНУ-ын тал одоогийн байдлаар эл асуудалд тодорхой хариулт өгөхөөс татгалзах болсноор хоёр улсын харилцаа улам бүр муудсаар байгаа юм. Хоёр улсын найрамдалт харилцаанд нөлөөлөхөд хүргэсэн дээрх хэргийг Туркийн цэргийн зарим албан тушаалтнууд өдүүлж, төрийн эргэлт хийхийг завдсан ч хотын иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсны улмаас хагас өдрийн дараа бүтэлгүйтлээр төгссөн. Энэ үеэр нийтдээ 240 хүн амь үрэгдсэн бөгөөд тэдний дунд хотын гэм зэмгүй иргэд олноороо багтаж байжээ.
 
Тэгвэл энэ явдлаас яг нэг сарын хугацаа өнгөрч буй энэ үед Туркийн хамгийн том хот Истанбулын төмөр замын буудалд хохирогчдын хөрөг зураг өлгөгдөж, цэргийн эргэлтээс ардчиллаа хамгаалан үлдсэн баатарлаг үйлсийн бэлгэдэл болж байна. Цэргийн эргэлттэй холбоотойгоор эдүгээг хүртэл 20 гаруй мянган цэргийн алба хаагчид баривчлагдан саатуулагдаж, харин гол удирдагчийг нь Гюлен хэмээн хардаж буй Туркийн эрх мэдэлтнүүд Нэгдсэн улсад удаа дараа шаардлага хүргүүлсээр байгаа тухай албаны эх сурвалж мэдээлжээ.
 
Гэвч шашин судлаач Гюлен цэргийн эргэлт дэх өөрийн оролцоог үгүйсгэж байгаа бөгөөд АНУ-ын Засгийн газар Туркийн талын нотлох баримтыг хянан үзсэн ч эдүгээг хүртэл хариу өгөөгүй байна. Ийм нөхцөл байдалд Нэгдсэн улсын дэд Ерөнхийлөгч Иосеп Байден энэ сарын 24-ний өдөр Туркэд албан ёсны айлчлал хийхээр болсон. Түүний айлчлалын үеэр Гюленыг Туркийн талд шилжүүлэх эсэх талаархи асуудал яригдана гэж олон улсын шинжээчид таамаглаж байгаа юм. Гэвч хоёулаа Умард Атлантын цэргийн эвсэлд харьяалагдах холбоотон улсууд лалын хэт даврагч бүлэглэлийн эсрэг тэмцэлд харилцан зөрүүтэй бодлогыг баримталж буй нь хоёр улсын харилцаа хурцдахад нөлөөлсөөр байна.
 
Туркийн Засгийн газар Гюлены шашны бүлэглэл олон жилийн турш цэрэг, төрийн байгууллага, боловсролын байгууллагад шургалж, улсын бүх эрх мэдлийг гартаа авахаар зэхэж байсан хэмээн буруутгаж байгаа. Улмаар түүний ойрын хүмүүсийг цэвэрлэхийн тулд өнгөрсөн сард онц байдал тогтоож, 80 гаруй мянган төрийн албан хаагчийг ажлаас нь халж, их сургууль гэх мэт боловсролын байгууллагаас гадна телевиз, сонин сэтгүүл зэрэг хэвлэл мэдээллийн 130 гаруй байгууллагын үйл ажиллагааг зогсоожээ. Ямартай ч, Гюлентай холбоотойгоор хоёр улсын харилцаа муудаж байгаа ч, АНУ-ын тал ямар нэг тоймтой хариу өгөхгүй байгааг зарим ажиглагчид хэд хэдэн шалтгаантай холбон тайлбарлаж байгаа юм.
 
Нэгдүгээрт, хууль эрхзүйн орчин. Төрийн нарийн бичгийн дарга Жон Керригийн хэлж буйгаар тухайн сэжигтнийг гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь баттай нотлох баримтаар тогтоогдоогүй байхад баривчлан хорихыг тус улсын хуульдаа хориглосон байдаг аж. Гэхдээ Керри Гюлены гэм буруутай гэж үзэх нотлох баримтыг Туркийн тал үзүүлсний дараа ямар нэг мэдэгдэл хийгээгүй байгаа юм.
 
Хоёрдахь нь хүмүүнлэгийн үйл ажиллагаатай холбоотой. Улс төрийн шахалт хавчлагаас үүдэн орогнол хүсч, тухайн улсад байрлаж буй иргэнийг эх оронд нь шилжүүлэх нь хүмүүнлэгийн үйл ажиллагаанд харшлана гэж үзэж буй гэнэ.
 
Харин гурав дахь шалтгааны тухайд шашинтай холбосон бол дөрөв дэх шалтгааныг улстөрийн бодлоготой холбон тайлбарласан байна.
 
Эрдоганы Засгийн газар зургадугаар сарын сүүлчээс эхлэн ОХУ-ын Ерөнхийлөгчтэй харилдаагаа сайжруулж, Лалын улс бүлэглэлийн эсрэг тэмцлээс АНУ тэргүүтэй барууны орнуудыг шахах болсон нь нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй гэнэ. Ямартай ч, энэ сарын 24-нд болох АНУ-ын дэд Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр дээрх асуудал хөндөгдөж магадгүй байна.


Монголын мэдээ
Б.Даваа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.